Хятадын "Тройн модон морь"

БНХАУ тэргүүтэй таван тивийн 50 орон нэгдэж байгуулсан Азийн дэд бүтцийн гол төслүүдийг санхүүжүүлэх зорилготой "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк" олон улсын банк санхүүгийн тавцанд цоо шинэ үзэгдэл болоод байна. Ойрын хорин жилийн түүхэнд Дэлхийн банктай эн зэрэгцэх зорилго, дүрмийн сантай ийм том банк байгуулагдаж байгаагүй. Шинэ банк байгуулах болсноо 2014 оны аравдугаар сард Хятад улс мэдэгдэж байв. Тэгвэл тэр цагаас хойш Япон, АНУ зэрэг томоохон эдийн засгийн төв болсон улсуудаас бусад ихэнх томчууд энэ банкны үүсгэн байгуулагчийн статустайгаар нэгдэж оролцож байгаа юм. Энэ оны сүүлээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх банкинд Монгол улс ч мөн нэгдэж орсон. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2014 оны 10 дугаар сар 24-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар ч мөн энд оролцсон.

Сүүлийн жилүүдэд манай урд хөрш дэд бүтцийн салбарт асар их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа туршлагатай. Тиймээс дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай Монгол зэрэг орны хувьд энэ банкинд үүсгэн байгуулагчийн статустай оролцох нь зээл тусламж, хөрөнгө оруулалт татах давуу талтай гэж ажиглагчид үзэж байгаа. Тэгвэл АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүд энэ банкинд тийм ч таатай хандахгүй байгаа. Энэ банк нь цаагуураа Дэлхийн банк зэрэг АНУ-ын нөлөөллийн банкуудыг санхүүгийн тавцангаас шахах, тэр утгаараа геополитикийн тоглолтуудаа банкаараа дамжуулан хийх далд агуулгатай хэмээн үзэж байгаа юм.

Huffington Post-д долдугаар сарын 02-ны өдөр нийтлэгдсэн "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Хятадын Тройн морь мөн үү" нэртэй нийтлэлд ч иймэрхүү агуулга хангалттай дурдагдсан байв.

"Үнэн хэрэгтээ шинэ банк долларын ноёрхолд заналхийлэх стратегийн бодит аюул болсон тул АНУ-ын төрийн тэргүүн ийн эсэргүүцэх болжээ.

Их Британи, Япон, Австрали болон АНУ-ын ойрын бусад холбоотнууд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэх хүсэлтээ илэрхийлж эхлэхэд ч Вашингтон энэ банкийг шүүмжилсээр юуны түрүүнд өөртөө гай болох шиг. Юу гэвэл энэ оны дөрөвдүгээр сар гэхэд 40 гаруй орон тус банкны хамтран үүсгэн байгуулагч гишүүн болох өргөдлөө өгчээ. Үүсгэн байгуулагч гишүүдийн дунд өрнөдийн Их Британи, Франц, ХБНГУ, Люксембург, БРИКС-ийн ОХУ, Энэтхэг, хамгийн сонирхолтой нь саяхан хүртэл дэлхийн санхүүгийн долларын тогтолцоог хянаж байсан ОУВС хүртэл байгаа аж.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Еврази дахь дэд бүтцийн үндсэн төслүүдэд хөрөнгө төвлөрүүлэх чадвартай урт хугацааны зээл олгогчийн хувьд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны хүчтэй өрсөлдөгч болж болзошгүй. АНУ-ын дайны дараахь Бреттон-Вудсийн хэлэлцээрийн дагуу байгуулагдсан ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны аль алиныг Вашингтон чанд хянадаг тул бодлого нь доллар болон АНУ-ын ашиг сонирхолд нийцсээр ирсэн юм.

ОУВС-ийн одоогийн дүрмээр АНУ нийт саналын 16.75, геополитикийн хувьд ойрын холбоотнууд нь болох Япон 6.23, ХБНГУ 5.81, Их Британи, Франц тус бүр 4.29 хувийг эзэмшдэг тул тус сангийн бодлого АНУ-ын ашиг сонирхолтой нийцэх боломж олгодог ажээ.

БНХАУ, ОХУ, Энэтхэг, Бразил болон хурдацтай өсч буй эдийн засагтай бусад орнууд ОУВС-ийн энэ дүрмийг өөрчлөхийг шаардсаар байгаа юм. Тэд гурван их наяд ам.долларын ДНБ-тэй Франц үүнээс гурав дахин их буюу 10 тэрбум ам.долларын ДНБ-тэй БНХАУ бага саналтай байгааг шударга бус гэж үздэг билээ. Үүнээс гадна АНУ ОУВС-ийн шийдвэрт хориг тавих эрхтэй юм.

Ийм ч учир Хятад болон БРИКС-ийн бусад орнууд ОУВС, Дэлхийн банкнаас ангид, өөр олон улсын санхүүгийн байгууллага үүсгэхийг хүсэх болсон юм. Өдгөө Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк богинохон хугацаанд асар хурдан хүрээгээ тэлж санхүүгийн шинэ глобал тогтолцооны төв болох эхлэлээ тавьж байна.

Буруу тактик баримталсан АНУ энэ тал дээр алдаж, тус улсын корпорацууд олон улсын дэд бүтэц барих тендерүүдээс хасагдаж эхлэх төлөв ажиглагдаж байгаа юм. Ер нь АНУ-ын гадаад бодлогыг Барак Обамагийн үед ч, өмнөх Ерөнхийлөгч Ж.Бушийн үед ч үүссэн аливаа нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгч чаддаггүй хэсэг неоконсерватор улс төрчид гүйцэтгсээр иржээ. Тэд Хятад юу л хийнэ буруу гэж үнэлж дүгнэн Вашингтон Бээжингийн аливаа алхмыг буруу гэж эсэргүүцдэг болсон байна.

Вашингтоны гадаад бодлогыг боловсруулдаг хүмүүст Хятад нь глобал түвшинд АНУ-ын цэргийн сүр хүчид заналхийлэх өсөн нэмэгдэж буй аюул юм. Иймээс ч Барак Обама “Азийн тэнхлэг” гээч цэргийн стратеги хэрэгжүүлэн БНХАУ-ыг “бүсэлж” бухимдуулахыг эрмэлзэх болжээ. Тус улсын эдийн засаг, санхүүгийн өсөн нэмэгдэж буй нөлөө долларын тогтолцоонд заналхийлэх болсон тул энэ үйл явцыг эсэргүүцэх шаардлагатай болсон нь арга ч үгүй.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагчдын дунд Австрали, Шинэ Зеланд, Индонез, Пакистан, Филиппин, Вьетнам зэрэг Хятадын эсрэг “Азийн тэнхлэг” гэдэгт нэгдэх учиртай орнууд хүртэл байгаа юм. Тайвань хүртэл тус банкинд Хятадын Тайбэй нэртэйгээр нэгдэхийг хүсчээ.

Европ, Азийг холбосон дэд бүтэц байгуулах нь аж үйлдвэрийн хөгжилд олон арван жилийн турш асар том түлхэц өгөх юм. Азийн хөгжлийн банкны судалгаагаар, ойрын арван жилд Азийн эрчим хүч, тээвэр, холбоо болон ус цэвэрлэх байгууламжийн хэрэгцээ найман их наяд ам.долларт хүрэх ажээ. Ийм аварга том бялуунаас зулгаахыг хэн хүсэхгүй байх билээ.

1960-аад онд АНУ-д “Мөнгө ярьж эхлэхэд бусад нь дуугүй болдог” гэсэн мөр бүхий нэгэн дуу их дэлгэрч байжээ. Тэгвэл одоо Хятадад мөнгө байна, АНУ-аас бусад орон энэ улсыг тэр бүр шүүмжлээд байдаггүй болжээ. Эцэст нь хэлэхэд энэ банк Хятадын геополитикийн бодлоыгн "Тройн модон морь" мөн ч байсан биш ч байсан гарааны үйл ажиллагаандаа л 100 тэрбум доллар татан төвлөрүүлсэн нь яах аргагүй хөгжиж байгаа орнуудыг татах соронз болж чадаж байна" хэмээн бичжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ