Н.Алтанхуягийг Ерөнхий сайд асан А.Амартай зүйрлэвэл Монголын түүх гомдоно биз ээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхий сайд А.Амартай зүйрлэн бичжээ. Ингэж зүйрлэхдээ энэ хоёр хүн адилхан хэлмэгдсэн гэж оруулж. Ерөнхий сайд А.Амар агсаны хувьд эх орныхоо газар шороо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө, хэлмэгдэлийг сөрж чадсанаараа түүхэн хүн юм. Бусдыг хэлмэгдүүлэхгүйн тулд өөрөө баригдаж байсан. Харин Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад олон хүн АТГ-т шалгуулж, мөн хоригдож байсныг харьцуулан жиших нь энэ санааг бодож олсон хүнийг эрүүл байсан гэдэгт эргэлзэхээр байгаа бид.

Монголын түүхийг уншсан томчууд, хүүхэд аль нь ч энэ хоёр хүнийг адилтган зүйрлээд байх ямар ч шалтгаан харагдахгүй байгааг эрхбиш гадарлана. Гэтэл Н.Алтанхуяг өөрөө, эсвэл “тойрон хүрээлэгчид нь” түүнийг А.Амар агсантай зүйрлэх шалтгаан олоод ирж. Тэр нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс удаа дараа дуудагдаж эхэлсэн явдал гэнэ. Тэрбээр АТГ-т хүргэнээ, ахлах зөвлөхөө, өөрийгөө шалгуулж эхэлмэгц л Төр, нийгмийн зүтгэлтэн бөгөөд хэлмэгдэж явсан хэн нэгнийг олох арга сэдсэн бололтой юм. Ингээд “ногоон малгайтан” гэдэг нэр томьёогоор айлгахаар шийдэв.

Гэтэл Н.Алтанхуягийн яриад байгаа “Ногоон малгайтан” хийгээд 90 гаруй жилийн түүхтэй ТЕГ, нийгмийн шаардлагаар удтал хэлэлцэн байж байгуулаад одоо л “жараахай” биш “тул” барих болж “Ардчилал амьд шүү” гэдгийг нэг жишээгээр ч атугай харуулах болсон АТГ-ыг “ногоон малгайтнуудтай” хийсэн тэмцэл хэнд ч таалагдаж байсангүй.

Ерөнхий сайд байхдаа авлигын хэргээр саатуулагдаж байсан ахлах зөвлөхөө тухайн үеийн Хууль зүйн сайдыг дагуулан очсоноороо хууль зөрчиж, өмөөрөх гэсэн Л.Гансүхээ бүр ч балласан мэргэн удирдагч монгол төрийн албан тушаалд “явалдагч хүргэн” гэдэг ургийн холбооны нэр томьёог хүртэл гаргаж ирсэн “пионер” билээ. Түүнийг өрөвдсөн нэгэнд бол “тойруулж мэрсээр” хамгийн сүүлд Ерөнхий сайд асаныг өөрийг нь шалгахад хүрсэн. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэгчид өөрийгөө өлгийдөн хамгаалчихаад АТГ-тай хийх тэмцлээ үргэлжлүүлж, тэр ч байтугай ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс дуудахад нь Ерөнхий сайдаас аврал эрж гуйсан, түүний өгсөн хариунаас болж дуудахад нь очихгүй байгаагаа илчилсэн зэргээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хараар будсаар байгаа нь сонирхолтой.

Уг нь Н.Алтанхуяг олон жил улс төрд зүтгэж, нам тэргүүлж, сонгуульд ялуулж, мэхэлж, мэхлүүлж сурсан, үхэхээс бусдыг үзсэн хэрнээ Ерөнхий сайдад бичсэн хувийн хүсэлт шахуу ТЕГ-аас дуудахад очихгүй байгаа шалтгаанаа нүүр номоороо дэлгэж гэнэдэх хүн биш. Хэдийгээр Н.Алтанхуяг А.Амар агсаны хаана нь ч хүрэхгүй боловч “Монгол Улсын Ерөнхий сайд” асануудын жагсаалтад урд хойноо орон ижил албан тушаалд бичигдэхийнхээ хувьд ийм болчимгүй алхам хийж боломгүй. Лав л тэр өөрийгөө А.Амар агсантай жишиж болно гэж үзсэн бол А.Амар агсан хэзээ ч хойч үе рүүгээ ноцдоггүй, өөрийгөө Чингис хаантай, жанжин Д.Сүхбаатартай жиших тэнэг байгаагүй гэдгийг уншиж судлах ёстой байж.

Н.Алтанхуяг гишүүний хувьд АТГ-т шалгагдаж, түүний хамаатан садан нь улсын хөрөнгийг завшсан асуудлаар хоригдож байгаа юм. Адилхан хэлмэгдүүлэлтэд өртөж, адилхан хүнд байдалд орсон мэтээр харуулах гэж оролдож буй бол үзэл суртлын, оюун санааны хэлмэгдэл байж уу, эд хөрөнгөд шунасан, тэр нь илчлэгдсэн материаллаг хэрэг үүсгэдэг байж уу гэдгийг ядаж ялгахгүй байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Н.Алтанхуяг А.Амар нарын харьцуулалтыг уншаад бухимдаж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр “Яаж улсынхаа төлөө амиа өгсөн хүнийг тэжээсэн нохойндоо зуулгасан балайтай адилтгаж чадаж байна аа” хэмээн бичжээ. Энэ тодорхойлолт Н.Алтанхуяг, А.Амар нарын том ялгааг харуулж байна гэхэд буруудахгүй биз ээ.

Хатуухан хэлэхэд А.Амар агсан, Н.Алтанхуяг гишүүн нарыг хамгийн ойроор адилтгая гэвэл тэд Монголд төрсөн нь үнэн, үхэх амьтай анатомиороо ижил, харин гишгэсэн мөр нь нэг нь удмынхнаа баяжуулах, нөгөө нь улсаа хөгжүүлэх асуудлаар хэлмэгдсэн аж. Үүнд нь А.Амар агсны гэр бүлийнхэн хэдэн үеэрээ золиослогдон хэлмэгдсэн бол Н.Алтанхуягийн холбоотнууд үйлдлээрээ шалгагдаж шударга шүүхийн өмнө хэргээ шийдүүлэх гэж байна.

А.Амар агсаны хувьд өөрийнх нь хэлсэнчлэн “Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу” хандсан бол Н.Алтанхуягийн хувьд төр түүнийг харин ч аясаар нь шалгаж холбоотонтой нь уулзуулахдаа хүртэл Хууль зүйн сайдаа “өгөөд” явуулсан. Үүнээс өөр факт дэлгүүлмээр байна уу. Эсвэл ингэсгээд ичгүүрт зүйрлэлдээ залруулга хийсэн нь дээр үү гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг “өмөөрөхийг хүссэн” нөхдөд уламжилъя.

С.Лантуу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ