Польш улсаас цахилгаан автобус нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Польш улсаасМонгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Польшийн компаниудтай хамтарч ажиллах, нийслэлд зоопарк байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотод Польш улсын Элчин сайдын яамыг дахин сэргээн нээх гэж байгаад таатай байна. Та бүхнийг найрсагаар хүлээн авах болно. Нийслэлийн хөгжилд Польшийн хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаа чухал шаардлагатай байгаа юм” гэлээ.

Элчин сайд Михал Лабенда “Польш улс Улаанбаатар хоттой хамтран ажиллахдааа таатай байх болно. Бидний зүгээс нийслэлд зоопарк байгуулах, цахилгаан автобус нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл“Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа 2016 он гэхэд дуусна. Бид 2500 автобус шинэчлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Беларусь улсаас угсраа автобус нийлүүлж, ирэх сарын 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна.

Нийтийн тээврийг шинэчлэх ажлын хүрээнд троллейбус нэмэгдүүлэх, шатахуун хэмнэж цахилгаан автобус сонгох нь чухал. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байх болно. Мөн танай улсын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод зоопарк байгуулах асуудал бол маш сонирхолтой санагдаж байна. Зоопарк байгуулахдаа манай талаас хөрөнгө оруулж, Польшийн хөнгөлттэй зээлийн хүрээнд төслийн нэгж байгуулж, хамтран ажиллах бололцоотой. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ