Казакстаны жүдоч Г.Отгонцэцэг эхний учраадаа ялагдав
Казакстаны нийслэл Астана хотноо 2015 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр ДАШТ-ий эхний өдөр бөгөөд эрэгтэйчүүдийн -60 кг, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаан барилдаанууд явагдаж байгаа юм.
Хоёр жинд эх орноо төлөөлөн барилдаж байгаа манай жүдочид одоогоор бүгд ялагдалгүй тэмцээнийг үргэлжлүүлж байна. Гавьяат тамирчин Г.Болдбаатар Турк, Израйлийн бөхчүүдийг дараалан ялаад байгаа бол ОУХМ Ц.Цогтбаатар мөн л эхний хоёр өрсөлдөгчөө илүүрхэн буулгаж авсан. Харин эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдаж байгаа манай шигшээ багийн гол найдварын нэг болох гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо хийлж, хоёр дахь тойрогтоо Хятадын жүдочийг өчиг мэхээр цэвэр ялсан юм.
Тэгвэл өнөөдрийн хувьд монголчуудын анхаарал бас нэгэн монгол жүдоч руу чиглэж байсан нь ОУХМ Галбадрахын Отгонцэцэг. Тэрээр Казакстан улсын иргэн болж тус улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа бөгөөд анхны томоохон тэмцээн нь энэ удаагийн дэлхийн аварга байлаа. Казакстан улсад зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаар нь ч тэр, Г.Отгонцэцэг нэлээдгүй олны анхааралд байсан боловч эхний тойрогтоо хийлж, хоёр дахь тойрогтоо Өмнөд Солонгосын жүдоч Жеон Бо Кеонд юко үнэлгээ алдаж ялагдаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ