Төсвийн байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.07.01/ хуралдаан 9 цаг 36 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын 2016 оны төсвийн төслийн тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хийсэн юм. Тэрээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Их Хуралд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх бүтээгдэхүүний зардалд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны төсвийн төслийг боловсруулахдаа улс орны төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг харгалзан Улсын Их Хурлын 2016 оны урсгал төсвийн төслийг 2015 оны түвшнээс нэмэгдүүлэхгүй байх зарчим баримталсан тухайгаа дурдав.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхйиг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд шаардагдах Улсын Их Хурлын 2016 оны урсгал төсвийн төслийг нийт дүнгээр 24.7 тэрбум буюу өнгөрсөн оны түвшинд байхаар тооцжээ. Харин хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 5.4 тэрбум төгрөг байхаар, гадны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн орлого, зардлын төсвийн төслийг 1.7 тэрбум төгрөг байхаар тус тус тооцсон байна. Улсын Их Хуралд сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүйгээс техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй тул Байнгын хороод, нам, эвслийн бүлэг, Тамгын газрын хэлтэс нэгжээс ирүүлсэн санал, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн жилтэй холбогдуулан ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын тодорхой зардал төсөвлөх зайлшгүй шаардлагатай гэж тооцсон байна.

Төсвийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл санал хэлснээр асуулт, санал дуусч, Монгол Улсын Их Хурлын 2016 оны төсвийн төслийг Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Дараа нь Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нар Сангийн сайд болон Үндэсний аудитын газрын даргаас асуулт асууж хариулт авлаа. Улсын төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас санаачилж өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхэд байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг нь хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн төсөл”-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2014-2016 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгуулж, энэ хүрээнд хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Эдгээр салбарт 2015-2016 онд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 272 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэр хуваарилсан. Төслүүдийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь авах, зээлийн хэлэлцээрүүдийг энэ онд багтаан Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа учраас төслүүдийн зээлийн асуудлаар Улсын Их Хуралтай нэгтгэсэн байдлаар зөвшилцөж, соёрхон батлуулах зорилгоор Жилийн санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулаад байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбоглдуулан байнгын хорооны гишүүд Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа санхүүжилтийн хөтөлбөрийн төслийг зөвшилцөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2015.06.03-ны өдөр дагалдан өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан танилцуулсан юм. Хууль тогтоомжийн төслүүдийн талаарх танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж толруулан саналаа хэлэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт энэ асуудлыг салбарын сайдыг нь байлцуулж хэлэлцэх шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Ингээд гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул уг хууль тогтоомжийн төслийг Аж үйлдвэрийн сайдыг томилолтоос ирсний дараа хэлэлцэхээр боллоо.

Мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн тухай мэдээлэл”-ийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын саналын дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран хэлэлцэхээр болсон юм. Энэ асуудлын талаар Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолын дагуу Жендэрийн Үндэсний хорооны ажлын албыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулж байна. Тус алба нь одоогоор 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах, жендэрийн мэдрэмжтэй төсвийн төсөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн эх үүсвэрийг батлуулах”, түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх 2013-2016 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд “Жендэрийн мэдрэмжтэй төсөв зохиох арга зүйг улсын нэгдсэн болон орон нутгийн төсвийг боловсруулах, батлах үйл явцад нэвтрүүлэх”-ээр заасан.

Энэ хүрээнд чадавхи бэхжүүлэх, үндэсний сургагч багш бэлтгэх, гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ авах, "Оролцоонд суурилсан жендэр аудит" хийж салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулж, батлуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Ер нь "Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт"-ийг нэвтрүүлэхэд олон талын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй. Хязгаарлагдмал төсөв, хөрөнгийг үр дүнтэй хуваарилах, жендэрийн ойлголтын зөрүүтэй байдлыг залруулах чиглэлээр нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгаж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийх нь чухал байна гэдгийг сайд танилцуулгадаа дурдсан юм.

Мөн Жендэрийн үндэсний хорооны гишүүн, жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэж юуг ойлгох, түүнийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил хэмжээний хөрөнгө зарцуулах тухай, эсвэл зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай төсөв боловсруулж батлуулах асуудал биш харин төсөв, хөрөнгийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн байхаар төсөвлөхийг хэлдэг байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ