Ц.Шижир: Газраа өмчилж авснаар иргэдэд захиран зарцуулах эрх нь үүснэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэн 10 гаруй жилийн хугацаанд 100 мянга гаруй иргэн хуулиар олгож буй 0,05 га газраа өмчлөн авчээ. Дээрх хуулийн хүрээнд НИТХ-ын 39 дүгээр тогтоолоор нийслэлд 15309 га бүхий 52 байршилд Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өнгөрсөн оноос газар олгож эхлээд байна. Тогтоолын дагуу 52 байршилд нийт 164 620 иргэн газар өмчлөх аж.
Өмнө нь цахим хуудсанд хандан, сонгогдох зарчмаар иргэдэд гурван удаагийн газар олгосон. Нийт таван удаагийн цахим газар олголтын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Дөрөв дэх газар олголтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.
-Нийслэлд 52 байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар цахим бүртгэлээр хэчнээн иргэн газраа өмчилж аваад байгаа вэ?
-Газар өмчлөх цахим системийн ажил 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Үүнээс хойш нэг жилийн дотор дөрөв дэх ээлжийн цахим газар олголт эхлэх гэж байна. Өмнөх гурван удаагийн цахим газар өмчлөлөөр 19 байршилд газар олгосон. Нийт 52 газар олгох байршил батлагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Энэ 19 байршилд 35 мянга орчим иргэн газар өмчиллөө. Эдгээр иргэнд газрыг нь хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх гэх мэтийн техникийн ажиллагаа хийгдээд явж байна. Маргааш (өнөөдөр) өдрийн 12 цаг 00 минутад цахим бүртгэлийн систем нээгдэнэ. Зарлагдсан 22 байршлаасиргэд сонголт хийн, газар өмчлөх хүсэлтээ өгөгдсөн зааврын дагуу бүртгүүлж илгээнэ.
Энэ 22 байршил бол Улаанбаатар хотын Төвийн гурван дүүрэг болох Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Тухайлбал Хан-Уул дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт дөрөв, Сонгинохайрхан дүүрэгт 16 байршилд газрыг олгоно. Энэ 22 байршилд 90 хоногийн хугацаанд цахимаар газрыг өмчлүүлэх ажиллагаа зохион байгуулна. Тухайн үед зарласан өргөдөл хүлээн авах цэгт сонгогдсон иргэд иргэний үнэмлэхийн хамт очин өргөдлөө баталгаажуулах журамтай. Ингээд цааш нь газар өмчлүүлэх шийдвэр гарах үйл ажиллагаа үргэлжлээд явна. Газрыг өмчлөн авснаар иргэдийн захиран зарцуулах бүрэн эрхүүснэ. Иргэдийн өмчлөлд шууд шилжүүлэн өгнө. Өмчөө хэрхэн захиран зарцуулах нь тухайн иргэний асуудал. Өмчлөлийн гэрчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
-Иргэдэд тавигдах шаардлагын хувьд анхаарах ёстой зүйл нь юу вэ?
-Цахимаар газар өмчлөх үйл ажиллагаанд оролцох иргэдэд үндсэн гурван шаардлага тавигддаг. Нэгдүгээрт нийслэлд байнга оршин суух бүртгэлтэй нийслэлийн иргэн байх ёстой. Гэхдээ 2013 оны тавдугаар 30-наас өмнө нийслэлд оршин суух бүртгэл нь албан ёсоор баталгаажсан байх. Энэ хугацаанаас хойш төрсөн бага насны хүүхдүүд газар өмчлөх боломжтой. Ингэхдээ эдгээр хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч буюу эцэг эх нь 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө нийслэлд бүртгүүлсэн, нийслэлийн иргэн байх шаардлага тавигдана. Хоёрдугаарт урд өмнө нь газар өмчлөөгүй байх ёстой. Улсаас иргэдэд нэг удаа 0.07 га хүртэл газар үнэгүй өмчлүүлдэг. Гуравдугаарт нийслэлийн иргэд Улаанбаатар хотод газар өмчлөөгүй гэсэн тодорхойлолтыг аван, орон нутагт газар өмчлөх хүсэлт гаргадаг. Ийм тодорхойлолт авсан иргэдийн цахим газар өмчлөлд оролцох эрхийг хязгаарлана.
-Газар өмчлөх эрхээ хүчингүй болгосон иргэд энэ удаагийн цахим газар өмчлөлд оролцох боломжтой юу?
-Хамтран өмчлөлөөс нэрээ хасуулсан иргэд оролцох боломжтой. Хасуулаагүй иргэд оролцох боломжгүй.
-Цахимаар олгогдож буй байршлын нилээдгүй хэсэг нь уулын орой юм уу, эсвэл дэд бүтэц байхгүй газар байна гэсэн шүүмжлэл гардаг. Энэ талаар?
-Зарим байршлын зам харилцаа шийдэгдээгүй, усан болон цахилгаан хангамж байхгүй нь үнэн. Улаанбаатар хотод боломжит газрын нөөцийн судалгаа хийгдэж батлагдсан. Үүний дагуу иргэдэд цахим систем ашиглан газар хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Эдгээр байршлын зам харилцаа, инженерийн байгууламжийн холбогдох судалгаа, төлөвлөлт нь хийгдэж батлагдсан. Юуны түрүүнд зам харилцаа, цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр ярьж байна. Энэ тухай НИТХ дээр яригдсан, үе шаттай ажлууд хийгдэнэ.
-Цахимаар газар өмчлөх үйл ажиллагаанд оролцох иргэдэд хандаж юу зөвлөх вэ. Эсвэл анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Иргэдэд хандаж хэдэн зүйл хэлмээр байна. Өмнөх гурван удаагийн цахим газар өмчлөлийн үйл явцаас харахад, иргэд өргөдлийг дутуу бөглөдөг. Ингэснээр олон тооны иргэний өргөдөл хүчингүй болдог. Анхааруулж хэлэхэд үйлдлийг бүрэн гүйцэд хийж, илгээх ёстой. Байршил сонгон, хүсэлтийн маягт бөглөөд, илгээх хэрэгтэй. Үүний дараа иргэний гар утас болон и-мэйл хаягт нууц дугаар очно. Дараа нь 141410 гэсэн тусгай дугаарт нууц дугаар илгээн нууц үгээ авна. Нууц дугаар, үгийг ашиглан өргөдлөө баталгаажуулна. Гурваас дөрвөн үе шаттай энэ үйлдлийг бүрэн гүйцэд хийж өргөдлөө илгээгээрэй. Мөн иргэд байршлыг зөв сонгосны үндсэн дээр өргөдөл илгээнэ үү. Зарим иргэн “Би энэ байршилд газар өмчлөх хүсэлгүй байна. Андуурчихаж. Тиймээс энэ газрыг өмчилж авахгүй” гэдэг. Мөн Төрийн байгууллагын ажил үйлчилгээнд хүндрэл,чирэгдэл учруулдаг. Дараа нь бүртгэлийн хугацаанд анхаарах ёстой. Өнөөдөр өдрийн 12 цагт цахим систем нээгдлээ гэхэд хуанлийн 15 хоногт багтан өргөдлөө гаргах ёстой. Энэ хугацаа өнгөрмөгц цахим систем хаагдана. Ингээд сонгогдсон болтухайн иргэний гар утас болон и-мэйл хаягт мэдээлэл ирнэ. Сонгогдсон иргэд ажлын 10 хоногт багтаж “Өргөдөл хүлээн авах цэг”-т өргөдлөө гаргаж өгөх үүрэгтэй.Өргөдлийн хамт нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхний хуулбарыг авчирна. Бусад бичиг баримтыг манай албан хаагч нар бүрдүүлж, хүндрэл чирэгдэлгүйгээр үйлчилнэ. Улаанбаатар хотын Ulaanbaatar.mn болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын umch.ub.gov.mn гэсэн сайтад хандан системд нэвтрэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ