"Чингис хаан гран при"-гийн ялагчид гэрэл зурагт

Эмэгтэйчүүдийн 52 килограммын жинд Адьяасамбуугийн Цолмон Японы Ай Шишиме нарын алтан медалийн төлөөх барилдаан. Японы жүдоч Ай Шишиме алтан медалийн эзэн болсон бол А.Цолмон мөнгөн медаль, М.Бундмаа хүрэл, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 57 килограммын алтан медалийн төлөөх барилдааны торгон мөчүүд. Алтан медалийн төлөө манай жүдоч Доржсүрэнгийн Сумьяа өрсөлдөгч Францын жүдоч Элен Рекавьог ялсан юм. Хүрэл медалийг Хойд Солонгосын Хио Сон Ри, Японы жүдоч Каори Мацүмото нар тус тус хүртэв.

Эрэгтэйчүүдийн -60 килограммын жинд монголчууд ялагдашгүй байлаа. Энэ жингийн алт, мөнгө, хүрэл медалийг бүгдийг манай жүдочид авсан юм. Алтан медалийг Дашдаваагийн Амартүвшин, мөнгөн медалийг дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар, хүрэл медалийг Ганболдын Хэрлэн, Цэнд-Очирын Цогтбаатар нар тус тус хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн -66 килограммын жинд мөн л Монголын жүдоч босоо байв. Алтан медалийг Даваадоржийн Төсөрхүлэг авсан бол түүний өрсөлдөгч, мөнгөн медалийн эзэн нь Японы жүдоч Химүфи Абэ байлаа. Харин хүрэл медалийг ОХУ-ын шилдэг жүдочдын нэг Арсен Галстьян, манай жүдоч Довдонгийн Алтансүх нар тус тус хүртэв.

Олимпийн оноо авах "Чингис хаан" гран при хоёр дахь өдрөө Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ