Сири улсыг АНУ бөмбөгдөнө гэсний хариуд ОХУ десантаа илгээх нь
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Алистер Баски нар өөрийн цэргийн нисэх хүчнийг Сирид ашиглах шийдвэр гаргасан тухай мэдэгдлээ. Тэгэхдээ "Исламын улс" террорист бүлэглэлийг устгах төдийгүй Башар Асадын армийн эсрэг тэмцэх гэнэ.
Гэхдээ АНУ-ын Төрийн департамент чухам ямар үндэслэлээр Асадын армийг бөмбөгдөх гэж байгаагаа тайлбарлаж чадсангүй. Төрийн департаментын албан төлөөлөгчийн орлогч Марк Тонер сэтгүүлчидтэй уулзахдаа "Хууль эрх зүйн ямар үндэслэлээр Сирийн сөрөг хүчнийг өмгөөлөн тус улсын Засгийн газрын цэргүүдийн эсрэг байлдааны онгоц, цэргийн нисэх хүчнээ хэрэглэх гэж байгааг би мэдэхгүй" хэмээн хариулжээ.
Америкчуудын нэрлээд байгаа Сирийн сөрөг хүчин гэдэг нь АНУ-ын сургаж дадлагажуулсан зэвсэгт отрядууд гэдгийг дэлхий дахин мэднэ. Дашрамд дурдахад, тэдний нэлээд нь "Исламын улс" террорист бүлэглэлд нэгджээ. Тиймээс АНУ үнэхээр террористуудыг дэмждэг гэдгээ санамсаргүй илчилчих шиг боллоо.
АНУ хэрэв үнэхээр байлдааны онгоцуудаа илгээхээр болбол өөрийн Конгресс болон НҮБ-аас зөвшөөрөл авах эсэх нь тодорхойгүй байна.
Харин оросууд өчигдөр мэдэгдэл хийж, өөрийн десантаа Сири лүү илгээж, террористуудыг устгахад тусална хэмээлээ. Оросын Агаарын десантын анги нэгтгэлийн командлагч, хурандаа генерал Владимир Шаманов "Сири улс террористуудыг устгахад манай Оросын десантчид туслахад бэлэн. Хэрэв манай орны эрх баригчид ийм даалгавар өгвөл бид гүйцэтгэнэ" хэмээн мэдэгдсэнийг "ТАСС" дамжууллаа.
"Орос, Сирийн хооронд эртний найрамдалт харилцаатай. Түүнчлэн Сирийн олон мэргэжилтэн, цэргийнхэн ЗХУ, Орост боловсрол эзэмшсэн" гэж В.Шаманов нэмж хэлжээ.
Өмнө нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асад "Орос улс даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Орос хэрэв Ойрхи Дорнодод байр сууриа тэлэхийг хүсвэл бид нааштай хүлээж авна, ялангуяа Газрын дундад тэнгисийн дорнод эрэг, манай боомтуудад" хэмээн мэдэгдсэн билээ.
Нэмж өгүүлэхэд, Орос улс өөрт нь хандаж тусламж хүссэн оронд цэргээ оруулах хуулийг 2009 онд баталсан, шийдвэрийг Ерөнхийлөгч нь гаргадаг билээ.
2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайнд одоогоор 230 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ