Энэ цагийн эгэлгүй хүчтэн Э.Оюунболд

Хэнтий аймаг Ардын хувьсгалаас хойш болсон 93 удаагийн баяр наадмаас хүчит бөхийн барилдааны 12 түрүүг аваад байгаа бөгөөд энэ тоог өнөө жил Улсын харцага Э.Оюунболд 13 болголоо. Тэрбээр 20 насандаа Төрийн их баяр наадамд хоёр дахь удаагаа зодоглон Улсын харцага цолны болзол хангаж байсан бол энэ жил 22 насандаа Улсын арслан цолны болзлыг хангалаа.

Магадгүй тэрбээр дараа дараагийн баяр наадмуудад тасралтгүй түрүүлэн нутаг нэгт аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргынхаа 12 түрүүлсэн амжилтыг эвдэхийг ч үгүйсгүй биз ээ. Аргын тооллын 1993 оны гуравдугаар сарын 14-ны Э.Оюунболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт аймгийн начин Д.Энхтөгсийн ууган хүү нь болон төржээ.

Багаасаа өсгөлүүн өссөн тэрбээр “Бөх л болно доо” гэхээс өөр зүйл хэлж ярьдаггүй байсан гэдэг. Аав Энхтөгс нь Оюунболд хүүг 12 настайд нь Ховдын уугуул улсын заан Мягмарсүрэн болон “Аварга” дээд сургуулийн багш, улсын начин Б.Адъяахүү хоёрт авчирч өгснөөр бөх болох зам нь шуударчээ.

Үе тэнгийн хүүхдүүд дотроо биеийн хөгжил сайтайгаас гадна, цаанаа л нэг “Энэ бандгар бор хүү сайн бөх болно” гэсэн омогшлыг багш нарт нь төрүүлдэг байжээ.

Э.Оюунболд барилдаж эхэлсэн цагаасаа л бөхийн хорхойтнуудын анхаарлын төвд амьдрах болсон юм. Түүний аавын талд гэхэд л сайн барилдчихдаг олон түмэндээ “Ачаа хар” хэмээн хүндлэгдсэн Дуламсүрэнгийн Лхаажав гэдэг 1932 онд төрсөн бөх байжээ.

1964 оны аймгийн аварга шалгаруулах барилдаанд урамтай сайхан барилдаж аймгийн заан цол хүртсэн өндөр гуалиг биетэй, гол мэх нь гэвэл хүчтэй дугтарч байгаад баруун талаараа давхар ачдаг болохоор нь дээрх нэрийг хүртсэн юмсанж.

Э.Оюунболд харцагын өвөө Дашдорж нь морь гаргууд уургалдаг шуундаа их бяртай дал гаруй настай байхдаа үүцний мах өргөөд явдаг нэгэн байсан тухай нутгийн өвгөд одоо ч санагалзан дурсдаг байна. Энэ бүхэн Э.Оюунболдыг бөх болоход нь нөлөөлсөн л байж таарна.

2012 онд Э.Оюунболд Хэнтий аймгийнхаа 89 жилийн ойн баяр наадамд хүч үзэж 256 бөхөөс ид шижигнэж буй сайцуултай нь тунан барилдаж босоо үлдэн цэл залуухан 19 насандаа аймгийн арслан цол хүртэх нь тэр.

Ямартаа ч аймгийн арслан цол хүртсэнээс хойш ганцхан жилийн дараа улсын наадамд одтой сайхан барилдаж бөхийн өлгий нутаг болсон Өвөрхангай аймгийн бөхчүүдээс улсын начин Б.Сангисүрэн улсын заан Т.Санчир, улсын арслан Д.Ганхуяг нарын тахимыг буулгаж 20 насандаа улсын харцага цолыг эзэмших болсноор Монгол бөхийн түүхэнд хамгийн залуудаа харцага цол авсан бөх хэмээн бичигдсэн юм.

(Б.Бат-Эрдэнэ аварга 21 насандаа улсын начин цол хүртсэн) Монгол бөхийн өргөөнд болдог улс аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тунахаас өөр “найраа”-гүй болсон гурван бөхийн нэг нь харцага Э.Оюунболд харцага яахын арга байхгүй мөн.

Зарим нэг нь “Наадахыг чинь ид гялалзаж байгаа залуу арслан Н.Батсуурь барьц сонгоод хаяхгүй унаж буйг хараа биз дээ. Энэ Хан Хэнтий нутаг чинь Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр зүүний магнайд хагас зуун жилээс ч илүүтэй дуудагдах болж байгаа юм биш үү” гэж ярилцах аж.

Э.Оюунболдыг сайн бөх болно гэж ярьдаг хүн бол дархан аварга А.Сүхбат аж. Тэрбээр “Оюунболд сайн бөх болох өндөр магадлалтай. Яагаад гэхээр цээж бөгс тэнцүүхэн их бяртай. Ийм бөх сайн барилдана” гэж магтдаг нь итгэл тээсэн үг гэж боддог тухайгаа энэ дашрамд хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Э.Оюунболд 2015 оны дөрөвдүгээр сарын 25-н Монгол бөхийн өргөөнд болсон хүчит 1024 бөх ийн барилдаанд ур ухаан, хүч тэнхээгээ сорин барилдаж түрүүлсэн.

Уг түүхэн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс улсын гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд нараар магнайлуулсан улсын цолтой 63, аймаг, цэргийн цолтой 346, сумын цолтой 391, цолгүй залуу бөх 224 зодоглосон юм.

Хэнтийчүүдийн итгэлийг тээж яваа Э.Оюунболд харцага зургаагийн даваа хүртэл торох юмгүй “машиндсаар” гол өрсөлдөгч болох өсөх идэр начин Пүрэвдагватай тунав. Гэвч нилээн удаан барилдсаны эцэст шуудагнаас шахаж өргөөд бярдаж давснаар үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж билээ.

Мөн тэрбээр долоогийн даваанд Ховдын харцага Б.Пүрэвсайхантай тунаж барилдаад дагуулж гуд татаж давснаар дунд шөвөгт шалгарч үлдсэн юм.

Наймын даваанд Э.Оюунболд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаад хашиж мордох мэхээр давснаар их шөвөг буюу есийн даваанд Э.Оюунболд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн арслан Э.Даштай мөн л тунан хүч үзэхдээ удалгүй дагуулж эргэж даван түрүү байрын төлөө улсын аварга Г.Эрхэмбаяртай үлдсэн юм.

Ингээд арвын даваанд харцага Э.Оюунболд маань улсын аварга Г.Эрхэмбаярыг барьц сонгон бярдаж даваад туг тойрсон билээ. Энэ бол үндэсний бөхийн хүрээнд түүхэн үйл явдал. Яагаад гэхээр урьд өмнө нь Монгол бөхийн түүхэнд 1024 бөх хүч үзэхэд 22 настай идэрхэн бөх түрүүлж байсан тохиолдол гараагүй юм билээ.

(“Энэ цагийн эгэлгүй хүчтэн улсын харцага Э.Оюунболд” Л.Энхбаатарын нийтлэлээс ашиглав)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ