Астанагийн дэвжээ монголчуудад хатуу байна

{!!!right!!!}Эхний хоёр өдрийн байдлаар манай жүдочид шагналт тавдугаар байр хоёрыг эзлэв. ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаан явагдаж медалийн эздээ тодруулсан юм. Эдгээр жингүүдэд манай шигшээ багийн, монголчуудын гол найдварыг тээсэн жүдочид болох МУГТ М.Уранцэцэг, МУГТ Г.Болдбаатар нар барилдсан юм. Сүүлийн хоёр жилийн дэлхийн аваргаар алтан медаль хүртсэн жүдочид маань харамсалтайгаар ялагдаж медалийн тавцанд гарсангүй. Гэхдээ спорт гэдэг үргэлж өгөө аваатай, ялалт ялагдал хосолж байдаг тул аваргуудын ялагдал мэдээж хэрэг бусдадаа сургамжтай.

Тэгвэл өчигдрийн буюу ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд манай дөрвөн жүдоч гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ М.Бундмаа, ОУХМ А.Цолмон нар Астанагийн дэвжээнд гарснаас Д.Төмөрхүлэг медалийн оосроос атгаад алдсан харамсалтай барилдааныг хийсэн юм.

Хүрэл медалийн төлөө барилдаанд Д.Төмөрхүлэг маань Израйлийн жүдоч Поллакийг таван минутын турш торгуулийн үнэлгээгээр илүүрхэж барилдаад сүүлийн таван секундэд сөрж хутгуулаад юко үнэлгээ алдаж ялагдсан нь харамслаас илүүтэй шүүмжлэл дагуулж байна.

Д.Төмөрхүлэгийн хувьд хэвийгээр нас залуу боловч сүүлийн үеийн олон улсын хэмжээний бүхий л тэмцээн уралдаанд жингээ төлөөлөн оролцож байгаа хангалттай туршлага хуримтлуулсан жүдоч. Гэтэл медалийн төлөөх ийм хариуцлагатай барилдаанд ингэж хожигдоно гэдгийг туршлага дутлаа гэж арай л хэлж боломгүй мэт.

Мөн нөгөөтэйгүүр тэртээх 11 жилийн өмнө ид гялалзаж Афины олимпоос хүрэл медаль авчирч байсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Оросын жүдоч Магомедовт ердөө хэдхэн секундын дотор ямар ч барилдаан хийлгүй цэвэр тавиулж байгаа нь хэтэрхий харамсал дагуулав.

Х.Цагаанбаатарт туршлага дутлаа гэх биш дээ, зүгээр л түүнээс одоо ямар нэгэн амжилт хүлээгээд хэрэггүй болсныг л харуулж байгаа нь энэ. Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан ОУХМ М.Бундмаа, ОУХМ А.Цолмон нар юу чаддагаа харуулж сайн барилдсан. А.Цолмонгийн хувьд эхний учраа, өрсөлдөгч нараа бүгдийг ялсаар хэсгийн аваргын төлөө барилдсан.

Ингээд эхний хоёр өдөр манай долоон жүдоч Астанагийн дэвжээнд гарснаарс гавьяат тамирчин Г.Болдбаатар эрэгтэйчүүдийн 60, ОУХМ Д.Төмөрхүлэг эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд тус тус шагналт тавдугаар байр эзэлсэн юм. Астанагийн дэвжээ манай жүдочдод хатуу байна. Гэхдээ эхний өдрүүдийн барилдаан сургамж болж, дэлхийн дэвжээ хатуу гэдгийг ойлгосон манай жүдочид өнөөдрийн, маргаашийн, түүний дараагийн барилдаануудад медалийн тавцанд зогсох нь лавтай бизээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ