Аваргууд амжилтаа өнжөөсөн эхний өдөр

Казакстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс эхлэн явагдаж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаан явагдаж медалийн эздээ тодруулсан бол өнөөдөр эрэгтэйчүүдийн -66 кг, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн барилдаан явагдана.

ДАШТ-ий эхний өдрийн хувьд зохион байгуулагч Казакстан улс нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн ба Аргентин, Япон, БНСУ, Бразилийн дараа манай улс шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар (МУГТ Г.Болдбаатарын гаргасан амжилтаар) зургадугаар байрт бичигдэж байна.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд манай улсаас гавьяат тамирчин, Рио де Жанейрогийн дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг барилдсан юм.

Тэрээр А хэсгийг тэргүүлэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогтоо Хятадын жүдочийг өчиг мэхээр цэвэр ялж, улмаар Японы жүдоч Харуна Асамитай гуравдугаар тойрогт таарч барилдсан юм. Харуна Асами манай жүдочоос торгуулийн үнэлгээ салгаж ялалтыг авснаар МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлөсөн юм.

Хоёр жүдочийн хувьд 2013 оны Рио Де Жанейрогийн дэлхийн аваргад алтан медалийн төлөө барилдаж байсан бөгөөд манай жүдоч М.Уранцэцэг ялж дэлхийн аваргын алдрыг хүртэж байсан түүхтэй. Тэгвэл дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн хоёр удаагийн аварга Харуна Асами нарын энэ удаагийн ялагч нь Японы жүдоч болсон юм.

Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 20.00 цагаас явагдсан. Алтан медалийн төлөө Аргентины жүдоч Паула Парето, Японы жүдоч, дэлхийн хоёр удаагийн аварга Харуно Асами нар барилдаж Пауло Парето яллаа.

Аргентины жүдоч Паула Паретогийн хувьд өнгөрсөн жил Челябинскийн ДАШТ-ээр алтан медалийн төлөө Кондо Амид ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэгвэл тэрээр энэ жил амжилтаа ахиулж дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртээд байна. Дэлхийн аварга болсон жүдоч олимпийн эрхийн 900 оноо, дэд байрт шалгарсан бөх 540 оноо, хүрэл медаль хүртсэн бол 360 оноогоор чансаагаа ахиулдаг. Энэ жингийн чансааг МУГТ М.Уранцэцэг 3080 оноотойгоор тэргүүлсээр яваа. Тэгвэл Паула Парето дэлхийн аварга болсноор 900 оноогоор чансаагаа ахиулж 3185 оноотой болж жингээ тэргүүлэх нь ойлгомжтой болж байна. Манай жүдочийн хувьд энэ дэлхийн аваргыг медальгүй дуусгаж байгаа хэдий ч жиндээ чансаагаараа эхний хоёрт бичигдсэн хэвээр үлдэх юм. ДАШТ-ийн өмнөх чансааг дор хүснэгтээр харуулав.

Алтан медаль хүртсэн Аргентины Паула Парето, Мөнгөн медаль хүртсэн Японы Харуно Асами, Хүрэл медаль хүртсэн Японы Кондо Ами, Хүрэл медаль хүртсэн БНСУ-ын Жеон Бо Кеон нар.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд манай улсын хоёр жүдоч Астанагийн татамид гарсан. Монгол Улсын гавьяат тамирчин, 2014 оны Челябинскийн дэлхийн аварга Г.Болдбаатар, анх удаа дэлхийн аваргыг зорьсон 19 настай ОУХМ Ц.Цогтбаатар нар энэ жинд орон орны шилдгүүдтэй хүч сорьсон.

ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойргийн барилдаандаа Швейцарийн жүдоч Людовик Чаммартиныг цаг дуусахаас 2.20 секундын өмнө иппон үнэлгээ салгаж цэвэр ялсан бол,хоёр дахь тойрогтоо Чехийн жүдоч Павел Петриковыг цаг дуусахаас 1 минут 43 секундын өмнө дэвжээний захад үүрч шидэн иппон үнэлгээ авч цэвэр ялсан юм. Харин гуравдугаар тойрогтоо Ц.Цогтбаатар БНСУ-ын жүдоч, 2013 оны Рио Де Жанейрогийн дэлхийн аваргын хүрэл медальт, одоогоор жиндээ чансаагаараа манай жүдоч Г.Болдбаатарын дараа гуравдугаарт бичигдэж байгаа Ким Вон Жинтой барилдаж ялагдсанаар дэлхийн аваргыг дуусгасан юм.

Харин гавьяат тамирчин Г.Болдбаатар хэсгээ тэргүүлэн барилдаж эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Туркийн Бекир Озлуг юүко үнэлгээгээр, улмаар Изриалын бөх Аршански Артиомыг хоёр торгуулиар ялж, шөвгийн наймд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө Бразилын Фелипе Китадайтай барилдаж, цэвэр ялснаар хагас шигшээд үлдсэн юм. Ингээд Казахстаны Рустав Ибраевтай мөнгөн медалийн төлөө барилдаж юко үнэлгээ алдан өрсөлдөгчдөө ялагдсанаар хүрэл медалийн төлөө Ц.Цогтбаатарыг ялсан БНСУ-ын жүдоч Ким Вон Жинтой барилдаж мөн ялагдсанаар ДАШТ-ий шагналт тавдугаар байр эзэлснээр манай жүдочдын эхний өдрийн амжилтыг үзүүлсэн юм.

Ким Вон Жин, Г.Болдбаатар нарын хувьд хоёр бөх 2013 оны Рио де Жанейрогийн дэлхийн аваргад мөн хүрлийн төлөө барилдаж манай бөх ялагдаж байсан түүхтэй. Тэгвэл энэ харамсалтай ялагдал дахин давтагдсан юм.

ДАШТ-ий өмнөхөн гарсан -60 кг-ын жингийн чансааг тэргүүлэгчид

Медалийн эзэд: Алтан медаль хүртсэн Казакстаны Елдос Сметов, Мөнгөн медаль хүртсэн Казакстаны Руслан Ибраев, Хүрэл медаль хүртсэн Японы Тору Шишиме, Хүрэл медаль хүртсэн БНСУ-ын Ким Вон Жин нар.

Энэ жинд Казакстаны хоёр жүдоч алтан медалийн төлөө барилдаж ингэснээр зохион байгуулагч орны жүдочид ДАШТ-ий эхний өдөр алт, мөнгөн медаль нэг нэгийг хүртэж медалийн тоо, чанараар тэргүүлж эхэлсэн. Сонирхуулахад монголчуудын анхаарал тавьж харж байсан өөр нэг жүдоч бол Г.Отгонцэцэг.

Тэрээр Казакстан Монгол улсын жүдо бөхийн холбооны гэрээ ёсоор хууль, журмын дагуу Казакстан улсын иргэн болж тус улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа бөгөөд анхны томоохон тэмцээн нь энэ удаагийн дэлхийн аварга байлаа. Казакстан улсад зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаар нь ч тэр, Г.Отгонцэцэг нэлээдгүй олны анхааралд байсан боловч эхний тойрогтоо хийлж, хоёр дахь тойрогтоо Өмнөд Солонгосын жүдоч Жеон Бо Кеонд юко үнэлгээ алдаж ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг дуусгасан юм.

Ямартай ч манай жүдочид дэлхийн аваргын гараагаа сайн эхлүүлсэн. Хамгийн их найдвар тавьж байсан жиндээ тэргүүлэгч, хоёр дэлхийн аварга, хоёр гавьяат маань ийнхүү энэ удаагийн ДАШТ-д медалийн амжилтаа өнжөөсөн нь дэлхийн дэвжээ чанга гэдгийг бусаддаа харуулсан сургамж болж байгаа бизээ.

Өнөөдрийн хувьд эрэгтэйчүүдийн -66 кг, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн барилдаан болж манай жүдочдоос гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа, А.Цолмон нар Астанагийн дэвжээнд гарах юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ