Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулцгаая

Монголд газрын тосны хайгуул 1938 оны үеэс ЗХУ-ын хүч хөрөнгөөр зурагчлалын хэмжээнд хийгдэж байсан боловч 1940-1941 оны эх орны дайны үед завсарласан юм. 1946-оны сүүлчээс Дорноговь аймгийн нутагт хайгуулыг дахин сэргээж Зүүнбаянгийн пойл, Дунд баянгийн пойл, Дэнгийн цагаан овооны пойл зэрэг олон талбайд эрчимтэй ажилласаны үр дүнд Зүүнбаянгийн сав газрын нефтийн ордуудыг тогтоосон юм. 1949-оны 4, 5 дугаарсараас ЗХУ-н хэсэг мэргэжилтэн Зүүнбаянд ирж хөрсний болон цулийн нягтрал, үйлдвэрийн даац, газрын байршлыг нь судлан үйлдвэр байгуулахад тохирох газар гэж сонгож байв.

1949-оны 8 дугаар сард тэрхүү тогтоогдсон газарт нефтийн үйлдвэр барьж ЗХУ-ын төрөл бүрийн мэргэжилтэн, ажилтан,ажилчид болон дайны үед Германд бууж өгсөн 505-р ангийн гэх хоригдлууд ирж орон сууц, үйлдвэрийн шугам сүлжээний шуудууг бэлтгэж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг байрлуулсан. 1952-оны 12 дугаар сарын 25-нд Маршал Чойбалсан ирж олзворын үйлдвэрийн 1 дүгээрхэсгийн 1 дүгээрцооногийн асаах товчлуурыг дарж ажиллуулсанаар Монгол улс газрын тосны үйлдвэртэй болж, дэлхийн газрын зураг дээрх Монгол улсын нутагт газрын тосны тэмдэг тавигдсан түүхтэй.

Тус үйлдвэр нь 10 шахам үйлдвэрийг дотроо багтаасан 1000 шахам ажилчин албан хаагчтай,эмнэлэг,сургууль тэргүүтэй бүх үйлчилгээний төвүүдтэй болж, 1957-оны намрыг хүртэл ЗХУ-ын харъяаны үйлдвэр байлаа. 1957-оны 7, 8 дугаар сараас уг үйлдвэрийг Монгол улс хүлээн аваад үндэсний мэргэжилтэйболовсон хүчнээр хангах бодлого боловсруулж, ЗХУ-д анхны оюутан Цагаанхүүгийн Багмид суралцан 5 жилийн дараа улаан дипломтой төгсөн нефтийн анхны Монгол инженер болон ирж байлаа. Монголчууд сайн үр дагавартай юмаа булган сүүлтэй гэдэгчлэн Багмид гуайн араас дотоод, гадаадад нефтийн дээд сургууль төгссөн өндөр боловсролтой, удирдан зохион байгуулах чадвартай, үндэсний олон сайхан инженерүүд жил дараалан ирж нутаг орныхоо баялагийг өөрсдийнхөө оюун ухаан, ур чадвараараа боловсруулж эхэлсэнд ажилчин бид ч баяртай байдаг байлаа.

Одоо ч ууган инженер Багмид, улсын төлөвлөгөөний комиссын орлогч асан Цэрэн, ерөнхийлөгчийн дэргэдэх үйлдвэр хариуцсан референт, олон улсын нефть судлалын холбооны гишүүн Санж, Эрчин хүч геологийн яамны боловсон хүчин асан Ишиг мөн Лигдэн, Доржхүү, Нарангэрэл, Жалбаа, Дашдондов нарын олон инженерүүд Улаанбаатар, Дархан Шарын гол зэрэг газарт хань ижил, үр ач, хамт олныхоо дунд бие лагшин эрүүл, залуустаа алтан сургаалаа хайрласаар жарган суугаа бөгөөд ажил амьдралых нь алтан гараа нь эхэлсэн Зүүнбаянгаа хөгжүүлэх талаар үргэлж санаа тавьж явдаг юм.

Эдгээр инженерүүд нь үйлдвэрээ үндсэний мэргэжилтэй залуу ажилчдаар хангахын тулд үйлдвэр дээр төрөл бүрийн мэргэжлийн сургалтын төв байгуулж, зэргэлдээх аймгуудаас залуучуудыг элсүүлэн авч мэргэжил эзэмшүүлэж байсан нь үйлдвэрийн жигд ажиллагааг хэвшүүлэх, улсын төлөвлөгөөт даалгаварыг цаг хугацаанд нь тогтмол биелүүлэх уралдаанд үргэлж дээгүүр байр эзлэхэд нь ихээхэн үр өгөөжтэй, чухамдаа манлайлагч үйлдвэр болж байлаа. Тухайн үед нефть боловсруулах заводод 10 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байснаас бензин, дизелийн түлш, мазут, кокс зэрэг бүтээгдэхүүн нь таваарын бүтээгдэхүүн болждотоодынхоо зохих хэрэглээг хангадаг, бусад бүтээгдэхүүн нь дотооддоо дахин боловсруулалтад орж боловсруулагддаг байв. Тус завод нь хоногт 70 орчим тонн бензин, 80 орчим тонн дизель түлш, боловсруулдаг байлаа. Зүүнбаянд үйлдвэрлэсэн бензинээр Дорноговь, Өмнөговь Хэнтий, Сүхбаатар аймгууд болон Гурван тэс, Эрдэнэдалай, Хэрлэн, Баян-Улаан, Хар айраг,Зүүнбаян, Түмэнцогт зэрэг улсын колонктой газруудыг дангаараа ШТМ-аар хангадаг байсан билээ.

Тус Зүүнбаянгийн үйлдвэрт маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал /удаа дараалан/ Ж.Самбуу гуай, Төв хорооны Цэнд, Рагчаа, Дамдин зэрэг нам төрийн удирдлага байнга ирж зөвлөгөө өгдөг байсан. Ийм л хөдөлмөр бүтээл өрнөсөн сайхан үйлдвэр говь нутагт сүндэрлэж говийн ард олны амьдрал ахуй, сурч боловсроход нь ихээхэн үр нөлөөтэй үйлдвэр байсныг иргэн бид сайн мэднэ. Энэ үед ЗХУ-ын Буриадын нутагт нефтийн томоохон орд газар илэрч түүнийгээ түшиглэсэн газрын тосны үйлдвэр байгуулж, манай нефтийг чанар муутай гэж худлаа шалтаг заан их гүрний дээрэнгүй үзлээр өөрсдийнхөө нефтийг манай үйлдвэрт шахаж өгөх болсон билээ.

Зарим үед маш олон вагоноор ирж агуулах савны хүрэлцээгүйгээс их хэмжээний торгууль төлөөсөнд орох эс бол олон хоногоор тасарч үйлдвэрийн жигд ажиллагааг алдагдуулж сул зогсолтод орох, төлөвлөгөө даалгаварыг тасалдуулах зэргээр хүндрэлтэй байдаг байсан. Ийнхүү дарамт шахалтаас болж манай үйлдвэр өрөмдлөг, контор, монтажийн байгууллага, хайгуулийн анги салбараа татан буулгаж олон сайхан мэргэжилтэй залуусаа халж байв. Ер нь чухал үйлдвэрийн гол түүхий эдийг гадаадаас авна гэдэг нь хараат байдлаа улам л лавшруулдаг юм байна гэдгийг ахмад нефтьчин бид яс махандаа тултал мэдэрсэн юм.

Энэ оны 3-р сард Засгийн газар эх орноо шатахууны хараат байдлаас чөлөөлөхийн тулд тал хээрийн бүсэд буюу Тамсагт, говийн бүсэд буюу Зүүнбаянд газрын тосны үйлдвэр байгуулах тухай 113-р тогтоол гаргасан нь ёстой л байгаа голлож оносон сум шиг хамгийн оновчтой зөв шийдэл болсон юм. Манай улс шатах тослох материал болон эрчим хүчний талаар олон жил дараалан харь гүрний хараат байдалд явснаар улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдалд тийм ч сайн нөлөө үзүүлж ирээгүй нь ойлгомжтой. Гэтэл өндөр настан Т.Намжим дээрх 113-р тогтоолыг үндсээр нь эсэргүүцэж байгаа бололтой. “Өдрийн сонин”-ы 2015.04.05-ны өдрийн 087-088 дугаарт / Аж үйлдвэрийн яамнаас газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар гаргаж буй хандлагын тухайд / гэсэн гарчигтай зүйл бичжээ.

Өндөр настан Т.Намжим бичихдээ хуучин их хурал болон Засгийн газрын шийдвэрээр Дархан уул аймагт газрын тосны үйлдвэр барих тогтоол удаа дараа гарсныг энэ Засгийн газар, Д.Эрдэнэбат сайд нар үгүйсгэлээ гэжээ. Энэхүү 113-р тогтоолд хуучин Засгийн газар УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгов гэх юмуу, Дархан-Уул аймагт газрын тосны үйлдвэр барихийг хориглосон ганц ч үг үсэг байхгүй билээ. Мөн цааш нь “сүүлийн 25 жилийн турш манай улсыг туйлдуулж байгаа,... гэх буюу ирэх 2016 оны сонгуулиар бүрэлдэх УИХ, Засгийн газар засах болов уу”... гэх зэргээр бичиж та ямар үзэл бодлыг хүсээд, ямар үзэл бодолд дургүйцээд байгаа хэрэг вэ.

Ингэж улс төржүүлэх, хангай, говиор нь, төр, засаг ард иргэдээр нь хооронд нь талцуулах, хагаралдуулах гэсэн явуургүй бодол тань нийгэмд ямар ашигтай юм бэ? Та ганцхан Дархан-Уул аймагт л нэгүйлдвэр байхад болно бусад газар байгуулах нь тохиромжгүй гэсэн утгатай зүйл бичээд байдаг нь ямар учир, зорилготой юм, ер таны мэдэх асуудал мөн юм уу? Дархан-Уулд газрын тосны үйлдвэр байгуулж болно л доо, хангайн бүсэд газрын тосны нөөцтэй талбайнууд судлагдаад байгаа, эдгээр газрынхаа баялгийг ашиглах эс бол мөрөөдөл чинь болсон ОХУ-аасаа авч, үглээд байгаа япончуудтайгаа гэрээнийхээ дагуу үйлдвэрээ байгуулахгүй юу, энэ бол таны асуудал.

Энэ 113-р тогтоолоор Дархан-Уул аймгийн газрын тосны үйлдвэр болон таны үйл ажиллагааг огтхон хориглоогүй, буруутгаагүй болохыг санаарай. Монгол Японы итгэлцэлт харилцаа сртатегийн түншлэл дээр суурилсан харилцаа учраас хувийн хэвшлийн оролцоотой иймэрхүү жижиг асуудлаас болж хоёр улсын харилцаанд сэв сууна гэж байхгүй гэдэгт бид итгэж байна. Дархан-Уул аймагт техник эдийн засгийн үндэслэл бүрдсэн гэж бичээд байгаа ч та хөрс нь бохирдсон Хонгорт үйлдвэр байгуулах гээд байна. Хонгорт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ байгаа юмуу?

Харин Зүүнбаянд бол 1949 оны 4,5-дугаар сард ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж иж бүрэн үнэлгээг бүгдийг хийсэн. 1970 оны үед Монгол улсын БХЯ, Зүүнбаянд төгс бүрэн механикжсан мото буудлагын дивиз байгуулахдаа ч бас дахин үнэлгээнүүдийг хийсэн юм. 1990 онд олон улсын газрын тосны чичирхийллийн хайгуулынхан ирж Зүүнбаянд төвлөрч байгаад үнэлгээнүүд хийсэн. 2000 оны үед Хятад улсын мэргэжилтнүүд орчны судалгааг бүрэн хийсэн ба ахмад нефтьчин бидэнтэй хүртэл уулзалт хийж байсан юм.

Зүүнбаянд ийм ийм өндөр түвшинд хийгдсэн судалгаа үнэлгээ байгаа, харин Дархан-Уул аймгийн Хонгорт ар өврийн хаалгаар олсон ойр зуурийн үнэлгээ байж болох л юм. Манай улсад газрын тосны ганцхан үйлдвэр байх хэрэгтэй, түүнийг зөвхөн Дархан-Уул аймагт байгуулна гэх юмуу, Төр засаг, мэдэл бүхий хариуцсан сайдын гаргасан шийдлийг эсэргүүцэж өөрийнхөө үзэл бодлыг тулган шаардах нь тийм ч таатай биш байна.

Нас ахисан бидэнд хаврын хийрхүү цагт иймэрхүү үймэрсэн үе байдаг л даа, тус 113 дугаар тогтоолоорД.Эрдэнэбат сайдын улс эх орныхоо хөгжлийг түргэтгэх, шатахууны олон жилийн хараат байдлаас ангижрах, тархай бутархай амьдралтай цөлжиж байгаа говь нутгаа үйлдвэржүүлэх, хүн амыг нягтаршуулах гэсэн шийдвэрийг эсэргүүцээд байгаа нь ОХУ-ын байнга давамгайлах үзэл бодлыг далдуур дэмжин, гаднаас шатахууны өртөг үнийг монопольчилж ирснийг хэвэнд нь байлгах гэсэн хэт хуучинсаг арга гэж үзэж буй ахмад нефтчин бид төр засаг, сайдын бодлыг дэмжиж Таны энэболхи саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ер нь төр, засгаас говь нутгаа их анхаарч байгаагийн нэг илрэл нь Дорноговь аймагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэрийг хэдэн жилийн өмнө гаргасан боловч Дорноговьчууд бид болон түүний бүх шатны удирдлагуудын хэт амирлангуй байдлыг бусад аймгийн удирдлагууд овжин ашиглаж аль ашигтай, цэвэр сайхан үйлдвэрүүдийг нь сугалж авсаар одоо манай аймагт хүний уушигний дайсан цемент, тоосгоны үйлдвэр л үлдэх юмуу, үгүй юмуу дэндүү харамсалтай. Ийм учраас олон улсын эрдэмтэн судлаачдын гаргасан үнэлгээ судалгааг үндэслэн мөн газрын нам дорд нефтийн орд элбэгтэй Зүүнбаянд газрын тосны томоохон үйлдвэр байгуулах нь хамгийн тохиромжтой юм.

Одоогийн Зүүнбаян нь Ази, Европыг холбосон төмөр зам, олон улсын авто замын сүлжээнд холбогдсон газар билээ. Багануурын өндөр хүчдэлд холбогдож 2014 онд ашиглалтанд оруулсан боломжийн хүчин чадалтай дулааны сүлжээ, цэвэр усан сантай, тохилог орон сууцэлбэгтэй, 900 хүүхдийн багтаамжтай иж бүрэн 12 жилийн дунд сургууль болонцэцэрлэгтэй, 150 ортой цэргийн эмнэлэг байсан барилгын багахан хэсэгт нь одоо сум дундын эмнэлэг ажиллаж байна. 650 хүний суудалтай 3 давхар тохилог соёлын төвтэй, таримал мод цэцэрлэгээр хүрээлэгдсэн цэнгээнт бүжгийн талбай бүхий 0,60см-4метрийн гүнтэй хиймэл нуур зэрэг байгууламжтай, одоо цагийн нийгэм, иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц тохилог сайхан тосгон үйлдвэрлэгчдээ хүлээж байна.

Иймд ахмад нефтьчин бид болон Зүүнбаянчууд төр засгийн түшээ нарын боловсруулсан Зүүнбаянд газрын тосны томоохон үйлдвэр байгуулах 113 дугаар тогтоолыг чин сэтгэлээсээ дэмжиж байгаагаа илэрхийлэхийн ялдамд, Аж үйлдвэрийн сайд ноён Д. Эрдэнэбат таныг Зүүнбаянд ирж манай тосгон хийгээд үйлдвэр байгуулах газар орны байдалтай танилцахыг урьж байна.

Сайн буян дэлгэрэх болтугай.

Нефть боловсруулахбайгууламжийн ахлах оператор, ээлжийн инженер асан Бичигт овгийн Хүндэт нефтьчин С. Зоригтбаатар

Нефть олзворлох үйлдвэрийн гүний засварын мастер, Хүндэт нефтьчин Ц.Нямаа

Өрөмдлөгийн үйлдвэрийн мастер өрөмдөрч, Хүндэт нефтьчин Д.Банзрагч

Нефть үйлдвэрийн цэвэр ба үйлдвэрийн усан хангамжийн дарга асан, Хүндэт нефтьчин н.Жамъяандорж

Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн хэмжигч, Хүндэт нефтьчин Н.Буян

СЭТГЭГДЭЛ БИЧИХ