М.Анхцэцэг огцом өргөлтийн дээд амжилтыг тогтоожээ
Хүндийг өргөлтийн 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон билээ. Энэ удаа 15 байгууллагын 200 гаруй тамирчин хүч сорин өрсөлдөв. Хөнгөн жингийнхний өрсөлдөөний үеэр зургаан тамирчин шинээр спортын цол, зэргийн болзол биелүүлж, мөн зургаан жингийн ангилалд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-д нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин А.Бум-Аюуш 155 кг-ыг өргөснөөр ОУХМ, Ч.Нямзул, Б.Мягмарцэрэн, Ч.Очирхуяг нар спортын мастер, Г.Жамъяндорж, Г.Болорчимэг нар дэд мастер цол хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ О.Баярцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 88 кг-ыг өргөж, 13 жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг хоёр кг-аар ахиулж шинэ амжилт тогтоосон байна. Мөн ОУХМ М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн -75 кг-д нийлбэр дүнгээр удаах тамирчнаасаа 134 кг-аар илүү буюу 256 кг-ыг өргөж түрүүлжээ.
Энэ үзүүлэлтээр М.Анхцэцэг улсын аваргын алтан медаль хүртэхээс гадна Монгол Улсын дээд амжилтыг огцом, түлхэлттэй болон нийлбэрт эзэмшихээр болж байгаа юм. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 101 кг-ын амжилтыг 116 кг болгон шинэчилсэн. Харин түлхэлттэй өргөлтийн төрөлд 140 кг-ыг өргөснөөр өмнөхийг нь 14 кг-аар ахиулж залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд тус бүр долоо, нийт 14 удаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ