Сумо бөхийн Олимпийн хөтөлбөрт багтах мөрөөдөл дахин хойшлогдлоо

2020 оны зуны Олимпийн ХХХII дахь наадам Японы нийслэл Токио хотод болно. Олимпийн наадмыг зохион байгуулагч орон нэг спортын төрлийг хөтөлбөрт нь оруулах эрхтэй байдаг. Олон улсын Олимпийн хороо Япон улсад ийм эрхийг өгсөн бөгөөд Олимпийн хөтөлбөрт оруулах спортын төрлийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна.

“Токио 2020”-ын зохион байгуулах хороо 26 спортын төрлийг авч хэлэлцээд наймыг нь сүүлийн сонгон шалгаруулалтанд оролцох эрх өгчээ. Эдгээр нь софтбол, боулинг, хаданд авиралт, сквеш, сёрфинг, каратэ, үшү, дугуйт тэшүүрийн төрлүүд ирэх наймдугаар сард сүүлийн шалгалтаа өгнө.

Харин сүмо бөх эхний шатнаас хасагдлаа. Аливаа спортын төрөл нь олон улсад жигд хөгжсөн, хүн бүр хичээллэх боломжтой зэрэг хэд хэдэн шалгуурууд байдаг. Мэргэжлийн сумо бөхийн холбооноос сумог Олимпийн хөтөлбөрт оролцуулахаар олон сурталчилгааны ажил хийсэн ч дэмжлэг аваагүй аж.

Япон улс 1964 онд зуны Олимпийн XVIII дахь наадмыг зохион байгуулахдаа жүдо бөхийн төрлийг хөтөлбөрт нь оруулж байлаа. Түүнээс хойш Монголчууд жүдо бөхийн төрлөөр өндөр амжилт гаргаж, Монгол улсын анхны Олимпийн аварга нь энэ бөхийн төрлөөс тодорсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ