Б.Тулга: Зээлийн нөхцөлд өөрчлөлт орохгүй
Орон сууц санхүүжилтийн корпораци татан буугдсантай холбогдон тус байгууллагуус зээл авсан зээлдэгчдийн материалыг зарим арилжааны банкуудад шилжүүлсэн билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг харилцагчдад өгөх зорилгоор Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Байгууллагын санхүүжилтын хэлтсийн захирал Б. Тулгатай ярилцлаа.
-Орон сууцны санхүүжилтийн корпорациас /ОССК/ зарим төрийн албан хаагчдын зээлийн багцыг танай банк руу шилжүүлсэн юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч.
-Орон сууцны санхүүжилтийн корпораци татан буугдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 03 сарын 02-ны өдрийн 74 тоот тогтоолоор холбогдох зээлийн багцыг арилжааны банкинд шилжүүлэхээр болсон. Тус тогтоолд Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах зорилгоор Засгийн газрын үнэт цаас гарган санхүүжүүлсэн орон сууцны үлдэгдэл багцыг зээлийн гэрээний үндсэн нөхцөл өөрчлөхгүйгээр Засгийн газартай өр авлагын тооцоогүй, Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн нэг жилийн хугацаанд ханган ажилласан арилжааны банкинд шилжүүлэхээр заасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын санал, холбогдох үзүүлэлт дээр үндэслэн тус багцыг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк болон Төрийн банкинд хуваан шилжүүлэхээр шийдвэрлэсэн. /Монгол Улсын Сангийн Сайдын 107 тоот тушаал 2015 оны 05 сарын 05/
-Харилцагч өөрийн зээлээ танай банкин дээр шилжиж ирсэн эсэхийг яаж мэдэх вэ?
-Бид тус зээлийн багцыг шилжүүлэн авахтай холбоотой Сангийн яамтай гэрээ байгуулах, зээлдэгчдийн харъяа дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг бүртгүүлэх ажлуудыг хийж дууссан бөгөөд ОССК-с авсан мэдээлэлд үндэслэн зээлдэгчдийг ажиллаж буй байгууллагын хаягаар өөрийн банкны хамгийн ойр байрлах салбаруудад хуваарилсан байгаа. Манай салбар нэгжүүдээс өөрт хуваарилагдсан зээлдэгчдийн хувийн хэрэг дотор байгаа холбогдох утсаар харилцагчтай холбогдож мэдээллийг хүргэж байна. Зээлийн хувийн хэрэг дээрх холбоо барих мэдээлэл өөрчлөгдсөн, солигдсон, холбоо тогтоох боломжгүй байгаа зарим зээлдэгчид мэдээлэл хараахан хүрээгүй бөгөөд ийм харилцагч нарт гэрийн хаяг, ажлын хаягаар мэдээлэл хүргэх ажлууд зохион байгуулагдаж байна. Хэрэв та багц хуваарилагдсан тухай мэдээллийг бусад эх сурвалжаас авсан бол манай банкны 75757070 утсаар /Дотуур утас 1009/ ажлын цагаар холбогдож өөрийн зээл шилжин ирсэн эсэх тухай мэдээллийг авах боломжтой.
-Орон сууцны зээл нь танай банкинд шилжин ирсэнтэй холбоотой харилцагчдын зүгээс юуг анхаарах ёстой вэ?
-Зээл төлөх явцыг хялбар болгох үүднээс харилцагч тус банкны аль нэг салбар дээр өөрийн биеээр очин өөрийн харилцахдансыг нээх хэрэгтэй. Ингэснээр сар бүр зээл, зээлийн хүүг өөрийн харилцах дансаар дамжуулан төлөх боломжтой болох бөгөөд тус банкны салбаруудаас гадна бусад бүх банкнаасзээлийн төлөлтийг хийж болно. Тус зээл нь орон сууцны зээл бөгөөд урт хугацаатай зээл тул тогтвортой хамтран ажиллах, харилцагчид зээл төлөх үйл явцаа хялбар болгох үүднээс банкны миний мэдээ үйлчилгээг сонгон сарын төлбөрийн дүнг мессежээр хүлээн авах, интернэт банк болон мобайл банкны үйлчилгээг сонгон гэрээсээ болон ажлаасаа төлбөрөө төлөх зэргээр банкны бүх үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой гэж зөвлөж байна.
-ОССК дээр олгогдсон зээл танай банкинд шилжин ирснээр харилцагчийн зээлийн анхны нөхцөлүүдэд ямар нэг өөрчлөлт орох уу?
-Өөрчлөлт орохгүй. Анх байгуулсан гэрээний хүү болон хугацаа, төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлнө.
-Харилцагч зээлийн төлбөрийн хуваарийг өөрчлөх, хамтран зээлдэгчээ солиулах, гэрчилгээн дээрээ өмчлөгч нэмүүлэх, хасуулах гэх мэт хүсэлтэй бол үүнийг хэрхэн шийдэхвэ?
-Зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу банк төлбөрийг цуглуулж Сангийн яам руу шилжүүлэх учраас тус зээлийн хуваарийг өөрчлөх боломжгүй. Харилцагчид харилцах данс ашигласнаар зээлийн төлбөр болон өөрийн орлогын хуваарийг зохицуулах бүрэн боломжтой юм. Зээлдэгч өөрийн харилцах дансанд зээлийн хуваариас хамаарахгүйгээр орлого хийснээр хуваарьт өдөр автоматаар данснаас зээлийн төлбөр татагдаж байхаар зохицуулж байгаа. Үүнтэй адил харилцагч гэрчилгээн дээр өмчлөгч, нэмүүлэх, хасуулах, үндсэн зээлдэгчийг солих асуудал боломжгүй бөгөөд зайлшгүй тохиолдолд хамтран зээлдэгчийг банкны шаардлагыг бүрэн хангасан хүнээр солиулах хүсэлт гаргах боломжтой. Шаардлага хангасан гэдэгт нь үндсэн зээлдэгчтэй нэг гэр бүлийн холбоотой төрсөн ах, дүү, аав, ээж байх бөгөөд тухайн хүн тогтмол орлоготой байх хамаарна.
-Зээл нь шилжиж ирсэн харилцагчдад танай банкны зүгээс ямар нэгэн нэмэлт шаардлага тавигдаж байгаа юу?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалын хавсралт “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон ОССКорпорациас харилцагчтай байгуулсан зээлийн гэрээнд дурьдсаны дагуу тухайн зээлдэгч амь нас, эд хөрөнгийн даатгалд тогтмол хамрагдаж явах бөгөөд энэ нь тухайн зээлдэгчид олон давуу талыг бий болгох юм. Өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч гэнэтийн тохиолдлоор хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн болон бүрэн алдах, тухайн орон сууцанд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аюул осол тохиолдох үед зээлдэгч өөрийн хохирлыг даатгалын байгууллагаар бүрэн хангуулах боломжтой гэсэн үг. Тиймээс зээлдэгчид даатгалд хамрагдсанаар өөрт учирч болох эрсдэлийг бүрэн хаана гэдгийг ойлгож идэвхитэй хамрагдахыг зөвлөж байна.
-Зээлдэгч банкин дээрх зээлийн дансны хуулгаа авах, баталгаажуулах шаардлага гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж өгөх вэ?
-Зээлийн болон харилцах дансны хуулгыг банкны бүх салбараас баталгаажуулан авч болох бөгөөд 2015 оны 05 сарын 06-аас өмнөх буюу тус зээл ОССК дээр байх үеийн хуулгыг банк шилжин ирсэн тусгай програмаас хэвлэх боловч баталгаажуулах боломжгүй.
-Хэзээнээс эхэлж харилцагч зээлээ танай банкин дээр төлж эхлэх вэ?
-2015 оны 07 сарын 31-нээс Худалдаа Хөгжлийн Банк хуучин төлбөрийн дансаар төлбөр авахаа зогсоох бөгөөд үүнээс хойш зайлшгүй манай банкин дахь данс руу төлөхөөр болсон байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ