Нүүрсний томчууд дампуурч байна

Улстөрчид Тавантолгойн нүүрсний ордоо хэнээр яаж ухуулахаа шийдэж чадалгүй энэ асуудал замхрах тийшээгээ хандсан. Тэр үед биднийг хоёр талцан ёстой л өөх ч биш булчирхай ч биш сууж байхад урд хөршийн нүүрсний зах зээлийг бусад өрсөлдөгчид маань алгуурхан эзлэж байгаа тухай, мөн нүүрсний ханш дэлхийд унасаар байгааг бид дурдаж байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай гаригийн нүүрсний томоохон хэрэглээ бүхий гүрнүүд байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүч ашиглахыг аль болох эрмэлзэж эхэлсэн нь нүүрсний үнийг урьд хожид байгаагүйгээр унагасаар байна. Тиймээс ч энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний томоохон компаниуд дампуурлаа зарлаж эхэлжээ.

Тухайлбал АНУ-ын нүүрсний салбарт Peabody Energy-гийн дараа бичигддэг том компани Alpha Natural Resources энэ долоо хоногт дампуурлаа албан ёсоор зарлалаа. Зогсолтгүй унаж байгаа нүүрсний үнэ, эрэлтийн багассан түвшин болон “ногоон” эдийн засагт чиглэсэн шинэчлэлийн бодлогууд дампуурлын гол шалтгаан болсныг тус компанийн захирал Кевин Кратчфилд мэдэгджээ.

Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрээр АНУ-ын Засгийн газар цаг уурын дулаарлын эсрэг далайцтай бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээг эрс хумих, 2030 он гэхэд эрчим хүчний нүүрсний хэрэглээг 27 хувь хүртэл багасгах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл тус улс нүүрсний хэрэглээг халж, салхи, нарны эрчим хүч, байгалийн хийгээр орлуулах бодлого барьж байна.

Ер нь нүүрсний зах зээлийн хямралд Америкийн нүүрсний салбарын тэргүүлэгч компаниуд олноор өртөж байгаа. SNL Energy судалгааны фирмийн мэдээллээс харахад, сүүлийн 3 жилд тус улсын 30 гаруй компани яг ийм шалтгаанаар дампуурлаа зарласан бөгөөд цаашид ч нилээд олон компани дампуурах нь тодорхой болжээ. 2011 онд АНУ-ын нүүрсний компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 78 тэрбум доллар байсан бол энэ оны 7-р сарын эцсийн байдлаар ердөө 12 тэрбум доллар хүрэхтэй үгүйтэй болоод байгаа. Alpha Natural Resources-оос гадна АНУ-ын топ “тоглогч” Peabody Energy компани удахгүй дампуурах вий гэдэгт шинжээчид санаа зовниж байна. Учир нь Peabody Energy компани Alpha-гаас дутахааргүй хүнд байдалд орсон бөгөөд сүүлийн долоон улирал дараалан алдагдал хүлээж, корпорацийн хэмжээнд нийт ажиллагсдынхаа дөрөвний нэгийг цомхотгосон. Мөн уурхай, орд газруудаа маш хямдаар зарж эхлээд байгаа юм.

Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг топ компаниудын эрмэлзэн тэмүүлдэг газар бол манай урд хөрш. Нүүрсний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг Хятад улс АНУ-тай дээрхийн адил ногоон эдийн засгийн бодлого баримталж, нэгэнт хуримтлагдсан нүүрсээ их хэмжээгээр хадгалах, шаардлагатай хэмжээний нүүрсээ ОХУ, Казакстан зэрэг ойроос хямд үнээр авах, аль болох байгалийн хий, сэргээгдэх эрчим хүч ашиглахыг урьтал болгож байгаа юм.

Үүний зэрэгцээ дэлхийн улс гүрнүүдийн геополитикийн тоглолтоос шалтгаалах асуудал ч их байгаа юм. Тухайлбал Хятадын нүүрсний зах зээлд тив далай алгасан нүүрс нийлүүлэгч АНУ тэргүүтэй өрнөдийн улсуудын компаниуд ямар ч шансгүй болж эхэлсэн нь Хятад, ОХУ, Бразил, Энэтхэг, ӨАБНУ гэсэн гишүүдтэй БРИКС-ийн бодлогоос ч хамааралтай. Нэг үгээр хэлбэл хятадууд америк, австралиас нүүр буруулж орос андаасаа, БРИКС-ийн гишүүн орнуудаасаа л нүүрс авахыг хүсдэг болоод байна.

Гэх мэтчилэн олон шалтгааны улмаас нүүрсний ханш буурсаар байгаа нөхцөлд Монгол улс нээрэн ч Тавантолгойгоо дэмий ухаж, хятадуудад хямд үнээр зарах хэрэг байна уу, аль эсхүл ирээдүйд улам ч үнэ цэнэ нь буурна гэвэл эсрэгээр яаравчлах хэрэгтэй юу гэхмэтчилэн олон асуулт уншигч таны толгойд эргэлдэж байгаа бизээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ