65 настай ренбүүчи шоронд таалал төгсжээ

Түвдийн бурхны шашны хуврага Хятадын шоронд 13 жил хоригдсоны эцэст таалал төгсчээ. 65 настай Дэнзэн Дэлэг ренбүүчи Хятадын Сичуань мужийн Чөндү хотын шоронд нас барсныг өнгөрсөн ням гаригт ар гэрийнхэнд нь дуулгасан байна.

Түүнийг Чөндү хотноо 2002 онд гарсан тэсрэх бөмбөг бүхий халдлагад холбогдулан салан тусгаарлах үзэл болон террорын хэргээр 20 жил шоронд хорих ял оноосон аж. Харин Дэнзэн Дэлэг хуврага өөрт нь тохсон хэргийг улс төрийн зорилготой хэмээн үгүйсгэж байжээ.

Энэтхэгт амьдардаг Гэш Ням хэлэхдээ Дэнзэн Дэлэг ренбүүчийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна гэжээ. Түүнчлэн “Чөлөөт Түвд” хүний эрхийн бүлгийнхэн хуврагын цогцосыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгөхийг шаардсан боловч Хятадын шоронгийн албаныхан зөвшөөрөөгүй байна.

Дээрх хэрэгт Түвдийн бас нэг хуврага Лувсан Дондов буруутгагдан 2003 онд цаазаар авахуулсан аж.

Р. Ууганцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ