Г.Эрхэмбаяр аварга өвдөг шороодоогүй аж
Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд нааламчин түмнийг шуугиулсан барилдаан бол яах аргагүй Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Дорнод аймгийн арслан Д.Анар нарын учраа байлаа.
Барилдааны бичлэгийг удаашруулж харснаар Г.Эрхэмбаяр аваргын тохой түрүүлж газарт хүрсэн хэмээн аймгийн арслан Д.Анарт тахимаа өгсөн юм. Маш багахан хугацаа, өчүүхэн төдий зөрүүн дээрээс ид барилдаж яваа залуу аваргын бүтэн жилийн хүч хөдөлмөр төрийн наадамдаа гурав давсан амжилтаар дүгнэгдээд үлдэж байгаа юм.
Зөв шүүсэн бол яахав, аавын хүүхдүүд унах гэж л наадамд ирдэггүйгээс хойш хэн нэг нь өвдөг шороодох л ёстой гэх. Хамгийн харамсалтай нь дүрс бичлэг хараад олж хараагүй буруу шүүлт гэрэл зурагчны аппаратад буужээ.
Гэрэл зурагчин Б.Бямба-Очирын маргаантай барилдааны эцсийн агшинг үнэн зөвөөр нь харуулсан зургуудыг та бүхэн эндээс харна биз.
Бараг л хайнаа гэх буюу маш нарийвчлан харсан бол Г.Эрхэмбаяр аварга дөрөв даваад барилдаанаа үргэлжлүүлэх байж л дээ. Нөгөө засуул бүрийн энгэрт камер зүүлгэнэ, ийм асуудал гарахгүй гээд л байсан хаа байна гэж асуумаар.
Сэлэнгэ аймгийн харьяат Гунаажавын Эрхэмбаяр аварга анх 2001 онд Хөвсгөл аймгийн наадамд тав давж аймгийн начин цол авснаас хойш 14 жил тасралтгүй барилдаж байна.
Найман жил улсын начин цолтой бөхийн тогоонд чанагдаж яваад 2011 онд улсын наадамд ес давж үзүүрлэн улсын арслан цол, 2013 онд мөн ес давж түрүүлэн улсын аварга цол хүртсэн сайхан бөх.
Одоо 36 настай гэж үзвэл өнөө маргаашийн наадам бүр түүний хувьд спортын амжилтын төлөө цаг хугацаатай тэмцэлдэж яваа мөчүүд гэж хэлж болох. Ийм үедээ ингээд хэдхэн хормын буруу үзэгдлээр амжилтаа хэмжүүлчихэд харамсалтай байгаа нь лавтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ