KFC-д хүүхэдтэй эмэгтэйг өдрийн цагаар дээрэмджээ

"KFC" түргэн хоолны сүлжээ уг нь бол олон улсын стандартыг Монголд оруулж ирсэн байлтай. Гэтэл тус сүлжээ рестораны Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах салбар ресторанаар үйлчлүүлж байсан төрийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хашдаг эмэгтэй охины хамтаар сууж байхад сэтгүүл зардаг хүүхдүүд идэж байсан хоол болон 1.600.000 төгрөгийн үнэтэй IPHONE GOLD гар утсыг нь дээрэмдэн авсан байна. Утсан дээр нь ажлын чухал материалууд, контактууд байсанд үнэхээр харамсаж байгаагаа тухайн эмэгтэй хэлсэн байна. Тэрбээр “Дээрэм хийсэн хүүхдүүд эхний удаа сэтгүүл ав гээд над руу дайрсан. Тэгэхэд нь би“Та нар хөдөлмөр хийж амьдар. Бусдыг ингэж сүрдүүлж болохгүй” гэж хэлээд удаагүй байтал 10 гаруй минутын дараа хоёр спорт хувцастай өндөр нуруутай хүүхдүүд орж ирэн, идэж байсан хоол руу гараа дүрэн, сэтгүүл барьсан нэг хүү гар утсыг минь аваад гараад явсан.Цүнхэнд тодорхой хэмжээний мөнгө байсан тул цүнх болон бусад зүйлээ анхаараад тэнд юу болсныг ойлгоогүй, ийм зүйлд өмнө нь өртөж байгаагүй” гэж ярьсан байна. Улмаар сандарч тэвдсэн эмэгтэй цагдаад дуудлага өгсөн байна.

-"KFC"-Г НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙГУУЛЛАГА ХЭМЭЭН БУРУУТГАВ-

Мөн тэрбээр “KFC" Олон улсын сүлжээ хоолны газар нь мөнгөө төлсөн үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй орчинд үйлчлүүлэх эрхийг анхаардаггүй.Цагдаагийн байгууллагынхан хариуцлагатай ажиллаж, иргэний дуудлагаар түргэн шуурхай ирсэн. Төрийн цагдаагийн буруу байхгүй, тэд иргэдийнхээ төлөө ажилладаг юм байна. Харин KFC сүлжээний газар үнэхээр хариуцлагагүй энэ үйлдэл нь удаа дараа давтагдаж олон удаа гарч байхад өдийг хүртэл арга хэмжээ аваагүй, иргэдийн мөнгийг авч зөвхөн ашгийн төлөө ажилладаг нийгмийн хариуцлагагүй байгууллага” гэж ярьжээ. Тухайн эмэгтэйг дээрэмдүүлж буй бичлэгийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

Б.ЦЭЛМЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ