Муса Могушков: Олимп, Дэлхийн аваргын татамид аз гэж байдаггүй
-Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Муса Могушковтой ярилцлаа. Тэрбээр манай улсын шигшээ багийн тамирчид болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир, олон улсын хэмжээний мастер дэлхийд “Аюултай Монгол” нэрээр алдартай С.Мияарагчаа нарын хүчтэй өрсөлдөгчийн нэг юм-
Та дэлхийн шилдэг жүдоч. Нөгөөтэйгүүр Монгол Улсын шилдэг жүдочдын хүчтэй өрсөлдөгчдийн нэг?
Баярлалаа. Гэхдээ тэд ч миний хамгийн хүчтэй өрсөлдөгчид шүү дээ. /Инээв/ Ялангуяа Х.Цагаанбаатарын хувьд бид 66 кг-д гурван удаа, жин өгсөөд нэг удаа учраа таарч барилдсан. Мөн С.Ням-Очир, С.Мияарагчаатай хэд хэдэн удаа таарч барилдаж байсан.
Х.Цагаанбаатартай хамгийн сүүлд Челябинск хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таарсан?
Тийм ээ. Хоёрдугаар тойрогт барилдсан.
Манай шигшээ багийн бас л гол найдвар тавьж байсан жин. Гэтэл та вазари үнэлгээ авч манай тамирчныг ялсан?
Монгол тамирчид маш хүчтэй. Х.Цагаанбаатарыг ялсан ч, цаашлаад би барилдах тэнхээгүй болсон юм шиг санагдаж байсан. Үнэндээ их ядарсан. Энэ ядрал дараагийн барилдаанд ялагдахад хүргэсэн байх. Маш их хүч гарсан.
Миний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжилсан. Манай тамирчныг ялахад тань таныг түрүүлэх бүрэн боломжтой юм байна гэж харж байлаа?
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амрах зав гараагүй. Барилдаан дуусаад бэлтгэлийн өрөөнд дөнгөж орох дариуд л дараагийн барилдаан эхлэхэд бэлэн болсон байсан. Энэ нь нөлөөлсөн байх. Ялангуяа Х.Цагаанбаатартай барилдахад үнэхээр их хүч зарцуулсан.
Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “сюрприз” дүүрэн болсон?
Таамаглашгүй ялагдлууд уу
Тийм ээ. Тэр дундаа ОХУ-ын шигшээ багийн тамирчид нэг ч алтан медаль авч чадаагүй нь дэлхийн нийтийн сонирхлын төвд байлаа?
Жин болгонд л алтан медаль хүртэх боломжтой байсан. Гэвч барилдаанаас барилдааны хооронд амрах хугацаа бага байсан. Зөвхөн би ч гэлтгүй бүгд ядарсан байх. Монголчуудтай барилдсан барилдаан ч, тэр. 60 кг-ын жинд Мудранов, Г.Болдбаатар нар бас л бяр шавхсан барилдаан гаргасан. Танай бөхийн бэлтгэл сургуулилт сайн байсан нь дэлхийн аварга болоход нөлөөлсөн байх. Мөн танай 66кг-д барилдсан тамирчин уг нь маш сайн бөх.
ОУХМ Д.Төмөрхүлэг...?
Медаль хүртэх бүрэн боломжтой байсан. Жижигхэн алдаанаас болж БНХАУ-ын бөхөд ялагдсан. Ер нь энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний нэгээс гуравдугаар тойрогт дэлхийн шилдгүүд хоорондоо таарч байсан. Миний тооцоогоор олимп, дэлхийн медальтай 10 гаруй бөх Челябинскийн татамигаас хоосон буусан.
Жин болгоныг ярьж болохоор байна. -100 кг. Тагир Хайбулаев, Н.Түвшинбаяр, Раков нарын шилдгүүд бүгд өвдөг шороодсон. Таамаглаагүй дүр зураг медалийн тавцанд харагдсан?
Тийм ээ. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний татамид аз байдаггүйн илрэл. Н.Түвшинбаяр, Раков нарын хувьд хоорондоо учраа таарсан нь таамаг эвдсэн байх. Тагирын хувьд маш хүнд бэртэлтэй дэлхийн аваргын татамид өрсөлдсөн. Гэсэн ч, тэр шагналт тавдугаар байрт шалгарсан. Бэртэлгүй бол илүү амжилт үзүүлэх нь гарцаагүй байсан.
Ялангуяа багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баг тамирчдаа дэмжихээр ирсэн. Та бүхнээс алтан медаль хүлээж байсан нь гарцаагүй?
Японы 60,66 кг-ын жингийн тамирчид маш хүчтэй. Бид сүүлийн гурван жиндээ итгэл хүлээлгэж байсан. Гэвч болж өгөөгүй.
Нэгэнт өнгөрсөн ДАШТ-ны тухай яриагаа дуусгая. Та Кавказ нутгаас гаралтай бөх. Энэ нутгаас олон шилдэг жүдочид төрөн гарсан байдаг. Олимпын аварга Мансур Исаев, Тагир Хайбулаев, Магмедов нарын хүчтэнүүд байна?
Зөвхөн жүдо бөх гэлтгүй чөлөөт бөхийн шилдэг бөхчүүд ч энэ нутгаас төрсөн байдаг. ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын талаас илүү хувь нь энэ нутгийнх.
10 насандаа бөхийн спортод хөл тавьсан гэж сонссон. Анхны багш тань хэн гэж хүн байдаг вэ?
Миний багш И.Кодзоев гэж хүн бий. Нэгэн үед маш сайн тамирчин байсан. Бас л гэмтлийн улмаас спортоо орхиж дасгалжуулагч болсон хүн.
Анхны томоохон амжилт юу байв?
Европ тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж амжилтаа эхлүүлсэн. Үүнээс хойш олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнээр амжилтаа үргэлжлүүлж, дэлхийн аваргаас медаль хүртсэн.
2011 он. Парисын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд та 66 кг-д өрсөлдөж хүссэн амжилтынхаа үзүүрээс атгасан?
Энэ тэмцээнд зөвхөн нэг орноос хоёр тамирчин өрсөлдсөн. Тиймээс өрсөлдөөн ихтэй байсан. Би Франц, Японы хүчтэй бөхчүүдтэй барилдаж дэлхийн аваргын анхны медалиа хүртсэн. Монголын тамирчдаас Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар барилдаж байсан.
Ингэхэд олон улсын хэмжээний мастер С. Мияарагчаатай хэдэн удаа таарч барилдаж байв?
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдаж үзээгүй. Шилдэг 16 бөхийн тулаанд хоёр таарч, хоёр удаа ялагдсан.
Дэлхийд “Аюултай Монгол” нэрээр алдартай?
Өөрийн гэсэн үндсэн мэхтэй. Тэр нэг бол эцсээ хүртэл ялна. Нэг бол тэмцээн эхлээд л ялагдана. Яаж ч мэдэхээр таамаглахааргүй бөх. Харин Х.Цагаанбаатар бол өөр тамирчин. Тэр байнга медаль хүртэх тооцоонд байдаг.
2012 оны Лондонгийн олимпийн наадамд та зодоглож байсан. Анхны олимп уу?
Тийм ээ. Уг нь би чансаагаар жиндээ нэгт бичигдэж байсан. Гэвч эхний тойрогтоо ялагдал хүлээсэн. Манай хэсэгт харьцангуй сул тамирчидтай, надад өндөр боломж байсан. Гэвч нөгөө л олимпын татамид аз байдаггүй гэдэг үнэний ортой нь батлагдсан. /Инээв/ Харин Риогийн олимпын наадмын дүр зургийг арай тод, гэрэлтэй харж байна. Мөн ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн өнгөө хувиргах том зорилго тавьсан.
Сэтгэл зүй хэр өндөр тамирчин бэ?
Жин ахиад 73 кг-д анх орох үед биеийн болоод сэтгэлийн тэнхээ маш их хэрэгтэй байсан. Одоо бол дасаж байгаа. Ирэх оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Риогийн олимпын наадамд 73 кг-д хангалттай сайн дасчихсан барилдах байх.
Жин хасах харьцангуй багассан байх?
Одоо 78 кг жинтэй. Тиймээс бэлтгэлийн явцад жингээ барьчихдаг.
Манай шигшээ багийн тамирчид олимп, дэлхийн аваргаас медаль хүртчих юм бол амьдралын баталгаа нь арай дээрддэг?
Бид ч ялгаагүй. /Инээв/
2012 онд ОХУ-ын засгийн газраас олимпийн аварга болсон тамирчиндаа нэг сая ам.доллар өгч байсан шүү дээ?
Тийм ээ. Мансур Исаев, Тагир Хайбулаев тэргүүтэй жүдочид энэ мөнгийг хүртэж байсан. Хүссэн байшингаа авч, гэр бүлийнхэнтэйгээ амьдрахад хүрэлцээтэй мөнгө. Мөн амьдралын баталгаагаа бодохоос илүүтэй итгэл үнэмшлээ хүн алдаж болохгүй. Би 73 кг-ын жинд ОХУ-ын нэрийг нуруундаа үүрч татамид гардаг. Энэ нэр хүндийг баллах уу, дээш өргөх үү гэдэг надаас шалтгаална.
Сайхан хариулт байна. Ингэхэд олимпийн аварга Мансур Исаев хагалгаанд орсон гэсэн. Биеийн байдал хэр байгаа вэ?
Гэмтлийн улмаас хагалгаа хийлгэсэн. Биеийн байдал маш сайн байгаа. Удахгүй бэлтгэл сургуулилтаа эхлүүлж сайн барилдах байх.
ОХУ-ын жүдо бөхийн 73 кг-ын жинд дэлхийн шилдэг бөхчүүд эн зэрэгцэж урагшилж буй нь сайхан хэрэг. Мансур та хоёрын хоорондын өрсөлдөөныг уншигчид сонирхож байгаа нь гарцаагүй?
Тийм ээ. Бид 2007 онд 66 кг-д улсын аварга шалгаруулах тэмцээнээр хоорондоо учраа таарсан. 73кг-д жин өссөнөөс хойш нэг ч удаа таарч барилдаагүй л байна.
Хэрэв таарвал?
/Инээв/ Маш сонирхолтой барилдаан гарахыг л мэдэж байна. Харин өөр таамаг дэвшүүлж чадахгүй нь.
Дэлхийн шилдэг жүдоч гэдгээр таныг мэднэ. Могушков гэж хувь хүний хувьд хэн бэ?
Би жилийн 360 хоногийн 300 хоногт нь дэлхийг тойрч, бэлтгэлээ хийн тэмцээн уралдаанд оролцдог. Өнгөрсөн 10 дугаар сард би Сочид байсан. Сүүлийн өдрүүдэд Абу- Дабугийн гранприд өрсөлдчихөөд танай улсад ирсэн. Удахгүй БНХАУ-руу явна. Түүнээсээ эх нутагтаа очиж тав хоногийг өнгөрүүлээд буцаад Токио руу ниснэ. Ийм маягаар амьдрал үргэлжилсээр байна. Хувь хүний хувьд таван гүнжтэй амьдардаг. Угтаа дөрвөн хөөрхөн охинтой хүн л дээ.
Таны гэргий маш сайн гэрийн эзэгтэй байх?
Миний эхнэр бурхнаас надад зориулагдаад төрчихсөн хүн шиг л байдаг. Хувийн амьдралаас гадна спортын амьдралд маш том тус хүргэдэг.
Шигшээ багийн цалин хөлс таван гүнжээ сайхан амьдруулахад хүрэлцэх үү?
Мэдээж. Би сэтгэл хангалуун амьдардаг. Хангалттай цалин хөлснөөс гадна бэлтгэл хийх орчин нөхцөл, олон улсын тэмцээн уралдаанд өрсөлдөх зардал мөнгийг манай жүдо бөхийн холбооноос гаргаж өгдөг. Чи шигшээ багийн тамирчин л бол бүх зардал шигшээ багаас гаргана. Бид зөвхөн өөрсдөдөө юм худалдаж авахын тулд л мөнгө зарцуулдаг. Заримдаа энэ хэрэгцээний мөнгийг ч гэсэн бидэнд өгдөг.
Охидтойгоо цагийг хэрхэн өнгөрүүлж байна?
Бэлтгэл, тэмцээн уралдаан дууссан үед утсаа салгаад, интернетээс хөндийрч гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх гэж хичээдэг. Энэ нь ч надад маш сайхан амралт болдог.
Танд тамирчин хүнд байх дайчин, хичээнгүй зан чанарыг хэн өвлүүлсэн юм бэ?
Би бөхийн спортод 10 насандаа хөл тавьсан. Миний дасгалжуулагч жаахан байхаас минь өрсөлдөх тэмцээн, уралдааныг хэдэн сарын өмнө урьдчилж хэлдэг байлаа. Би ч, төлөвлөгөө гаргаж өөрт байгаа нөөц бололцоогоо дайчилж өөрийгөө бэлтгэсээр ирсэн. Энэ чанар 25 настай залууд өдий хэрийн амжилт гаргахад нөлөөлсөн байх.
Амжилт гаргахын хэрээр их итгэл ирдэг. Нэг үгээр та ОХУ-ын ард түмний өмнө ялагдах эрхгүй болно?
-Нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд маш их хичээх хэрэгтэй. Чи дэлхийн аварга болсон бол түүнийг батлах нь чухал. Нэг л удаа нэр хүндээ алдахад спорт чамайг хүлээхгүй ард чинь дахин нэг хүн хүлээж байдгийг санах хэрэгтэй.
Тамирчин хүн гэж хэн бэ?
Маш хариуцлагатай, үнэнч байх хэрэгтэй. Бүх зүйлд 100 хувь байх хэрэгтэй. Хүн хүнийг хуурч болно. Өөрийгөө хуурч чадахгүй. Тиймээс бэлтгэлээ, тэмцээн уралдаандаа ч амжилттай өрсөлдөж бүх тал дээр 100 хувь байх ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ