Дэлхийн газарзүйн нээлтийг монголчууд эхлүүлсэн
Оросын ”Газарзүйн товч нэвтэрхий толь бичиг” гэдэг таван боть номын I ботийн 307-р хуудсанд “Европын жуулчдын 15-17 -р зуунд хийсэн нээлтийг газарзүйн их нээлт гэж нэрлэсэн байдаг” гэжээ. Энэ үеийн газарзүйн нээлт нь далайгаар аялан хийсэн байдаг нь дараахь өгүүллээс харагдана. Харин заавал Европчуудын далайгаар аялсан нээлтийг л их нээлт гэж үзэх юм уу гэдэг асуудал гарна. Том эх газрын гүнд аялсан явдлыг газарзүйн их нээлтэд тооцмоор санагдах юм.
МЭӨ 300-аад онд хийсэн Грекийн Македоны Александр, МЭӨ 200 -аад оны үед хийсэн Хүннүчүүдийн аяллыг ярихаа больё гэхэд XIII зууны үед Монголчуудын хийсэн Төв Азиас Төв Европ хүртэл аян дайны замналыг газарзүйн их нээлт гэж хүлээн зөвшөөрч болох байх. Эрт цагт явсан аялсан жуулчид нээлт хийе гэхээсээ нутаг эзлэн авья гэдэг зорилгыг их агуулдаг байсан нь мэдэгддэг.
Манай Ерөнхийлөгч П.Очирбат Германд анх айлчлахад германчууд 1240 онд Лигницад болсон тулалдааныг манай Ерөнхийлөгчид сануулж байсан удаа бий. П.Очирбат Ерөнхийлөгч хариуд нь юу гэж хэлсэн нь хэвлэлд гараагүй. Хариуд нь үг хэлэх бэлтгэлгүй явж очсон ч байж магадгүй.
Монголчууд дэлхийн газарзүйн шинжлэх ухаанд дэлхийг таньж мэдэхэд ямар хувь нэмэр оруулсныг өргөн олонд сонсгох талаар “Ардын эрх” сонины 1993 оны 3 сарын 20-ны №44-т нийтлүүлсэн “Колумб, Магелланаас хамаагүй өмнө…” гэдэг өгүүллээ дахин хэвлүүлэв. Энэ мэдээлэл бол Монголчуудын бахархал болох ёстой баримт юм.
КОЛУМБ, МАГЕЛЛАНААС ХАМААГҮЙ ӨМНӨ…
Чингисийн их эзэнт улсын үед монголчууд Японоос төв Европ хүртэл 10000 орчим км, Баруун Сибирь, Баргужингаас Зүүн өмнөд Ази, Ява арал хүртэл 8000 орчим км-ыг хамарсан өргөн уудам нутагт хөл тавьж, хүн төрөлхтөнд эдгээр газар орны тухай, өөрсдийнхөө тухай мэдээ хүргэсэн үнэн түүхтэй.
Энэ бол дэлхийн газарзүйн их нээлт гэж нэрлэгддэг Италийн Х.Колумб 1492 онд Америк тивийн эрэгт хүрсэн, Португалийн Васко да Гама 1497 онд далайгаар Энэтхэгийн эрэгт анх очсон, Ф.Магеллан
1519-1522 онд анх дэлхийг тойрсон аяллыг оруулаад үндсэндээ XVII зуунд Европоос дэлхийн бусад газар нутагт хүрч очсон явдлыг хамруулан үздэг аялал жуулчлалаас багаар бодоход 250 жилийн өмнөх хэрэг билээ. Тэр үед монголчууд дэлхийн зүүн хагасыг бараг бүтнээр нь мэддэг байж. Тэр ч бүү хэл, «одоогоос түм гаруй жилийн өмнө Америк тивийг монголчууд нээсэн…» гэж сэтгүүлч С.Жамбалдоржийн хэлж байгаа нь ч оргүй зүйл биш байх.
Эртнийхийг нь ярихаа больё гэхнээ XIII зууны үеийн монголчуудын газар дэлхий, улс орны тухай мэдлэгийг газарзүйн их нээлтийн үеийнхтэй харьцуулж арай тодруулж үзвэл сонин баримт харагдаж байна.
Монголд 1246 онд ирсэн Италийн Плано Карпино, 1256 онд ирсэн Марко Поло нарыг Монголын тухай мэдээг Европынхонд анх хүргэсэн гэж боддог хүн байдаг. Энэ бол буруу юм. Тэр үөд монголчууд хол ойр явж, газар үзэж нүд тайлсан ард түмэн байв. Чингис хаан Азийн газар нутгийг нэвтэрхий мэддэг байсан нь Хасарт газар зааж өгснөөр харагддаг. Тэрбээр «…далайн хөвөөгөөр хижин явж, Бэйгин хэмээх хойд нийслэлд буугаад тэр хотыг дагуулж түүнээс цааш зүрчидийн Фухануг дайран одож… Ула-Нау мөрнийг гатлан одож, Тоур голыг өгсөж Хянганы давааг давж Их аураг ордонд нийлэн иртүгэй» (МНТ 253 дугаар зүйл) гэсэн байдаг. Далайн хөвөө гэж байгаа Шар тэнгисийн эрэг нь Их аурагаас даруй 1400 орчим км зайтай газар,
Өөр хэдэн баримт дурдъя
Зэв, Сүвээдэй нар 1223 онд Азовын тэнгис, Крымын хойг, Киев хотод хүрч улмаар Карпиног илгээсэн Итали орны оршдог Адриатын тэнгисийн эрэгт Карпиног наашаа гарахаас дөрвөн жилийи өмнө буюу 1241 онд очсон. Тэд ийнхүү Монголд В.Рубрукийг ирэхээс 15, Марко Полог ирэхээс 30 (төрөхөөс нь 13) жилийн өмнө Төв Европт хөл тавьж тэнд удаан хугацаагаар байсан билээ.
Чингисийн ач хүү Батхаан 1238 онд Москва, Новгород хотод очсон. Энэ бол Оросоос Монголд анх 1616 онд В.Тюменөцийг ирэхээс 378 жилийн өмнөх хэрэг. Ийнхүү монголчууд өөрсдийнхөө тухай мэдээг өөрсдөө Европынхонд анх хүргэсэн юм.
Одоо монголчууд Ази тивээр хэрхэн явж хэдийд, хаана очсоныг үзье,
Чингисийн хүү Зүчи 1207 онд Енисей мөрөн, Баруун Сибирьт хүрсэн. Энэ үед монголчууд Баргужиныг мэддэг байсан, энэ бол Оросын жуулчид Енисейд анх 1617 онд ирэхээс 410 жилийн, мөн Оросын жуулчин К.Иванов Баргужин, Байгал далайд анх 1643 онд ирэхээс 436 жилийн өмнөх хэрэг билээ.
Чингис хаан өөрөө 1221 онд Энэтхэгт эх газраар хүрч гүн орсон, энэ нь Европоос Энэтхэгт Васко да Гама далайгаар анх очихоос 276 жилийн, Европоос Италийн жуулчин Дегоэш эх газраар анх 1603 онд очихоос 382 жилийн өмнөх хэрэг.
Монголчууд 1274 онд Японд довтолсон. Энэ бол Европоос Португалийн жуулчин Ф.Пинто Японд анх 1540 онд очихоос 266 жилийн өмнөх явдал.
Монголчууд 1280 онд Вьетнам, Бирмд хүрч очсон. Энэ бод Европоос Ф.Пинто далайгаар 1540 онд тэнд очихоос 200 жилийн, Францын М.Мальглев нар 1866 онд эх газраар очихоос 586 жилийн өмнөх хэрэг.
Монголчууд 1292 онд экватораас урагш гарч Явын арлуудад хүрсэн, Энэ бол Европоос далайгаар Италийн жуулчин Л.Вартема 1502 онд анх очихоос 210 жилийн өмнөх хэрэг бөгөөд ер нь манай эринд дэлхийн хойд хагасын эх газраас экваторыг урагшаа огтлон гарсан далайн дөрөв дэх аялал бололтой байна.
Монголчууд тэр цагт дурдсан газруудад эзэмших, эзлэх зорилготой хүрч очиж байсан нь үнэн бөгөөд европчуудын хувьд судлах, мэдэх зорилготой байсан гэдэг. Судална гэдэг бол эзэмших хүслийн илэрхийлэл билээ. Тэгвэл очсон зорилго угтаа нэг байна. Түүнээс гадна ХI-ХII зууны үед тэнгэрт хэт шинэ од үүсч, солир, сүүлт од их үзэгдэж байсныг гэрчилсэн «одтой тэнгэр орчиж» гэсэн мэдээг «Монголын нууц товчоонд» 254 дүгээр зүйлд оруулсан нь өнөөдөр шинжлэх ухаанд чухал мэдээ болох юм.
Дэлхийн бараг тэн хагас болох уудам их газарт бусдаас урьтан очиж тэдгээр нутгийг мэдэж, мэдээлж одот тэнгэрийн үзэгдлийн талаар судлан өгүүлсэн зэргийг нь хүн төрөлхтний соёл иргэншилд XIII зууны монголчуудын оруулсан их хувь нэмэр гэж үнэлэх нь зүй ёсны хэрэг ээ.
Ардын багш, доктор, профессор Ш.Шагдар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ