Түрүү бөхийн нэр хэн бэ?

Хэдхэн хоногийн дараа Монгол төрийн наадам эхэлж, монголчууд маань дэнж хотойтол баясан цэнгэх гэж байна.

Жил жилийн наадмын хамгийн сонирхолтой сэдэв мэдээж хэрэг наадмын түрүү бөхийн нэр. Хэн гэдэг аавын хүү энэ жилийн наадамд одтой сайхан барилдаж цол гуншингаа нэмүүлэх бол, үзүүр түрүү, шөвөгт хэн үлдэх вэ, түрүү бөхийн нэр хэний хэн бэ гэх мэтчилэн наадам дөхсөн энэ өдрүүдэд монголчууд таамгаа уралдуулсаар байна.

Тэгвэл энэ жилийн наадамд түрүүлэх бөхийн нэрс дунд дээгүүр давхиж байгаа хүчтэн бол яах аргагүй Увс аймгийн харьяат улсын харцага Ө.Бат-Орших хэмээн бөх мэддэг түмэн олон ярьж байна.

Тэрээр улс аймгийн 224 алдар цолтнууд оролцсон наадмын өмнөх сорилго барилдаанд торолгүй түрүүлсэн бол Төв аймагт бэлтгэлээ базааж байгаа Увс аймгийн Увс нуур галын бөхчүүдийн барилдаанд мөн л түрүүлсэн.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтай"-д наадмынхаа бэлтгэлийг базаадаг Увс аймгийн Увснуур галын бөхчүүдийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн юм.

Улсын гарьд Б.Гантогтохоор ахлуулсан тус галын барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин С.Батсуурь, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр,О.Гантулга, аймгийн арслан Н.Ганзориг, аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн харцага Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал, аймгийн начин Э.Элбэгбаяр нарын улс аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос Улаангом сумын харьяат наадмын сорилго барилдааны түрүү бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэсэн.

Ер нь Увс нуураас бэлтгэлээ хийж байгаа эдгээр бөхчүүдийн дунд нэлээд хэдэн наадмын үзүүр түрүүнд нэрлэгдэж байгаа бөхчүүд байгааг та анзаарч байгаа бизээ.

Мэдээж хэрэг улсын аварга С.Мөнхбат бэлтгэл сайтай, өнгөтэй байгаагаа харуулж үзүүрлэсэн, мөн өнгөрсөн жилийн наадмын түрүү магнай, улсын отгон арслан Н.Батсуурь энэ жил түрүүлж аварга цолонд хүрнэ л гэж үзнэ.

Улсын арслан П.Бүрэнтөгс, харцага А.Бямбажав, улсын начин Т.Баасанхүү нар дээгүүр барилдах нь дамжиггүйд тооцогдох бөхчүүд.

Мөн энэ жилийн наадмын түрүү бөхөд зүй ёсоор нэрлэгдэх хүчтэн бол Сэлэнгэ аймгийн бөхчүүдээ ахлан гал болж гараад байгаа улсын аварга Г.Эрхэмбаяр. Ер нь энэ жил ид үедээ барилдаж байгаа хоёр аварга, нэлээд хэдэн арслангуудын дунд хүчтэй өрсөлдөөн болох магадлал өндөр гэнэ.Тэрнээс биш аймаг цэргийн цолтой ч юмуу, хэн нэгэн начин дээгүүр цойлж таавар эвдэх магадлал тун бага гэнэ шүү.

Мөн жилийн жилд наадамчин олны хүсэн хүлээж байдаг Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамбыг мөн л яаж ч мэдэх битүү морьд тооцож болох аж.

За тэгээд наадмын сорилго барилдааны үзүүрт үлдсэн Б.Батмөнх заан их л өнгөтэй, бэлтгэл ид тэгширч яваа гэнэ.

За тэгээд байнгын өндөр бэлтгэлтэй заалны барилдаанд тогтмол дээгүүр явдаг Б.Гончигдамба харцага, Б.Пүрэвсайхан, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж гээд бүгд л үзүүр түрүүнд хүрэх чадалтай бол чадалтай хүчтэнүүд энэ жилийн наадмын өнгийг тодорхойлох нь ээ. Таны бодлоор энэ жилийн наадмын түрүү бөх хэний хэн бэ?

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ