Урсгал сөрж хүүхэд хөнөөсөн жолооч: Хурандаагийн эхнэр урсгал сөрөх тушаал өгсөн гэв
Сүхбаатар дүүргийн 13 хороо буюу Таван буудлын зам дээр 2014 оны есдүгээр сард СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин урсгал сөрж,улмаар зам хөндлөн гарч явсан 12 настай Сэрчмаа охиныг мөргөж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ.
Эл хэрэгт холбогдуулан тухайн үед жолоо барьж явсан Сэлэнгэ аймгийн Сум дундын Цагдаагийн тасгийн жолооч Ц.Ууганбаатарт анхан шатны шүүхээс дөрвөнжилийн хорих ял оноосон бол урсгал сөрөх тушаал өгсөн гэх тус хэлтсийн дарга, хурандаа Б.Саранбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийг Ц.Ууганбаатар болон талийгаач охины ар гэрийнхэн эсэргүүцэн давж заалдах гомдлыг гаргаад байсан юм.
Учир нь, тухайн үед урсгал сөрж яваад осол гаргасан СЭҮ 00-23 дугаартай цагдаагийн автомашин дотор Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга дарга, дэд хурандаа Б.Саранбаатар жолооч Ц.Ууганбаатарын хамтаар явж байсан аж. Ингээд хот руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалалтай байсан учраас дэд хурандаа Б.Саранбаатар жолоочдоо урсгал сөрөх үүрэг өгснөөр эл хэрэг гарсан байдаг. Тиймээс тэд тушаал хурандаа Б.Саранбаатарыг эл хэрэгт буруутай гэж үзэж байгаагаас ийн давж заалджээ.
Үүнтэй холбоотойгоор Давж заалдах шатны шүүх дээр хэргийг хэлэлцсэн юм. Энэ үеэр талийгаач охины ээж Ү.Оюунчимэгээс зарим зүйлийг тодруулахад "Уг нь Б.Саранбаатарыг хууль бус тушаал өгсөн,эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн хоёр зүйл ангиар буруутгасан ч прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг зорчигч гэж үзсэн байдаг. Тэр ч бүү хэл тухайн үед Б.Саранбаатарын эхнэр тэр машинд хамт явсан юм билээ. Тэр эмэгтэй хоёр хүүхэдтэй эх хүн гэсэн. Тэд өнөөдөр хүний нялх, цэцэг цэврүү шиг 12-хон настай охиныг дайрч амь насыг нь хөнөөчихөөд “Та нар чаддаг юм бол заргалдаад заргаа аваарай. Би танил тал ах дүү нар ихтэй. Та нар яаж ч чадахгүй” гэж дарамталж байна. Энэ үг эх хүний сэтгэлд ямар аймаар тусахыг та нар бодоод үзээрэй.
Жолооч Ууганбаатарынхаа эхнэрт хүртэл Саранбаатар тэр л үгээ хэлсэн байсан. Мөн тэр үед тэднээс архи үнэртэж байсан. Гэвч үгүй гэж гүрийдэг. Жолооч Ууганбаатар өнгөрсөн шүүх хурал дээр “Тухайн өдөр манай дарга Саранбаатар согтуу байсан. Эхнэр нь өглөө ажилдаа явах гээд яараад “Ажлаасаа хоцорлоо, урсгал сөрөөд яв” гэсэн. Тэгээд дарга эхнэртэйгээ зөвлөлдөж байгаад урсгал сөрж явах тушаал өгсөн. Дарга надад тушаал өгсөн учраас би түүний өөдөөс сөрөх эрх надад байхгүй учраас тушаал ёсоор нь урсгал сөрж явсан” хэмээн ярьсан.
Хэрвээ Саранбаатар урсгал сөрж яв гэж тушаал өгөөгүй бол жолооч урсгалаараа явсан бол миний охин амь насаа алдахгүй байсан. Сураг сонсох нь ээ, Саранбаатарын эхнэр Сүхбаатар дүүрэгт нийгмийн ажилтан хийдэг гэсэн" хэмээн нулимс асгаруулан ярьсан юм.
Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан нэгний зоргоор аашилснаас болж 12 настай охин хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хэрэг өнөө хэр нь бүрэн шийдэгдээгүй л байна.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ