П.Товуудорж: Шинэ эх үүсвэрүүдэд евро стандарт нэвтрүүлнэ

Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржтой ярилцлаа.

-Өнөөдрийн чуулга уулзалтаар ямар асуудал шийдвэрлэхийг зорив?

-Монголд анхдагч эрчим хүчний нөөцөөр нүүрс тэргүүлдэг. Гэтэл энэ нь дэлхийн дулаарлын шалтгаан, хүлэмжийн хий ялгарах гол хүчин зүйл гэдэг утгаар дэлхий нийт таагүй хандах болсон. Тиймээс нүүрсээр ажилладаг станцын байгальд ээлтэй, аюулгүй технологи Монголдоо нэвтрүүлэх нь бидний тэргүүн зорилт.

Өнөөгийн байдлаар манайх эрчим хүчний хэрэглээнийхээ 90 гаруй хувийг нүүрсээр ажилладаг станцаас гарган авч байна. Хамгийн гол нь цаашид эрчим хүчний хэрэглээ тогтмол нэмэгдэнэ. Тэгэхээр нэг хэсэгтээ цахилгааны эх үүсвэрт нүүрсээр ажилладаг станц голлох байр суурь эзэлнэ.

-Шинэ технологи нэвтрүүлэх ажил хэзээ эхлэх вэ. Хуучин станцууддаа нэвтрүүлэх үү?

-Ер нь шинээр баригдаж байгаа болон төлөвлөсөн цахилгаан станцуудад шинэ, байгальд хоргүй технологи нэвтрүүлэх шаардлага тавьж байна. ДЦС-V, Тавантолгой, Оюутолгой, баруун бүсийн шинэ эх үүсвэрүүдэд евро стандартыг нэвтрүүлнэ.

-Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх асуудал нэлээд маргаан дагуулдаг. 2014 онд үнэ чөлөөлнө гэсэн нь бас бүтэхгүй болж байна гэдэг?

-Хөрөнгө оруулалтын орчин тийм ч муу биш. Яах вэ, үнэ чөлөөлөхгүй байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх хүчин зүйл мөн. УИХ-аас энэ онд бодлого тодорхойлж, 2014 оноос цахилгааны үнийг чөлөөлөх талаар ярьж байгаа. Үнэндээ эрчим хүчний бодит өртөг нь хэрэглээний тарифаас хамаагүй доогуурбайхаар үнэ тогтоочихсон.

Үүнээс болж эрчим хүчний салбар алдагдалд ордог нь үнэн. Тэгэхээр үнэ чөлөөлдөггүй юм аа гэхэд бодит өртөгт нь ойртуулах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын тухайд нэг үеэ бодвол хаа хаанаа үзүүлэлт нь дээшилж байна. Концессийн тухай болон Эрчим хүчний хуулийг сая шинэчилсэн. Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын тухай хуулийн төслийг бэлэн болгоод одоо УИХ-д өргөн барих гэж байна. Тэгэхээр бид салбартаа хөрөнгө оруулалт татаж, ажлаа сайжруулах боломжтой болох байх.

-Манай улсын эрчим хүчний заавал нөхөх шаардлагатай дутагдал хэр их вэ?

-Өвлийн их ачааллын үед Улаанбаатар хотод эрс хүйтэрсэн нөхцөлд 100мВт эрчим хүч дутагдах ба цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хаахын тулд ойрын үед дээрх хэмжээний дулааны суурилагдсан хүчин чадалтай ДЦС-V-ын эхний блокийг барьж, ашиглалтанд оруулах шаардлага бий болоод байна.

Манай улсын үйлдвэрлэх боломжтой эрчим хүчний хэмжээ ба системийн хэрэглэж буй бодит оргил ачааллын зөрүүг бид ОХУ-аас импортлодог цахилгаан эрчим хүчээр нөхдөг. Энэ зөрүү 2007 онд 98 мВт байсан бол одоо 160 мВт болсон. Эндээс үзвэл ойрын үед шинэ эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй бол өндөр үнэтэй,торгуулийн хатуу нөхцөлтэй импортын эрчим хүчний хэмжээг улам нэмэгдүүлэхээр байгаа юм.

-Гаднаас эрчим хүч импортлоход тарифын алдагдалд ордог. Бид Оросоос хэдэн төгрөгөөр эрчим хүч худалдан авч байна вэ?

-Өнгөрсөн оны байдлаар импортоор авсан цахилгаан эрчим хүчний үнэ 97-100 орчим төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гадаад валютаар төлбөр хийгддэг учраас үнэ хэлбэлздэг. Түүнчлэн хэрэглээтэй ч холбоотой. Тодорхой түвшинд тогтмол эрчим хүч импортолдог бол үнэ тогтвортой байна гэсэн үг. Тогтмол биш учраас үнэ бага зэрэг хувьсдаг. Оргил ачаалал өнгөрснөөс хойш, шөнийн цагаар дотоодын эх үүсвэрийн эрчим хүчээр хангалттай хангадаг. Илүүдэл ч үүсдэг. Тиймээс тодорхой хэмжээний эрчим хүчийг бид ОХУ руу 28-30 төгрөгийн ханштайгаар экспортолдог. Мөн л валютын ханшаас шалтгаалж үнэ хэлбэлзэж байгаа юм.

Өнгөрсөн оны хувьд найман сая квт/цаг эрчим хүчийг бид Оросоос авсан. Дотоодын хэмжээнд үйлдвэрлэсэн бол хэчнээн хэмжээний хөрөнгө хэмнэх вэ гэсэн тооцоог бид гаргасан юм. Тооцооны үндсэн дээр импортыг зогсоох, ирээдүйд Монгол улс өөрийнхөө эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах, цаашлаад илүү гарсан эрчим хүчээ гадагшаа экспортолдог болъё гэсэн зорилго тавьж байгаа. Энэ чиглэлээр нэлээд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Тавантолгойн цахилгаан станцаас төвийн эрчим хүчний систем рүү эрчим хүч татна гэсэн. Ийм хэмжээний эрчим хүч гаргах хүртэл хэр удах бол?

-Тавантолгойн дулааны цахилгаан станцын эхний суурилагдсан хүчин чадал 450 мВт хэмжээтэй байгаа. Чадал нь нэмэгдээд явна л даа. Ерөнхийдөө Өмнийн говийн бүсэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ уул уурхайтай холбоотойгоор нэлээд өндөр болж байна. Тухайлбал, Оюутолгойд гэхэд л 350 мВтэрчим хүч хэрэгтэй. “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компанид 150 мВт-ын, бусадахуйн хэрэглэгчид 100 орчим мв эрчим хүч авахаар байгаа. Нийтдээ 500-аас доошгүй хэмжээний хүчин чадалтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх эх үүсвэр барих хэрэгтэй болж байна. Цаашдаа мэдээж эдийн засгийн гадаад орчин сайжирч, нүүрсний экспорт сэргэнэ. Энэ үед хүчин чадлыг нэмэх шаардлага гарч таарна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ