Б.Чинтэнгис хүү эрүүл саруул болоод эх орондоо ирлээ
“Тэр аймшигтай өдрөөс хойш бараг 3 сар болох гэж байна. Хүүгээ тэсэж чадах болов уу ч гэж бодож үзсэн удаа бий.
Тэр үеийн хүүгийнхээ төрхийг бодоход л хоолой зангирах юм. Ухаан санаа минь орон гаран л байх шиг байсан даа. Ургасан хумсаараа нүүрээ маажчихвийдээ гэж айдаг үрийгээ тийм аймар болгочхоод бид хоёрт бүх зүйл харанхуй мэт санагдаж байсан.
Хүсэн хүлээлгэн байж ирсэн хонгорхон үр минь хорвоод ирэхдээ баярлуулсан шигээ дахин ээж ааваа томоос том баярлуулсан. Эрүүл энх инээгээд аав ээждээ эрхлээд л байж байвал жаргал юм даа үр минь. Хүүд минь амьдрал, харин бид хоёрт амьдрах шалтгаан хайрласан та бүхэндээ маш их баярлаж байна.
Бид гуравт өнөөдрийг болоод ирээдүйг минь тэр чигээр бэлэглэсэн Монгол Солонгосын бүх хүмүүстээ, бидний хүүд анхан шатны бүхий л арга хэмжээг авч миний хүүгийн амийг аварсан Монгол эмч нартаа, мөн эмчилж эдгээж өгсөн солонгос эмч нартаа, баярлаад баярлаад барахгүй нь ээ.
Бид гурав Монголдоо долдугаар сарын 4-нд 03.00 цаг өнгөрөөж нисээд очино. Монголдоо очоод та бүхэндээ талархсан сэтгэлээ дахин дахин илэрхийлэх болно. Б.Батбаатар, Б.Мягмарсүрэн, Б.Чинтэнгис” хэмээн хүүгийн ээж Б.Мягмарсүрэн баярласан сэтгэгдлээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан элэг нэгт монголчуудтайгаа хуваалцсан билээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр нэг ой 3 сартай Б.Чинтэнгис хүү буцалсан халуун усанд түлэгдэж, биеийнхээ 50 хувьд 4 дүгээр зэргийн түлэгдэлтэй Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт үхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байсныг уншигч та санаж буй биз ээ.
Тухайн үед бяцхан хүүгийн амь насыг аврах ганц арга нь БНСУ-руу очиж яаралтай мэс засал хийлгэх явдал байсан аж. Бяцхан хүү элэгт нэгт монголчуудынхаа сэтгэлийн хандиваар түлэгдсэнээсээ хойш долоо хоногийн дараа Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасгаас БНСУ-д руу явж эмчилгээгээ эхлүүлсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ