Өсвөрийн хөлбөмбөгчдийн фестиваль манай ялалтаар эхэлжээ
Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн гурав дахь удаагийн Фестиваль өчигдөр БНСУ-ын Ансон хотод эхлэв. Тэмцээний 12 хүртэлх насны ангилалд БНСУ-ын 19, Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Тайланд, Зүүн Тимор, Палестин, Балба, Камбож, Афганистан, Узбекистан, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Лаос, Тажикистаны тус бүр нэг, нийт 37 баг өрсөлдөж байгаа юм байна. Монголын багууд ямар хэсэгт хуваарилагдсаныг сонирхуулбал:
-Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсэгт БНХАУ-ын "Yinhe,"Пакистаны шигшээ баг, БНСУ-ын "Mokpo Yeonsan", "Eunji"-тай,
-"Хараацай" клуб тавдугаар хэсэгт Камбожийн шигшээ баг, БНСУ-ын "Sihueng", "IDS Football Class", "Phoenix"-тэй,
-"Хүчит Чулуут-ДМЮ" зургадугаар хэсэгт Узбекистаны алдарт "Пахтакор", БНСУ-ын "Giovanni", "Juyeon", "J Soccer"-той,
-Сүхбаатар аймгийн шигшээ баг долдугаар хэсэгт Тажикистаны шигшээ баг, БНСУ-ын "Buyong", "FCCT.T.S", "Sangin"-тай хуваарилагдав. Баг тус бүр өчигдөр хоёр тоглолт хийж, Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестиваль монголчуудын ялалтаар эхэлжээ.
12 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсгийн эхний учраа болох БНХАУ-ын "Yinhe" клубийг 6:1-ээр буулган авсан байна. Энэхүү тоглолтод довтлогч Б.Ууганбаяр хоёр гоол хийж, нэг дамжуулалт, Г.Цэлмүүн хоёр гоол, Ц.Намнансүрэн нэг гоол, хоёр дамжуулалт, Бат-Эрдэнийн Билгүүн нэг гоол, А.Балжинням нэг дамжуулалт гүйцэтгэсэн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийнхан жигд сайн тоглосон ч тоглолтын шилдгээр Б.Ууганбаяр нэрлэгдлээ. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Пакистаны шигшээ баг БНСУ-ын "Mokpo Yeonsan" бага сургуулийн багтай гоолгүй тэнцсэн тул манайхан хэсгээ тэргүүлж эхэлсэн байна.
Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестиваль өнөөдөр мөн үргэлжилж байгаа юм. Энэ өдөр үдээс өмнө "Хүчит Чулуут-ДМЮ" клуб БНСУ-ын "Giovanni", "Juyeon"-той, үдээс хойш Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг Пакистаны шигшээ баг, БНСУ-ын "Eunji"-тэй, "Хараацай" клуб "Sihueng City", "IDS Football Class"-тай, Сүхбаатар аймгийн шигшээ баг "Sangin", "Buyong"-той хүч үзэх юм. Тоглолтууд Ансон хотын спорт цогцолборын хөлбөмбөгийн хоёр талбайд болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ