Хоёр Дамбын дуэль

Өнөө цаг үед ид барилдаж буй хоёр бөх маань 2011 оны Төрийн наадамд улсын цол авснаасаа хойш хоорондоо хэдэн удаа хэрхэн барилдсан болохыг бичихийг зорилоо. Үүнээс өмнөх хугацаанд хэрхэн барилдсан үр дүн бий боловч дутмаг тул оруулсангүй.

Улсын Гарди Батнасангийн Гончигдамба 1985 оны нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Алдар спорт хорооны бөх. Түүний амжилтаас дурдвал 2007 онд аймагтаа түрүүлж аймгийн арслан цол, Төрийн наадамд 2011 онд тав давж Улсын Начин цол, 2012 онд дахин тав давж цолоо батлаад, 2013 онд 8 давж Гарди цол, 2014 онд зургаа, 2015 онд долоо давснаар сүүлийн 5 жил төрийн наадамд дараалан шөвгөрөөд байна. Биеийн өндөр 182 см, Биеийн жин 115-120 орчим кг. Бөхийн сууриа чөлөөт бөхийн барилдаанаар эхлүүлсэн.

Улсын Заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба 1985 оны арванхоёр сарын 30-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Тэрээр 2008 онд Цэргийн наадамд түрүүлж арслан, 2010 дахин цэргийн наадамд түрүүлж байв. Үндэсний Их Баяр наадамд 2011 онд долоо давж Улсын Заан, 2013 онд тав давж шөвгөрөөд, 2014,2015 онуудад тус бүр долоо давж их шөвөгт шалгарсан. Одоогоор төрийн наадамдаа 4 удаа шөвгөрөөд байна. Биеийн өндөр 185 см, Биеийн жин 135-140 орчим кг. Бөхийн сууриа чөлөөт бөхийн барилдаанаар эхлүүлсэн.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн хоорондоо барилдсан вэ?

Нэг: 2011 оны Есдүгээр сарын 15-нд Шинэ үеийн татварын албаны 20 жилийн ой тохиож хүчит 128 бөх барилдсанаас 5-ын даваанд гурван бөхөөс Санжаа заан нэр сонсож Гончиг начинг амаллаа. Барилдааны явцад Гончигоо начин сугадсан барьцнаас зүүн талдаа мушгиад зааныг өвдөг шороодуулжээ. Шинэ цол хүртэснээсээ хойших анхны барилдаанд начин Б.Гончигдамба давлаа.

Хоёр: Анхны барилдаанаас хойш бараг хагас жилийн дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард “Дээд Төрөлтөн” үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан “Хасу лиг” багийн барилдаанд Архангай VS Завханы багийн барилдаанд Ч.Санжаадамба, Б.Гончигдамба нар таарч хүч үзэхэд харцагдсан барьцнаас зүүн талдаа хөнтөрч тойгдоод Гончиг начин давжээ. Ийнхүү барилдааны харьцаа 2:0 болов.

Гурав: 2012 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улсын Гаалийн байгууллагын түүхт 100-н жилийн ойн барилдаанд 224 бөхөөс түрүү байрын төлөө шалгаран үлдэхэд Санжаа заан золгосон барьцнаас баруун талдаа давхар ачих мэхээр давснаар барилдааны харьцаа 2:1 болжээ.

Дөрөв: Гуравдахь удаагаа таарснаас хойш бараг жилийн дараа буюу 2013 оны есдүгээр сарын 22-нд Монгол бөх дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жилийн ой, намрын улирлын нээлтийн барилдааны тэргүүн байрын төлөө хүчийг үзлээ. Энэ үед Б.Гончигдамба улсын гарди цолонд хүрээд байлаа. Барилдаан эхлээд удаагүй байтал Санжаа заан далбааны араас давуулж атган гуд татаад тумбрайдсан барьцнаас урагш нь гуд татаад өвдөг шороодуулснаар барилдааны харьцаа 2011 оноос хойш 2:2 болж тэнцэв.

Тав: 2013 оны арваннэгдүгээр сарын 4-нд Эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жил, Монгол бахархлын өдөрт зориулсан шилдэг 128 бөхийн барилдааны 5-ын даваанд тунаж хүчийг үзэхэд Ч.Санжаадамба заан баруун талдаа тосгуулж хавираад давснаар даваа унааны харьцаа 2:3 болж заан илүүрхэж эхэлжээ.

Зургаа: 2013 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монголын Ардчилсан хувьсгалын 24-н жилийн ойн хүчит бөхийн барилдааны 6-гийн даваанд туналаа. Барилдаан нилээд удааширч шуудагны барьцнаас Ч.Санжаадамба баруун талдаа мордох мэхээрээ давснаар залуу гардийг дөрвөнтөө өвдөг шороодууллаа. Энэ барилдаанд Санжаа заан түрүүлсэн билээ.

Долоо: 2014 оны долдугаар сарын 12-нд Ардын Хувьсгалын 93-н жилийн ойн төрийн их баяр наадмын долоогийн даваанд тунаж хүчийг үзлээ. Барилдаан эхлээд 27 минут өнгөрч байхад хоёр бөхийг шуудагны барьцнаас барилдаж эхлэв. Энэ үед Гарди Б.Гончигдамба баруун талдаа хашиж мордоод хоёр бөх ойролцоо газардахад хөлийн цэцийн шийдвэрээр зааныг давуулжээ. Ийнхүү барилдааны харьцаа 2:5 болов.

Найм: “Хөгнө Хан” хайрханы тахилга, Дамбын Хишигжаргалын МУ-ын Манлай Уяач цолны мялаалга наадам 2014 оны 8-р сарын 2-нд Булган аймгийн Гурванбулаг суманд зохион байгуулагджээ. Улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж Гарди Б.Гончигдамба түрүүлж , Заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн. Барилдаан эхлээд удаагүй байтал сугадсан барьцнаас баруун талдаа хашиж мордох мэхээр гарди давснаар наадмаар унасан даагаа нэхэж чадсан гэдэг.

Ес: Дээрх барилдаанаас хойш жилийн дараа 2015 оны долдугаар сарын 29-нд МУХБ М.Даваажаргалын цолны мялаалга наадам Төв аймгийн Зуунмод хотод зохиогдож 128 бөх зодоглоход залуу хүчитнүүд түрүү байрын төлөө уран мэхийг уралдуулав. Гарди барилдаан эхлэнгүүт л барилдааны санаачлагыг аван шуудхан л харцагдсан барьцнаас зүүн талдаа татаж хавираад давчихлаа.

Арав: Хакухо аваргын мялаалгын наадмаас хэдхэн хоногийн дараа буюу 2015 оны наймдугаар сарын 2-нд Эрээн -Замын Үүд хотын олон улсын Монгол үндэстний анхдугаар наадмын Монголын үндэсний бөхийн барилдаанд Монгол улсын гарди Б.Гончигдамба түрүүлж, улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэжээ. Хоорондын барилдааны харьцаа 5:5 болов.

Дээрх дөрвөн жилийн хугацаанд арван удаа хүч үзэхэд тус бүр тав таван удаа давалцсан байна. Ихэнх барилдаанд өндөр даваанд тунан хүчийг үзэв. Барилдаан баруун талаараа золгож дан болон давхар шуудагдсан үед Ч.Санжаадамбад илүү ашигтайгаар барилдаан дуусч байсан бол цэрвүү барьцнаас хөдөлгөж барилдахад Б.Гончигдамбад илүү ашигтай байв. Хөдөө орон нутагт өөр барилдаануудад таарч хүч үзсэн байхыг үгүйсгэхгүй юм.

Нийтлэл бичсэн: Э.Алтанболд, гэрэл зургийг Б.Эрдэнэбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ