Согтуугаар машин жолоодвол 384-768 мянган төгрөгөөр торгоно
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар өчигдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү хуулийг баталснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал болон замын хөдөлгөөний дүрэмд томоохон өөрчлөлтүүд орж буй. Эдгээр өөрчлөлтүүдийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Батхүүгээс тодрууллаа.
-Өмнө нь зургаан удаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж байсан ч шинэчилсэн найруулга хийгдэж байгаагүй. Энэ удаа хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт Замын цагдаагийн байгууллага, Зам тээврийн яам, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл хариуцсан байгууллага, олон нийтийн байгууллагын төлөөлөл олон нийтийн байгууллагууд оролцсон. Хуулинд шинэчилсэн найруулга хийснээр одоо мөрдөгдөж байгаа хуулинд иж бүрэн өөрчлөлтийг хийж буй гэж ойлгож болно. Тодруулбал, жолооч зөрчил гаргалаа гэхэд торгосон цагдаатай л эргэж таарахгүй бол 1000-10000 төгрөгөөр торгуулаад хариуцлагаас мултрах бүрэн боломжтой байсан. Харин одоо бол зөрчил тус бүрийг мэдээллийн санд бүртгэж байх юм.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагагыг багагүй чангатгажээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний/384 мянган төгрөг/ торгууль оногдуулж, жолоодох эрхийг зургаан сараар хасна.
Харин тухайн жолооч согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлөө давтан гаргавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг/768 мянга/-өөр торгож, гурван жил хүртэлх хугацаагаар жолоодох эрхийг хасна.
Шаардлагатай гэж үзвэл баривчилж, Захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Жолоочийг өмнө нь ямар зөрчил гаргаж байсан талаар тусгай мэдээллийн санд байрлуулаад тус сангаас тухай бүрт шүүж, хариуцлага оногдууулна.
-Осол гаргахад одоо жолооч эсвэл явган зорчигчийн аль нэг нь буруутаж буй. Харин ирэх есдүгээр сараас хууль хэрэгжиж эхэлснээр замын компани тэр байтугай замыг арчилж байгаа хүн Захиргааны хариуцлага хүлээх болж байгаа гэсэн.
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүхий л субъектууд харицлага хүлээдэг болох юм. Тухайлбал, замыг барьж байгуулахдаа буруу зураг төсөл хийсэн бол тэр байгууллага, замыг барихдаа стандарын дагуу тавиагүй бол замын компани, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, арчилгааг зохих журмын дагуу хийгээгүйгээс осол гаргасан бол тухайн аж ахуй нэгж, хувь хүн Захиргааны хариуцлага хүлээх юм.
Мөн бүрэн бус тээврийн хэрэгслийг буруу оношилж хөдөлгөөнд оролцуулсан оношлогооны байгууллага, хариуцлагагүй жолоочийг бэлтгэсэн жолооны курс хүртэл хариуцлага хүлээнэ.
-Хөдөө орон нутгийн зам дагуу 100 километр тутамд эмнэлгийн тусламж үзүүлэх цэг байрлана гэсэн.
-100 километр тутамд эмнэлгийн тусламж үзүүлэх цэгийг байрлуулна. Одоогоор 400-500 километр газарт эмнэлгийн байгууллага байхгүй, зарим аймгуудад гэмтлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхгүй байгаагаас иргэд маш ихээр хохирч байна шүү дээ.
Мөн Монгол Улсын иргэн бүхэнд автозамын осолд өртсөн хүнд анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл хүргэнэ.
-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхлэх өдрийг сонгохдоо санаадгүй сонгоогүй.
Энэ хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээл орно.
Мөн хууль хэрэгжиж эхэлснээр бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчийн хараа хяналтад хөдөлгөөнд оролцуулах юм. Яагаад гэвэл автын ослоос үүдэн өнгөрсөн 2014 онд гэхэд л 50 орчим хүүхэд, нийтдээ 600 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тоо нь гуравхан сая хүн амтай манай улсын хувьд дэндүү харамсалтай шүү дээ. Тэгээд ч энэхүү муу дүнгээрээ манай улс дэлхийд дээгүүрт тооцогдож байна.
-Жолоочийн эрх олгох шалгуурт өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Жолоочийн эрх олгох шалгалтыг зөвхөн замын цагдаагийн газар эсвэл нэг талын төрийн байгууллага авч байгаа. Одоо мөрдөх хуулиар Замын цагдаагийн газар, Хууль зүйн яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны яамны төлөөлөл болон бусад энэ чиглэлийн олон нийтийн байгууллага оролцсон мэргэжлийн комисс шалгалтыг авч байх юм.
-Жолооны курст суралцахдаа дүрмийн хичээлийг бие даан суралцаж болохоор зохицуулсан гэсэн. Үнэн үү?
-Тийм ээ, болно. Онолын хичээлийг бие даан үзэж болох юм. Харин жолоодлогын хичээлийг заавал дромм дээр гарч, багшаар заалгах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ