Дундговь, Өмнөговийнхны машиныг эвдэж буй “хэвтээ цагдаа”
Дундговь аймгийн төв Мандалговь хот руу орох зам дээр нэгэн гажигтай хурд сааруулагч /Өвөрмонголчуудын нэрлэдгээр “хэвтээ цагдаа”/ байх. Түүний тэр байгуулсан байдлыг нь харахад ямар ч стандарт, хэм хэмжээний норм гээч зүйлийг мөрдсөн юм алгаа.
Овойсон, том өндрөөс гадна, ямар ч өнгө будгаар ялгаж өгөөгүйн улмаас жолооч нар анзаарч харалгүй хурдтай явж байгаад гэнэт түүн дээр машинаа үсэргэн эвдэлсээр байна. Хурд сааруулагч нь машины хэт хурдыг сааруулж багасгах сайн талтай хэдий ч ингэж хүмүүсийн машиныг эвдлээд байвал юуных нь үр өгөөж байх билээ.
Бас энд хамгийн марзан нь, уг хурд сааруулагч хэт өндөр учраас том жийптэнгүүд бол үсэргээд ч болсон давчихдаг, харин нөгөө жижиг тэрэгтэнгүүд давж чадалгүй тэнхлэгээрээ тэгнэчих гээд байдаг тул “хэвтээ цагдааг” тойрч гарсаар байгаадзасмалын хажууд бас нэг шороон зам үүсчихсэн байх жишээний.
Ерөнхийдөө, “Хурд сааруулагч” нь тодорхой хэсэг газарт замын хөдөлгөөндоролцож буй тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэхээс сэргийлэн, тухайн бүс нутгийг дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хязгаарлах зорилгоор суурилагддаг хэрэгсэл юм. Ингээд түүнд тавигддаг зарим стандарт шаардлагыг толилуулья:
Хурд сааруулагч нь тээврийн хэрэгслийн нэг чигийн хөдөлгөөнтэй болон хэсэгчилсэн бүсийн чанартай авто замын орчимд байрлах сургууль, цэцэрлэгийн дэргэдэх замд тавигдах зориулалттай. Энэхүү хурд сааруулагч нь 70 мм өндөр, 4200 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавигдах ёстой аж.
Түүнээс гадна хурд сааруулагч үзэгдэх орчин хязгаарлагдсан гарцны өмнө тавигдах зориулалттай юм байна. Тэр нь 50 мм өндөр, 350 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавигдах ёстой гэнэ.
Харин хүнд даацын ачааны автомашин явахад зөвшөөрөгдсөн замд зориулсан хурд сааруулагч нь 75 мм өндөр, 900 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавигдана.
Хурд сааруулагчийг байрлуулахад тавих шаардлага:
Хурд сааруулагч нь халуун, хүйтэн орчинд болон механик үйлчилгээг тэсвэрлэх чадвартай нийлэг /синтез/ буюу резинэн материалаар хийгдсэн байна. Асфальтан хольц болон цементэн бетоноор зорчих хэсэгт хийгдэж болно. ”Хурд сааруулагч” мэдээлэх тэмдгийг хурд сааруулагчийн шууд өмнө тавина.
-Хурд сааруулагч тавигдсан газраас 50-100 метрт анхааруулах тэмдэг тавигдана.
-Хурд сааруулагчийн гадаргуунд цагаан, шар өнгийн гэрэл ойлгогч материалаар тэмдэглэл хийгдсэн байна гэх мэт.
Харамсалтай нь эдгээр шаардлагуудын аль аль нь мөрдөгдөхгүй явсаар өдийг хүрчээ. Сонгуульд нэр дэвшигч хэн нэгэн хаа хамаагүй газарт хурд сааруулагч хийх явдал олонтоо гарч байгаа бөгөөд үүний улмаас ямар ч стандартын шаардлага хангахгүй иймэрхүү хурд сааруулагчид төмөр хүлгийн эздэд багагүй гай тарьсаар удаж байна.
Иймд, Дундговийн энэ мэт гайтай хурд сааруулагчийг даруйхан засаж янзлан арга хэмжээ авах нь зүйтэй юм!
Д.Мөнхөө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ