19 настай Ц.Цогтбаатар дэлхийн аваргад гялалзаж байна
Казакстаны Астана хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаанууд явагдаж ялагчаа тодруулна.
Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд гавьяат тамирчин, отгон дэлхийн аварга Г.Болдбаатар эхний учраа болох Туркийн жүдочийг юко үнэлгээгээр ялсан бол анх удаа Дэлхийн аваргыг зорьсон 19 настай, ОУХМ Ц.Цогтбаатар хоёр дахь учраатайгаа дөнгөж сая барилдлаа.
Тэрээр Чехийн жүдоч Павел Петриковыг цаг дуусахаас 1 минут 43 секундын өмнө дэвжээний захад үүрч шидэн иппон үнэлгээ авч цэвэр ялаад байна.
Ц.Цогтбаатар эхний тойргийн барилдаандаа Швейцарийн жүдоч Людовик Чаммартиныг мөн л цаг дуусахаас 2.20 секундын өмнө иппон үнэлгээ салгаж цэвэр ялаад байсан.
Ингэснээрээ ОУХМ Ц.Цогтбаатар дараагийн тойрогтоо БНСУ-ын жүдоч Ким Вон Жинтой барилдахаар боллоо. Ким Вон Жин нь 2013 оны Рио Де Жанейрогийн дэлхийн аваргын хүрэл медальт, одоогоор жиндээ чансаагаараа манай жүдоч Г.Болдбаатарын дараа гуравдугаар бичигдэж байгаа бөх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ