Э.Бат-Үүл: Улс төрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой
Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан яг одоо Шангри Ла зочид буудалд болж байгаа билээ.
Өнөөдрийн хүндэтгэлийн хуралд Ардчилсан намын лидерүүд, улс төрчдөөс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид хүрэлцэн иржээ.
Хүндэтгэлийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.
Ц.Элбэгдорж: Монголын ардчилал өөрийгөө сайжруулах хангалттай хүчтэй болсон
- Өнөөдөр бид Монгол Улсад 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдлын тухай дурсахаар цуглаад байна.
- Өнөөдрөөс 25 жилийн өмнө болсон түүхэн үйл явдалтай холбогдуулан гурван дүгнэлтийг тэмдэглэе.
- 25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол Монголчуудын түүхэн сонголт байсан.
- Энэ бол Монголчуудын бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан.
- Монголын хөгжлийн философийг Монгол хүн бүрэн эрхтэй, айл өрх бүр өөрсдийгөө аваад явчих чадалтай байхыг хэлнэ гэж би бодож байна.
- Монголын ардчилал бол Монголын ард түмний нэг удаагийн сонголт биш юм.
- Монголын Ардчилал өөрийгөө сайжруулах хангалттай хүчтэй болж чадсан.
- Монголын ардчиллын хөгжил дэвшил үйл явц зөвхөн Монголчуудаас шалтгаална.
- Монголчууд жаргавал өөрийнхөө эрхээр жаргаж, зовбол өөрийнхөө эрхээр зовъё гэж энэ түүхэн сонголтыг хийсэн.
- Хэцүү цагт хэцүү шийдлийн өмнө Монголын ард түмэн, Монголын улс төрчид нэгдэж чаддаг юм аа гэдгийг өнгөрсөн 25 жил харуулсан.
- Ардчилал гэдэг бол нэг удаагийн сонголт биш байнгын үйл явц.
- Би бол Ардчиллыг хүнтэй адилхан гэж боддог. Энэ бол хүний л хийсэн сонголт.
- Ардчиллыг амьдад нь хайрлах хэрэгтэй. Ардчиллыг байгаа дээр нь тордож, арчлах хэрэгтэй. Учир нь ахиж бий болгохын төлөө зөндөө үнэ төлдөг.
- Өөрсдийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо хийж, ардчиллаа өдий дайтай авч яваа Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье.
1990 оны долоон сарын 29-ны өдөр болсон сонгуульд 430 суудал, нийтдээ 2,413 хүн өрсөлдсөн. Тус сонгууль манай улсын нийт 98 хувь нь оролцсон. Энэ бол монголчууд бүх нийтээрээ оролцсон анхны ардчилсан чөлөөт сонгууль байсан.
Нам төрөөс миний эрх, миний амьдрал тусдаа, би тусдаа амьдарч чадна гэж үздэг хүмүүсийн тоо өмнөх тогтолцоонд гарын таван хуруунд багтах хэмжээнд байсан.
Өнөөдөр төр засгийн оролцоогүйгээр, намын оролцоогүйгээрамьдралаа аваад явж чаддаг, зохион байгуулж чаддаг хувь хүн, айл өрхийн тоо жилээс жилд нэмэгджээ.
Монголын ардчиллын байдал, ардчиллын хөгжил дэвшил, үйл явц зөвхөн монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална.
Монголын ардчилалд хүндрэл, бэрхшээлтэй сорилтууд олон байсан. Цаашид ч тохиолдох нь гарцаагүй.
Гэхдээ хэцүү цагт, хэцүү шийдлийн өмнө ардчиллын хамтран зүтгэгчид нэгдэж чаддаг юм гэдгийг өнгөрсөн 25 жилийн түүх харуулсан.
Ч.Сайханбилэг: Долоодугаар сарын 29-нийг Монгол Улсын бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгосон
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын Улсын Ардчиллын 25 жилийн ололт амжилт, сургамж” сэдвээр илтгэл тавилаа.
Түүний илтгэлээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.
- Монголын Ардчилал залуу хэдий ч Монголын төрт ёс олон жилийн түүхтэй.
- Берлиний хана нурснаас хойш Зүүн Европд эхэлсэн Ардчилсан хувьсгалын буухиаг Монгол Улс Ази тивд хийж чадсан юм.
- Ардчилал тухайн улсыг бусдын нүдэнд сайхан харагдуулдаг.
- Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн долоодугаар сарын 29-нийг Монгол Улсын бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэр гаргасан.
- МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ОЛОЛТ: Бид чөлөөт сонгуулиа хугацаанд нь явуулж, эрх мэдлээ тайван замаар шилжүүлж чаддаг боллоо.
- Монголчуудын өнгөрсөн 25 жилийн хамгийн том ололт бол улс төр, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогоо бие даан явуулж улсын дайтай улс болох түүхэн нөхцөл байдал бүрдсэн явдал юм.
- Хэвлэл мэдээлэл төр засгийн цензурээс салж, дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэхээр болж, гудамж талбайд жагсаах эрхээ эдэллээ.
- Ардчилсан хувьсгалын баяр бол ганцхан намын баяр биш нийт ард түмний баяр болж чадлаа.
- Эдийн засагт хувийн хэвшлийн эзлэх байр суурь оролцоо 70 хувь болтлоо нэмэгдсэн.
- Малын тоо толгой өнгөрсөн нийгэмд 27 саяас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр 60 орчим сая болоод байна.
- Хүн амын тоо сүүлийн 25 жилд нэг саяар нэмэгдэж бид саяхан гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа.
- Монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд 7 жилээр нэмэгдлээ.
Бан Ги Мүн: Ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцэлд Монгол Улс манлайлагч байж ирсэн
Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман үг хэллээ. Мөн тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүны мэндчилгээг дамжуулсан юм.
Жеффри Фелтман “Ардчилал баттай бэхэжсэн нийгмийг тогтооход цорын ганц загвар гэж байдаггүй.
Зүүн хойд Азид нөхцөл байдал өнөөг хүртэл амаргүй байна. Энэ бүс нутагт түүхийн хуудас эргээгүй байна.
Энэ бүс нутагт Монгол Улс түүхэн үүргийг түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатарын яриа хэлэлцээг холбогдох олон орон дэмжиж байгаа.
Өнө эртний түүхтэй Монгол Улс орчин цагийн үнэт зүйлсийг өлгийдөж ард түмэндээ эрх чөлөө олгохын төлөө тэмцэж байна” гээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүны видео мэндчилгээг хүргэлээ.
Бан Ги Мүн “Та бүхэн улс орноо сайн засаглал, эдийн засгийг бэхжүүлэх замаар ардчиллын ололт амжилтаа баяжуулж байгаад туйлын их баяртай байна. Дэлхий дахинаа ардчилал, хүний эрхийг дээдлэхийн төлөөх тэмцэлд Монгол Улс тэргүүлэх чиглэлд байхыг хүсч байна. Энэ үйлсэд Монгол Улс манлайлагч байж ирсэнд дахин талархал илэрхийлье” гэжээ.
Э.Бат-Үүл: Ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй
- Ардчилал ялсан. Бөөн баяр байлаа.
- Хамгийн гайхамшигтай нь Монголд ардчилал тайван замаар ирсэн.
- Хүн төрөлхтний түүхийг харахад дарангуйллыг хүчирхийллээр шийдсэн байдаг. Хамгийн сүүлд Арабын хувьсгал үүнийг бүр илүү тод харууллаа.
- Дэлхийд сайхан үлгэр жишээ үзүүлэх тайван хувьсгалыг Монголчууд хийсэн.
- С.Зориг, Ц.Элбэгдорж нар тайван хувьсгал хийх ёстой гэдэг байсан. Үнэхээр ингэж чадсан.
- Монголчууд бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг.
- Улс төрчдийг хүмүүсийнхээ төлөө явдаг болгох хэрэгтэй.
- Ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй.
- Ардчилалд хувийнхаа ашиг сонирхлыг урдаа барьсан, хувийнхаа ашиг сонирхлын төлөө явсан тэр улс төрчид л гай болдог. Хувийнхаа ашиг сонирхлын цаад руу тэд л бусдыг уруу татдаг.
- Үнэндээ, байгалиасаа, мөн чанараараа улс төр гэдэг бол нийтийн төлөө явах мэргэжил, ажил. Өөр юу ч биш.
- Хувийнхаа ашиг сонирхлын төлөө явж байгаа улс төрч лам санаваартан хэрнээ нүгэл үйлдэж байгаатай яг адилхан.
- Улс төрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ