Амиа золиослогч Японы хурдан галт тэргэнд гал тавьжээ

Токио хотоос Осака чиглэлийн мянга гаруй зорчигч тээвэрлэн явсан хурдан галт тэргэнд нэгэн эр амиа золиослож, үүний улмаас энгийн хоёр иргэн амиа алджээ. Галт тэргэнд сууж байсан амиа золиослогч өөр дээрээ бензин асган галдан шатаасан хэмээн албаны хүн BBC-д мэдээлжээ.

Уг хэрэг Одовара хотын ойролцоо болсон тул тэнд зогсолт хийж шархадсан зургаан хүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ явдлын улмаас шугаманд явж байсан бусад галт тэргүүд хурдны зам дээр бүгд зогсолт хийж байгаа аж.

Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлж буйгаар тус хэрэг орон нутгийн цагаар өнөө өглөө 11 цаг 30 минутын үед Иокохама болон Одовара хотын ойролцоо болжээ.

Мэдээллийн хэрэгслээр нас барагсад болон угаартсан, шархадсан иргэдийг эмнэлэг рүү зөөвөрлөж буй үйл явцыг харуулсан байна.

Дэлхийн хамгийн найдвартай, аюулгүй тээврийн хэрэгсэлд тооцогддог хурдны галт тэргэнд ийм осол болсонд Япон улсын ард иргэд ихээхэн цочирдож байна. Тус тээврийн хэрэгсэл 320 км/ц хурдтайгаар явдаг аж.

Гэвч харамсалтай нь амиа хорлох энэ үзэгдэл тус улсын хувьд нэгэн томоохон асуудал болсоор байна. Өнгөрсөн жил Япон улс амиа хорлолтоор хамгийн өндөр үзүүлэлттэй улсаар ахин нэрлэгдсэн юм. Амиа хорлогчдыг насны байдлаар авч үзвэл 20-44 насны эрчүүд зонхилж байна.

И.Мөнхцэнгэл

Эх сурвалж: www.TODAY.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ