Нэгэн бөхийн гэргийн захиа: Харамсмаар, гомдмоор, үзэн ядмаар наадмууд, барилдаанууд үргэлжилсээр л…
Монгол наадмын өдөр таагүй зүйлс хүргэж байна гэж та бүхэн дургүйлхэх нь таны эрх. Гэхдээ монгол наадам дан сайхан байдаггүй, дандаа инээд баясал дагуулдаггүй,сөрөг муу, сүүдэртэй тал ч чамгүй байдаг гэдгийг хийрхэн мартаж суухын хэрэггүй биз хэмээн бодож олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй нэгэн бөхийн гэргийн сэтгэгдлийг та бүхэндээ толилуулж байна. Өөрийнх нь бичсэнээр аймгийн цолтны нэгэн гэргий монгол бөхийн өнөөгийн байдлыг ингэж тэрлэжээ…
“…Би бөхийн гэргий… Гэхдээ улсын цолтных биш. Ажил амьдралаа залгуулж, бэлтгэл хийж, бөхөд дурлан амжилтын төлөө зүтгэж яваа жирийн л нэгэн аймгийн цолтны гэргий. Харамсмаар, гомдмоор, үзэн ядмаар наадмууд, барилдаанууд үргэлжилсээр л… Үр дүнд нь бөхийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж буй мөнгөгүй, танилгүй, бөхийн удамгүй гэх залуус хохирсоор л…
Улсын сайхан цолтонууд, удамт сайхан бөхчүүд, “ухаант” тэр дарга, удирдагч, тэр хүмүүсийн монгол бөхийн хөгжилд хувь нэмэртэйг үгүйсгэхгүй ч, эрэмгий дайчин, эрэлхэг бардам, элдэв муу санаагүй ээжийнхээ бор залуус л энэ бөхийг чинь хөгжүүлж байна.
Найраа гэдэг зүйлээ наян зүйлээр хийж, 70 настай өвгөд дөрөв даван мушилзаж, багш нэрт бараан доторт мөнгөөс өөрийг мөрөөдөхөө больсон хэсэг бусаг хэцүү нөхөд аймаг сумын наадмыг хиртүүлж, булингартуулж явах юм.
Шавь гэсэн нэрээр шаардсан бүхнээ хийлгэж, давах мэхийг нт заахын оронд үнэмшилтэй унахыг сургаж, хэтэвчийг нь харж хэрхэхээ шийдэж, хэдэн хоногийн өмнөөс л хэн хэн цолонд хүрэхийг хэдүүлээ тойрч суугаад ханцуйн дотроо наймаалцчих юм.
Хагас цалингаа хасуулан байж бүтэн жил хийвч шинжилгээнд илэрдэггүй шинэлэг бүхнийг шивүүлж суудаг шинжлэх ухаанч хүмүүсийн хаана ч хүрэхгүй бололтойдог шүү.
Наранд борлосон хөөрхөн царай, намайгаа дэрлээд унтах тайван байдал, шантарч няцахгүй шулуухан зан, уналаа гээд урвайхгүй, давлаа гээд далдайхгүй, даруухан чамайгаа бүр ихээр хайрлах юм.
Ингэж хичээж байхад бурхан гэж байдаг бол ивээх байлгүй. Нэг л өдөр зорьсондоо хүрнэ ээ гэж тэр инээмсэглэлд би огтхонэргэлздэггүй.Миний нүдээр иймэрхүү л байна. Бичих зүйл зөндөө байвч тоож унших нэгэнд товчхон байлгахыг хүслээ. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Зөвхөн өөрийнхөө нүдээр харж, сэтгэлээрээ мэдэрснээ л буулгалаа. Алдаа оноотой сэтгэгдлээ албадаж танд тулгаагүй шүү…”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ