ШӨХТГ цэвэр улс төрийн сонирхлоор ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дугуй түгжигч, автомашин зөөхийг ШӨХТГ-аас хууль бус гэж үзэж буй. Та бүхэн үүнд ямар байр суурьтай байна вэ? -Нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа ажил бүхнийг улс төржүүлж байна. ШӨХТГ нь төрийн захиргааны агентлаг. Албан хаагч нар нь төрийн албаных. Төрийн албаны тухай хуулинд зөвхөн төвийг сахисан үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Гэтэл ШӨХТГ цэвэр улстөрийн сонирхлоор үйл ажиллагаагаа явуулж байна. Хогийн ногоон уутыг шүүмжилсээр байгаад зогсоосон. Хоггүй хот болохын тулд хогоо савлахаас эхэлдэг. Хогны мөнгө бидний төлдөг хураамжаас санхүүждэг болохоос биш төсөвт бүрддэг татвараас санхүүждэггүй. Дугуй түгжигчийг бас шүүмжлээд байгаа. Энэ бол журам, дүрэмтэй, орон нутгийн эрх барих дээд байгуулллага, цагдаагийн байгууллага нийлээд баталсан журам. Мөн тус газраас дахин төлөвлөлтийн ажлыг иргэдийг хохироож байна гэж турхирч байна. Сая гаруй хүнтэй хотын бүтээн байгуулалтын ажлыг энэ мэт зүйлээс болж зогсоохгүй. -Бид таван сая жуулчин хүлээн авдаг болно гэж ярьж байгаа. Энэ тоо хэр бодит төсөөлөл вэ? -”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүрэхэд таван сая жуулчин авдаг болъё гэж зорилт тавьсан. Жуулчин ирнэ гэдэг хөрөнгө оруулалт. Тав биш юм гэхэд гурван саяыг татах хэрэгтэй. Тэд манай улсад ирээд 1000 ам.долларын худалдаа хийхэд хэчнээн төгрөг орж ирэхээр байна вэ. Энэ бол бидэнд орж ирж байгаа цэвэр ашиг байхгүй юу. Тэр хэмжээгээр хотын хөрөнгө оруулалт, татвар төлөгчид нэмэгдэж, засаг захиргааны ачаалал багасах олон сайн талтай. Энэ бол зүгээр нэг амаараа ярьж байгаа зүйл огт биш. Гэхдээ бид тэдэнд үзүүлэх юмаа бэлдэх ёстой. Иймд наймдугаар сард “Хүрээ даншиг” соёлын наадам хийнэ. Түүх соёлын дурсгалт газраа засварлах, үндэсний урлагаа дэмжих гээд цогц ажлыг хийж байж жуулчдыг татах юм. -Авто машины зогсоол нийслэлд тулгарч буй бас нэг асуудал болжээ. Үүнийг хэзээнээс шийдэх вэ? -Манайх шиг хүн амтай хот зогсоолыг газар дороо шийддэг. Бид газар дор, дээр ч зогсоол байгуулна. Мөн давхар шаттай зогсоолыг ч нэвтрүүлнэ. -Нийслэлээс энэ онд шинээр хаана зам тавихаар төлөвлөсөн бэ? -Энэ жил нийслэлд томоохон гэвэл зуслангийн 16.6, Гачууртын 17 км гаруй зам засварын бүтээн байгуулалт өрнөж байна. Олон жижиг зам засахаасаа илүүтэй зуслангийн замыг нэг мөсөн засахаар 28 гаруй тэрбум төгрөг шийдсэн. Хэсэгчлэн засаж, хөрөнгө үрж байхаар бодлогын хувьд нэг дайралтаар хийх томоохон шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан. Шаргаморьтын амны 2.7 км зуслангийн замаар автобус явахад хүндрэлтэй, бороо орсон үед авто машин том нүх рүү орчих гээд аюултай байсан. Өнөөдрийн байдлаар уг замыг засаж дуусахад 650 метр газарт хучилт хийх дутуу байна. Энэ бол хоёр өдрийн ажил. Технологийн дагуу таван см зузаан зам тавьж байгаа. Ийнхүү зам тавьснаар тэр орчмын айлын үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч, иргэд зуслан руугаа явахдаа түргэн хугацаанд зорчих боломж бүрдлээ. -Зам засварын ажил удаашралтай байна гэж иргэд шүүмжилж байна. Яагаад ажил саатаж байна вэ? -Бүх ажлаа оны эхээр төлөвлөж гаргасан. Ажил эхлэхээр л заавал шүүмжилдэг. Гэхдээ яарч хийж технологийн горим алдаж, муу зам тавьснаас норм журмынх нь дагуу хугацаанд нь хийх ёстой. -Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн үед шүүмжлэлд өртөж байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд гомдол гаргасныг та дуулсан уу? -Хоёрхон жилийн дотор 24 хорооллын ажлыг бид эхлүүлж чадсан. 26 байршилд үндэсний 40 орчим аж ахуйн нэгж бүтээн байгуулалт, барилгажилтын ажил хийж байна. 2013 оны нэгдүгээр сард журмаа батлан, тавдугаар сараас барилгын эхний шавийг тавьсан. Хотын төсвөөс дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж байгаа. 40 гаруй компаниас ганц нэг удаашралтай явж байгаа төлөвлөлт бий. Баянзүрх дүүргийн хувьд шинэ технологи оруулж ирэх гээд цаг алдсан. Гэхдээ иргэдийг хохироохгүйн үүднээс орон сууц авч өгөх шийдэлд хүрсэн байна лээ. 100 хувь яв цав санаанд нийлдэг ажил гэж байхгүй.Б.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ