Зургаан сайдыг томилох хоёр хувилбар

Ээлжит бус чуулган товлогдож, МАН-ын сайд нарыг огцруулах тухай асуудал хөндөгдөх болсон цагаас эхлэн дараагийн сайд нар хэн бэ гэсэн жагсаалт (Шадар сайд Э.Батшугар, БОАЖНХЯ-ны сайд Г.Баярсайхан, Барилга хот байгуулалтын сайд Д.Арвин, Хөдөлмөрийн сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Гарамгайбаатар, Зам тээврийн сайд А.Гансүх нар болно) зарим хэвлэлээр явсан нь МАН-аас хийсэн сөрөг пиар болж таарсан.

Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганы пүрэв гаригийн хуралдааны үеэр Д.Арвин гишүүн “Намайг хэвлэл мэдээллээр сайд болно гэж тавиад байгаа нь МАН-ын хийж байгаа ажил” гэсэн юм. Тэгэхээр хэвлэлээр гарсан шинээр томилогдох зургаан сайдын тухай мэдээлэл нэг талаар МАН-аас хийсэн сөрөг пиар гэж ойлгоход хүргэж байгаа юм.

ЗУРГААН САЙДЫГ ТОМИЛОХ ХУВИЛБАР- 1

АН-ын Гүйцэтгэх зөвлөл наадмын өмнө Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд МАН-ын зургаан сайдын оронд УИХ-ын гаднаас дараагийн зарим сайдыг томилох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Хэрэв энэ шийдвэрийн дагуу явбал АН-аас Сангийн сайд, Зам тээврийн сайдыг томилно. Харин “Шударга ёс эвсэл” Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд, ИЗНН Байгаль орчин ногоон хөгжил аялал жуучлал (БОНХАЖ)-ын сайд, бие даагч гишүүдээс Хөдөлмөрийн сайдыг тус тус томилж магадгүй байгаа юм.

Энэ мэдээлэл манай сайтад гарсны дараа УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өөрийн твиттер хуудастаа “АН шадар сайдаа томилно” гэж жиргэсэн. Ямартай ч улстөрийн дотоод хаалттай мэдээллийн дунд байгаа хүний үгэнд итгэхээс өөр аргагүй ч тэрээр энэхүү жиргээгээ төд удалгүй устгасан байна лээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн дээрх шийдвэрийн дагуу явбал шинээр томилогдох зургаан сайд дараах хувилбараар томилогдох магадлалтай.

Сангийн сайд хийх хүн заавал математикч, эдийн засагч байх ёстой гэвэл АН-д Б.Наранхүү, Ажнай Д.Бат-Эрдэнэ нараас эхлээд залуу насандаа математикийн улсын аварга болж байсан гишүүд олон бий. Харин энэ албанд тохирох хүн өнөөдөр Р.Амаржаргал л болоод байна. Түүнийг Ерөнхий сайд болгоно гэж нийгэмд ч нилээдгүй хүлээлт үүсгэж байсан удаатай. УИХ-ын дотроос биш гаднаас зарим сайдыг томилоход АН-д Зам тээврийн сайдын туршлагатай, сайн ажилласан, олон том төслийг эхлүүлсэн хүн А.Гансүхээс өөр байхгүй.

Э.Батшугар Шадар сайд болно гэдэг бол жинхэнэ сөрөг пиар, МАХН-аас шадар сайдад Ч.Улаанаас өөр томилогдох хүн өнөөдөр алга. Барилга хот байгуулалтын сайд болно гэх Н.Батцэрэгийн амбиц аль эрт Н.Алтанхуягийн засгийн газрын асуудал босох үед л эхэлсэн. Гэхдээ МАХН нэг сайдын суудлаа МҮАН-даа өгнө гэдэг их эргэлзээтэй. Тиймээс МҮАН-д Ерөнхий сайдыг шантаажлахаас өөр зам байхгүй.

Засгийн газрын гишүүн болох амбиц бие дааж сонгогдсон Ц.Даваасүрэнд их байгаа ч АН Хөдөлмөрийн сайдаар С.Ганбаатарыг дэмжих магадлал өндөр. Харин ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг намаасаа сайд болох ээлж нь ирсэн гэхэд нэг их буруудахгүй байх. Тэр энэ намд он удаан жил зүтгэж байгаа.

ЗУРГААН САЙДЫГ ТОМИЛОХ ХУВИЛБАР- 2

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, нөхөн томилох зургаан сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгосон талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийсэн. Хэрэв шинээр томилогдох зургаан сайд заавал УИХ-ын гишүүн байх ёстой гэвэл дараах хувилбараар явах магадлалтай.

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг цуглуулах ажлаа улс төрийн эгзэгтэй энэ цагт эрчимжүүлж байгаа нь МАХН эвсэж буй МҮАН-даа сайдын суудал өгөх гэсэнтэй холбоотой байх талтай. Иймд Г.Уянга МҮАН-ынхаа гишүүдээс аль нэгийг нь Барилга хот байгуулалтын сайд болгохын тулд шантааж хийж байж магадгүй мэт харагдаж байгаа юм. Хэрэв МҮАН-ын энэ ажиллагаа амжилттай болбол Н.Батцэрэг сайд болох ээлж нь ирсэн. Учир нь М.Сономпил сайд хийсэн, М.Энхсайхан сайд хийж байгаа. Харин МАХН-д сайд хийчих ганц гишүүн нь өнөөдөр Д.Тэрбишдагва л байна.

ИЗНН-аас УИХ-д жагсаалтаар сонгогдсон С.Дэмбэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Баярцогт намайг сайд бол гэсэн би болохгүй гэдгээ хэлсэн” гэдгээ өгүүлсэн. Тэгэхээр угаасаа хоцордог С.Дэмбэрэл, угаасаа сайд болохгүй гэдгээ аль эрт хэлсэн гэсэн үг. Иймд С.Оюунаас өөр сайд болох хүн ИЗНН-д байхгүй. Тэрээр надад намаас итгэл үзүүллээ, би энэ салбарыг сайн мэднэ гээд ороод ирэх ч юм билүү хэн мэдлээ.

Гэхдээ дээрх хоёр жагсаалт бол таамаглал төдий зүйл. Учир УИХ-ын ээлжит бус пүрэв гаригийн хуралдааны үеэр МАН-ын гишүүд Ерөнхий сайдаас дараагийн сайд нарын талаар олон дахин асуусан ч Ерөнхий сайд, УИХ-ын даргын аль нь ч үг унагаагүй. Тэгэхээр энэ асуудал одоогоор тодорхойгүй байна гэж хэлж болно. Харин шинээр томилогдох зургаан сайд ээлжит бус чуулганы хугацаанд амжиж шийдэгдэх эсэх нь өнөөдрийн бүлгийн хуралдаанаар тодорхой болох учиртай.

Н.МЯГМАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ