“МонЭнКо” Хөшөөтийг эрчим хүчгүй орхино
"Energy Mongolia-2013” чуулга уулзалт болж байна. Монголын эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр гадаадынхан хүртэл ирж. Үүнээс харахад манайд өрнөж буй бүхий л үйл явдал сонирхолтой юм шиг ээ.
Манай улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 95 хувийг дулааны цахилгаан станц, 4.7 хувийг импортын эрчим хүч, үлдсэнийг нь дизель болон усан цахилгаан станц, бусад сэргээгдэх эх үүсвэр эзэлдэг гэх тооцоог танилцууллаа. Мөн сүүлийн жилүүдэд төвийн бүсд гарсан хэрэглээний өсөлтийг үндэсний үйлдвэрлэлээр хангаж чаджээ. Харин ОХУ-аас тодорхой хэмжээний эрчим хүч импортоор авч, төвийн хэрэглээний их ачааллын үед ашигладаг. Гэхдээ импортын ихэнхийг баруун бүсэд зарцуулдаг.
Эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны орлогын нийт дүн 280.5 тэрбум төгрөг болсон ба томоохон компаниуд улсын болон орон нутгийн төсөвт 66.3 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байна. Хэрэглэгчид болон бэлтгэн нийлүүлэгчдээс авах авлага өнгөрсөн онд 25,4 тэрбум төгрөг болж 17.5, өр 29.3 тэрбум төгрөг болж 44.5хувиар буурчээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сангаас эрчим хүчний салбарт 105.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулжээ.
Энэ салбар 1990-20128 онд олон улсын банк, санхүүгийн байгууллагаас 679.3 сая ам.долларын зээл, тусламж авсан байна. Эдгээр зээл тусламжийн хөрөнгөөр нийт 67 төсөл амжилттай хэрэгжүүлсэн гэдэг ч, гарт баригдах зүйл үнэндээ байхгүй гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн.
Тодруулбал, Монгол Улс сүүлийн 30 орчим жилд дорвитой ганц станц ашиглалтад оруулсангүй. Бүс нутгийн хэмжээнд хэдхэн эх үүсвэр ажиллаж, дутагдсан хэсгийг импортоор хангах гэж оролддог ч, өнөөдөр дизелээр ажилладаг станцтай сум манайд цөөнгүй бий.
Үе, үеийн Засгийн газар энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ гэдгийн “ачаар” цааснаас босоогүй арав гаруй эх үүсвэртэй болсон. Могойн гол, Эг, Орхоны усан цахилгаан станц, баруун бүсийг хангах Говь-Алтай, зүүн бүсийн Дорнод дахь ДЦС гээд 15 жилийн турш яригдсаар байгаа ажлын заримыг энэ онд багтаан эхлүүлнэ гэж Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж илтгэлдээ онцгойлов.
Тэрбээр дааж авсан ажлаа хийдэггүй худалчуудын талаар бас ярьсан. Тодруулбал, баруун гурван аймгийг эрчим хүчээр хангана гэж зохих зөвшөөрөлд тамга даруулсан “МонЭнКо” компани. Хөшөөтөд эзэн суусан, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ компани олон жилийн өмнө станц байгуулах талаар ярьж, Засгийн газраас элдэв хөнгөлөлт эдлэх эрх авсан ч, одоо энэ тухай асуухад “Мэдэхгүй” гэх ухааны юм ярьж суудаг юм байна.
Уг нь Хөшөөтөд тулгуурласан станц байгуулахад газарзүйн байрлал, үйлдвэрлэлийн зардал зэрэг нь туйлын тохиромжтой. Хүндрэлтэй асуудал барагтай бол гарахгүй гэх ТЭЗҮ-ийг манайхан ч, хятадууд ч тэр гаргасан юм билээ. Харамсалтай нь Хөшөөтийг Стратегийн ордын жагсаалтад оруулах, гадны болон төрийн хувь эзэмшлийн хэмжээг хуульчлан тогтоох, цаашилбал лиценз олгосон хуудууг илрүүлэх талаар яриад эхэлмэгц “МонЭнКо” хийх ёстой ажлуудаа ”мартаад” эхэлсэн нь энэ аж.
Ер нь Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжижбуйтай холбогдуулан цахилгаанэрчим хүчний хангамжийн системийг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон. Ганц баруун ч биш, өмнөд, зүүн бүст эрчим хүчний төвүүд босгохоос өөр аргагүйг хуралд оролцсон эрдэмтэд баталж байлаа.
Энэ зорилтын хүрээнд Засгийн газраас эрчим хүчний системийг бүс нутгаар нь төлөвлөж хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүний нэг нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК. Үүнийг зүүн бүс нутгийн эрчмийн хөгжлийн хурдыг тасралтгүй найдвартай хангах үндсэн эх үүсвэр гэж үздэг ч өдгөө мөн л бүрэн хүчин чадлаар ажилладаггүй гэнэ. Шалтгаан нь түүхий эдийн хангамж муу, шинэ зууны эхээр Германы тусламжаар гар хүрснийг эс тооцвол технологийн шинэчлэл огт хийгээгүй явдал.
Тус станц ашиглалтад орсноос хойш 40 гаруй жил ажиллаж байгаа ч 2018 оноос энэ хэсэгт уул уурхайн томоохон үйлдвэрүүд ажиллаж эхлэх тул зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх учир хүчин чадлаасаа давж ажиллахад хүрч болзошгүй гэж мэргэжилтнүүд сануулдаг.
Цахилгаан станцын хүчин чадлыг нэн даруй 100 мВт-аар өргөтгөх шаардлагатайг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдлага Эрчим хүчний сайд асан Д.Зоригтод уламжилсан ч “Мөнгө байхгүй” гээд өнгөрсөн байна. Дорнод, Сүхбаатар аймгийн төв болон нийт 22 сумын үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа тус станцын хүчин чадал одоогоор дөнгөж 36 мВт байгаа нь уурхай бүү хэл иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг ч хангаж чадахгүй хэмжээ юм.
Өмнөд бүсийн тухайд уул уурхай хамгийн их төвлөрсөн учраас шаардлагатай эрчим хүч хэдэн мянган мВт-аар хэмжигддэг. Тиймээс Засгийн газраасөнгөрсөн нэгдүгээр сард “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК байгуулах шийдвэр гаргасан. Энэ компани Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.
Уул уурхайд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дагаад өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ өссөн, цаашид ч тогтмол өснө. Тус бүсийн цахилгаан хангамжийг одоо таван өөр эх үүсвэрээс авдаг. Эдгээр нь төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ын Алшаа аймгийн импортын шугам, Оюутолгой төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаахудагийн ДЦС юм.
Ийм нөхцөлд өмнөд бүс дэх 15 сум, гурван том уурхайн цахилгаан хангамжийн болон түгээх сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах мэргэжлийн байгууллага шаардлагатай. Мөн эрчим хүчний тарифын бодлого хэрэгжүүлэх нэгж байхгүйгээс Өмнөговь аймгийн хэрэглэгчид таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэж байгаа юм.
Уг нь энэ компанийг байгуулснаар говийн бүсийн хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах, үнэ тарифын зохицуулалт хийгдэх, мэргэжлийн инженер техникийн ажилчидаар хангагдах зэрэг олон давуу тал бий болно гэж үзжээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар үр дүн гараагүй гэдгийг мэргэжилтнүүд шүүмжилсэн.
“Energy Mongolia-2013” чуулга уулзалт маргааш сэргээгдэх эрчим хүч, газрын гүний дулаан хангамж, говийн бүсийн эрчим хүч болон энэ салбарын олон улсын туршлагаар үргэлжилнэ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ