ДАШТ-ийн эхний өдрийн барилдаанууд эхэллээ
Казакстаны Астана хотноо Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаанууд явагдаж ялагчаа тодруулна. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд дэлхийн аварга, МУГТМ.Уранцэцэг барилдах юм. Тэрээр энэ жиндээ дэлхийн чансааг хол тасархай тэргүүлж байгаа тул манай шигшээ багийн гол найдлагад тооцогдож байгаа.
Харин эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд гавьяат тамирчин, отгон дэлхийн аварга Г.Болдбаатар, анх удаа Дэлхийн аваргыг зорьж буй 19 настай, ОУХМ Ц.Цогтбаатар нар Астанагийн татамид гарна. Тэгвэл ОУХМ Ц.Цогтбаатар манай жүдочдын барилдааны салхийг хагалж анхны барилдаанаа хийгээд байна. Тэрээр эхний тойргийн барилдаанаа Швейцарийн жүдоч Людовик Чаммартинтай хийж цаг дуусахаас 2.20 секунтын өмнө өрсөлдөгчөө цэвэр яллаа. Ингэснээрээ дараагийн тойрогт Чехийн бөх Павел Петриковтой барилдахаар болж байна. Харин гавьяат тамирчин Г.Болдбаатарын хувьд хэсгээ тэргүүлэн барилдаж байгаа. Тэрээр эхний тойрогтоо хийлж дараагийн тойрогтоо Албани, Туркийн жүдочдын ялсантай барилдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ