Г.Батсуурь: Баруунд Б.Лхагвасүрэн, С.Эрдэнэ шиг садистууд олон байдаг

Алив нийгмийн оюун санааны хүрээ гэж чухал юм байх. Энэ хүрээг өргөн утгаараа урлаг, утга зохиол, сэтгүүлзүй тэргүүтэн залж, чиглүүлж, үүрч дүүрч явах эрхэм үүрэгтэй билээ. Өмнөх 300-аад жил Манжийн дарлалд буюу шууд соёлын нөлөөнд, үргэлжлүүлээд 70 гаруй жил хойд хөрш Оросын соёл, ахуйн нөлөөнд хөгжиж ирсэн Монгол улс ерэн онтой зэрэгцэн ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн. Ахуй, нөхцөл байдал энэ хугацаанд ихээхэн өнгө хувьсаж, өргөжин тэлж буйг хэлээд яалтай. Харин оюун санааны түвшинд хаахна яваа бол? Магад бидний тэр бүр өдөр тутамдаа хөндөөд байдаггүй энэ сэдэв ч энэ удаагийн зочин бид хоёрын дунд өрнөлөө.

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь хэмээх энэ идэр залуу насны эрийн нэр сүүлийн үед нийгмийн оюунлаг хүрээнд эрчтэйгээр орж ирсэн нь түүний хатуу ширүүн шүүмж, магтаал бүхий уран зохиолын шүүмжүүдтэй холбоотой. Угаас цөөн хүн амтайн улмаас бие биеэсээ хэт хамааралтай бидний монголчууд дунд түүн шиг хатуу ширүүн үгээр хайр найргүй шүүмжилчихдэг нь ховор учраас түүний нэр ийн овойж, товойсон ч байж мэдэх. Зөвхөн үүнийх нь төлөө түүнд талархал илэрхийлмээр санагдана. Харин шүүмж, судлал нь хэр зөв, бодитойг мэргэн уншигч болоод цаг хугацаа шүүнэ биз ээ.

-Утга зохиол судлаач, шүүмжлэгч хэмээх сонирхолтой фигуртай уулзаж байгаадаа таатай байна. Яагаад гэвэл судлал, шүүмжлэл Монголд бараг байхгүй болчихсон гэхэд хилсдэхгүй, тийм ч учраас манай урлаг, уран сайхны ертөнц дорвитой хөгжихгүй байгаа гэж болохоор. Өөрөө энэ цаг үед утга зохиол судлаач, шүүмжлэгч гэгдэн хамгийн их тодорч байгаа хүн. Энэ нь таны эзэмшсэн мэргэжил үү?

-Миний анхны мэргэжил бол бага ангийн багш, Багшийн сургууль төгссөн. Дараа нь Боловсролын их сургууль, тухайн үеийн УБДС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэсэн. Ер нь багаасаа уран зохиолд сонирхолтой байснаас гадна энэ чиглэлийн сайн багш нартай таарсан нь судлал шүүмжлэл рүү орох шалтгаан болсон доо. Эхлээд сайн уншигч байсан, аажмаар санаа бодлоо илэрхийлж, бичиж эхэлсэн.

-Багш нар гэвэл, ер нь таниас өөр утга зохиол судлаач, шүүмжлэгч гэвэл та хэнийг онцлох вэ?

-Олон хүнийг нэрлэж болно. Ер нь Монголд судлал, шүүмж байхгүй болчихсон гэж яриад байгаа нь социализмын үеийнхээр бодоод байгаагийнх юм шиг байгаа юм. Тэр үед нэг зохиол гарна, дагаад заавал шүүмж гарах ёстой, нэг үгээр үүрэг даалгавар авч бичдэг байсан. Ерэн он гарч, бүх юм задарснаар байдал мэдээж өөрчлөгдсөн. Бусдаар бол шүүмжлэгчид байгаа, шүүмжээ бичиж, үгээ ч хэлж байгаа.

Социализмын үед цөөхөн ном гардаг байсан бол одоо өдөрт хэдэн зуугаараа зах зээл рүү цутгаж байна. Муу, тааруудуу зохиолчдын тухай шүүмжлэгчид ер нь дуугардаггүй юм ш дээ. Яриад ч хэрэггүй байдаг. Бүүр нэг болохгүй байгаа, муу хэрнээ муугаа мэдэхгүй байгаа нөхдүүдийг муу байна гэдгийг хэлдэг.

Яруу найрагч О.Нямлхагва, шүүмжлэгч нар байхгүй байна гэж хэлээд байгаа хүмүүс бол муу зохиол бичиж байгаа нөхдүүд өөрсдийгөө магтуулах гэж байгаа хэрэг гэж хэлж байсан юм даа. Тийм байж магад.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ