Өнөөдөр Тедди Ринье болон Н.Түвшинбаяр аваргын өдөр

Жүдо бөхийн дэлхийн аваргын түрүүг долоон удаа хүртсэнээрээ түүхэн дээд амжилт тогтоосон, олимпийн аварга амьдаараа домог мэт хүндлэгдсэн супер од Тедди Ринье өнөөдөр барилдана. Тэрээр +100 кг-ын жинд Астанагийн дэвжээнд гарна. Мэдээж хэрэг жиндээ чансаагаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр. Өнөөдөр зөвхөн түүний барилдахыг харах гэж Астанагийн Алау ордонд очигсод олон, дэлхийн өнцөг булан бүрт телевизийн дэлгэцээ ширтэн суугаа спортын хорхойтнууд үй түм.

Монголчуудын хувьд ч мөн адил Тедди Ринье хэзээний танил нэгэн тул монгол жүдочдоосоо дутахгүй түүний барилдааныг шимтэн үзэх монголчууд олон юм. Өнөөдөр яах аргагүй түүний өдөр өө.

Мөн өнөөдөр Астанагийн дэвжээнд монголчуудын хайртай бөх олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр гарна. Аваргаа ойрд дэлхийн хэмжээний тэмцээнд зодоглохыг хараагүй монголчууд хийморио сэргээх гэж цэнхэр дэлгэцийнхээ урд тухлах нь тодорхой. Өнөөдөр манай бөх жиндээ чансаагаараа эхний 20-р байранд бичигдэж байгаа.

Аварга маань 31-тэй, ид дэлхийн дэвжээнд барилдаж, гялалзаж яваа бөхчүүдээс арваад насаар ах болжээ. Тиймээс гадныхан Н.Түвшинбаярыг ирээд медаль авчихна гэж төдийлөн ойшоохгүй байгаа. Гэсэн хэдий ч түүнд бид найдлага тавьдаг. Тэр ч ард түмнийхээ итгэлийг алддаггүй. Ер нь тэгээд аварга ялагдсан ч, хожигдсон ч ард түмэн нь түүнд гомддоггүй зүгээр л өдий хүртэл Монголоо чимж дэлхийн дэвжээнд гарсаар байгаад нь баярлаж суудаг юм. Тиймээс өнөөдөр яах аргагүй Н.Түвшинбаярын өдөр өө.

+100-д дэлхийн одыг харж баясая, -100 кг түмнийхээ аваргыг харж цэнгэе.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ