Өмхийнөөсөө салаагүй цагт өөдлөх тухай бодолтгүй
Зун дууслаа. Аймгууд ойгоо тэмдэглэж, олон ч наадам боллоо. Ихэнх аймгийн эмнэлэг, сургууль ус татдаг жорлонтой ч болж амжаагүй мөртлөө өч төчнөөн зардал гаргаж, ойн баяраа тэмдэглэнэ. АНУ хаа байсан 1800 онд шийдчихсэн жорлонгийн асуудлыг бид XXI зуунд бүрэн шийдэж чадаагүй л явна. Энэ бидний ололт, амжилт гэж үү. Ахуйн хэрэглээ амьдралын түвшинг тогтооно гэж бодсоор хүн бүр утас, машин, орон сууцтай болох гэж зүтгэнэ.
Гэтэл манай улсын нийт хүн амын 27 хувь нь л инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байна. Үлдсэн нь модон жорлонд бие засаж, тэр хэмжээгээр хөрсний бохирдол нэмэгдсээр, Төв цэвэрлэхийн лаг, задгай жорлонгийн бохирдол агаарт хорт хий болж, өмхий үнэртсээр байна. Улаанбаатарыг бохирдуулж буй хэргийн эзэдийн тухай хэвлэлийнхэн хангалттай бичиж, иргэд ч залхталаа сонссон.
Гэхдээ улиг болсон гээд тоохгүй өнгөрч болохгүй сэдэв. Гэр хорооллын айлын жорлонгийн үнэр, утаанаас зугтаж хотын төвд, орон сууцанд амьдрах хүн олширч байгаа ч өмхий салахгүй дагана. Агаар, хөрс, орчны бохирдол биднийг баян ядуу, хаана амьдарч байгааг үл харгалзан өвчлүүлдэг.
ТҮР ЗУУРЫН БУС ТҮҮХ БОЛОХ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьтал энэ сэдвийг хуучруулж болохгүй. Гэтэл манайхан зуны улиралд л үүнийг ярьдаг. Намар нь найр, наадам хэсээд анзаарах сөхөөгүй. Өвөл нь өмхий үнэртэхгүй болохоор тэгсхийгээд мартчихна. Улаанбаатар хотод 10 гаруй цэвэрлэх байгууламж бий. Хамгийн сүүлд баригдсан Нисэхийн цэвэрлэх байгууламж хүртэл стандартын шаардлага хангаагүй технологитой хэмээн албаныхан хэлдэг.
Эдгээр цэвэрлэх байгууламжууд лаг буюу усанд ууссан бохирдлоо байгалийн аргаар хатааж байгаа нь 1960-аад оны технологи бөгөөд энэ хортой хийг бид өмхий үнэртлээ хэмээн ярьдаг. Цэвэрлэх байгууламжийг шинээр барихад доод тал нь 4-5 жил шаардлагатай. Энэ хугацаанд иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор л байх нь.
Тэгвэл Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газрын дарга З.Занданпүрэв Цэвэрлэх байгууламжийн шинэ технологийн холбоо” байгуулжээ. Тэрбээр Улаанбаатар хотын орчимд ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжуудаас нэг нь ч стандартын шаардлага хангахгүй. Бидэнд шинэ технологи хэрэгтэй байна. Тиймээс манай холбоо хэсэгчилсэн, жижиг цэвэрлэх байгууламж олныг барихаар төлөвлөсөн. ХанУул дүүргийн 13 хороонд байрлах Туул тосгонд амьдарч буй 100 гаруй өрх 20 гаруй жил бохирын асуудлаа шийдэж чадсангүй.
Тэр орчмын өмхий үнэр, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Бид Германы Биофэст компанитай хамтран бохир ус цэвэрлэж, жорлонгийн ус болгодог технологи нэвтрүүлж байна. Ус хэмнэх тухай хүн бүр ярьдаг ч жорлондоо цэвэр ус хийдэг манайхаас өөр орон байхгүй гэв. Хортой хийгээр утуулахгүйн тулд ийнхүү олон ажил хийж болно. Гэхдээ хотыг өмхийрүүлж буй нь ганцхан Төв цэвэрлэх байгууламж биш юм.
НЭГ ГРАММ ӨТГӨНД 10 САЯ ВИРУС АГУУЛАГДДАГХүн амьдарч буй орчиндоо амархан дасдаг. Тэр тусмаа монголчууд дасан зохицох өндөр чадвартай хүмүүс. Тиймдээ ч модон жорлонд бие засдаг иргэд эрүүл мэнддээ санаа зовохгүй, амьдралаа болж байна гэж бодсоор олон жилийг үдлээ. Үе дамжин амьдарсан ч муудсан юм алга хэмээн өөрсдийгөө өмөөрнө. Хүн биедээ ойролцоогоор 2.5 кг орчим ялгадас тээж явдаг бөгөөд хоногт дунджаар 600-800 граммыг нь гадагшлуулдаг байна.
Харин нэг грамм өтгөнд л гэхэд 10 сая вирус, нэг сая бактер, 1000 гаруй шимэгч үүрлэдэг аж. Эдгээр нь холер, цусан суулга зэрэг элдэв төрлийн халдварт өвчин үүсгэдэг. Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны мэдээллээс харахад цусан суулгаар өвчлөгсдийн тоо өнгөрсөн жилийнхээс даруй 20 орчим хувиар нэмэгджээ. Хашаа дүүрэн жорлонгийн нүхтэй, түүнийхээ хажууд гүний худагтай айл хотод олон бий.
Өтгөн шингэнээ гаргасан хөрсөн доор юу болдгийг ойлгох ухаан бидэнд алга. Уг нь дээр үеэс л манайхан гол горхи, булаг шанднаас хол зайтай бие засахыг сургаж ирсэн. Гэтэл одоо худгийнхаа хажууд жорлонтой, жорлонгийнхоо дэргэд хүүхдүүдээ тоглуулж байна. Модон гишгүүртэй нүхэн жорлонгийн шал, тавцан бие засах үед байнга бохирддог. Энэ бохирдлыг нь гишгээд гэр рүүгээ орно. Тиймээс л элдэв өвчин нэмэгдсээр байна.
Зарим хүн өтгөн, шингэний талаар ярихаар Сэжиг хүрч байна Дотор муухайрлаа гэдэг. Хөрсөө бохирдуулж, агаарт хорт хий цацахдаа ичдэггүй мөртлөө энэ талаар ярьж, бичихээс гэрэвших хэрэг алга. Усны чанар, дэд бүтцийг сайжруулах тухай ярьж, арга хэмжээ авдаг хэдий ч гэр хорооллын айлуудын ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулах талаар удирдлагууд бараг авч хэлэлцдэггүй.
Харин Эй Си Эф хэмээх олон улсын байгууллага манай орны ариун цэврийн нөхцөл байдлын талаар нэгэн судалгаа хийжээ. Тус судалгаанд Төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбогдоогүй айлууд жорлонгийн асуудлаа уламжлалт аргаар шийдэж байна. Гэр хорооллын айлуудын ариун цэврийн асуудал Засгийн газар болон ус, эрүүл ахуйн салбарт ч ач холбогдолгүй хэвээр байна.
Тиймээс үүнийг зохицуулах эрх зүйн орчин байдаггүй гэжээ. Ийнхүү төр засаг, иргэд ч өмхий үнэр, бохир байдалдаа дасан зохицсон хэвээр байна. Уг нь гэр хорооллын иргэд амьдрах орчин, ус, ариун цэврийн нөхцөлөө сайжруулах эрх эдлэх ёстой. Түүнчлэн ухамсрынхаа хүрээнд эдгээр асуудлаа шийдэх үүрэгтэй. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр төр, иргэдийн хэн хэнийх нь буруугаас болж хот өмхийрч, бохирдол нэмэгдсээр байна. Энэ талаар зарим иргэний байр суурийг сонирхлоо.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Э.Бадам:
Модон жорлонгоос болж хот өмхийрөөгүй байх. Хот бараг хогийн цэг болчихсон юм чинь өмхий үнэртэх нь ойлгомжтой. Эхлээд ил задгай хогоо цэвэрлэж, үүрэг хүлээдэггүй гудамжны хүмүүстээ арга хэмжээ авах ёстой. Гэр хорооллын айлууд олон жил энэ хэвээрээ байсан. Мэдээж хөрс бохирдож байгаа. Гэхдээ арьс ширний үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэрэг шийдэх том асуудал их байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн 21 дүгээр хорооны иргэн Г.Доржсүрэн:
Хөрсний бохирдлоос болж эрүүл мэнд муудаж байгааг мэдэж байна. Би өөрөө УСУГ-т ажилладаг. Гэхдээ надад орон сууцанд биш гэр хороололд амьдрах нь таалагддаг. Хашаандаа хүүхдүүдээ тоглож байгааг харах сайхан байдаг юм. Жорлонгийн асуудлаа л шийдчихвэл заавал орон сууцанд амьдрах албагүй. Гэхдээ тийм шийдэлд хөрөнгө мөнгө их ордог.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ