С.Хүрэлбаатар: Миний эмчилгээний арга барилыг оросууд сая ам.доллароор худалдан авах санал тавьсан
“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатарыг хүмүүс сайн муу янз бүрээр л ярьцгаадаг. Секс ярьж балайрдаг л гэнэ, ховсдож айлгадаг л гэнэ. Үнэн худал нь үл мэдэгдэх ам дамжсан ярианд итгэсэн цөөнхөөс хүнд өвчнийг нь илааршуулсан ачтан хэмээн дээдлэгсэд нь олон юм билээ.
Эрсдэлтэй алхам хийхээс хэзээ ч айж эмээж байгаагүй, сониуч зандаа хөтлөгдөж уйгагүй хөдөлмөрлөсөн нь өнөөдрийн С.Хүрэлбаатарыг бүтээсэн гэлтэй. Үзүүрлэсэн харандаа бусдаасаа түрүүлж элэгддэг гэдэг үг түүнд яг тохирсон мэт санагдаж байлаа.
Сэртийгээд гарчихсан зөөлөн эдийг шингэн тариагаар анагаадаг үлгэр хаана ч байхгүй
-Танай бариа заслын эмнэлгээр зуны аагим халуун өдрүүдэд ямар төрлийн өвчтэй хүмүүс үйлчлүүлдэг вэ?
-Зуны халуунд настай хүмүүсийн даралт нь ихэслээ гэж их ирдэг. Ер нь халуун наранд халж чадахгүй байгаагийн шалтгаан нь хүзүүний яс муруйж мушгирсаны улмаас толгойд хүрдэг цусны эргэлтийн хэмжээнд өөрчлөлт ордог юм. Энэ тохиолдолд наранд халахаар судас нь тэлж толгой өвдөж, даралт ихэсдэг. Харин хүзүүний хуянгүй, толгой нь өвддөггүй хүмүүс халуун наранд илүү тэсвэртэй байдаг. Тиймээс цусны даралт ихсэх өвчин нь нэг ёсондоо цусны эргэлтийн системээс хамааралтай бөгөөд бариа заслын аргаар л илааршдаг юм.
Ер нь манай эмнэлгийг хүмүүс нуруу бариа заслынх хэмээн өрөөсгөлөөр ойлгодог ч би чинь бүх төрлийн өвчинтөй ноцолдож үзсэн, практикийн эмч хүн шүү дээ. Манайхан төдийгүй дэлхий нийт эмч нарыг зүрхний, элэгний, цөснийгэхчлэн төрөлжүүлж ойлгож хэвшжээ. Үнэндээ зүрх өвдөхөдтүүнээс гардаг судас өвдөж улмаар толгойны судсанд өөрчлөлт гарч толгой давхар өвддөг. Энэ өөрчлөлтийг манай ард түмэн төдийгүй эмч нар ойлгодоггүй. Элэгнээс салаалж зүрхэнд хүрдэг артерын ипотека гэх судсыг эмчлэх эмчилгээ байхгүйг харахад л хүнийг бүрэн дүүрэн эмчлэх эмчилгээ дэлхий дахинд алга.
Уг нь чамайг эмчлэхийн тулд зүрх, бөөр, элгийг чинь жигд эмчилж байж анагаах учиртай биз. Гэтэл орчин үеийн анагаах ухаанд ийм эмчилгээ хийгдэхгүй байна.Харин би бол бүх төрлийн өвчнийг эмчилнэ. Ер нь зүрх, бөөр, элэгний гэх мэтчилэн эмч нарыг төрөлжүүлж бэлтгэж байгаа нь эргээд өвчнөөр бизнес хийж байгаа хэрэг л дээ.
-Монгол хүний нас баралтын шалтгаанд элэгний өвчин нэлээд дээгүүр байр эзэлдэг. Тиймээс элэгний B, C вирусыг 99 хувь устгадаг эм тун удахгүй манайд орж ирэх гэж байна. Эмэн эмчилгээг дэмждэггүй таны хувьд уг эмийн тухайд ямар бодолтой байгаа вэ?
-Тун удахгүй элэгний B,C вирусыг эмчлэх асар үнэтэй эм Монголд орж ирэх гэж байна. Ганц эм, эмчилгээгээр элэгний өвчнийг анагааж болдоггүй юм. Энэ чинь цэвэр бизнес. Хэдэн жилийн өмнө манайд кундалин нэртэй тариа орж ирэхэд олон хүн мөнгөө зарж эмчилгээ хийлгэсэн ч эдгэсэн хүн алга. Ер нь ямар ч эм тариаг шүүгч эрхтэн болох элэг, бөөр хүний биеэс цэвэрлэн гадагшуулдаг юм. Тиймээс хүн төрөлхтөний өмнө элэгний өвчнийг бүрэн дүүрэн эмчлэх тухай асуудал яригдахаа больсон. Харин уг өвчнийг даамжруулахгүйгээр хэрхэн барих асуудал л хөндөгдөж байгаа. Ийм байхад тэр үнэтэй эм элэгний вирусыг устгаж чадахгүй. Яахав, эхний үед элгэний вирусыг устгаж байгаа мэт харагдах л байх. Гэвч хэдхэн сарын дараа дахиад л өвдөнө шүү дээ. Үүнийг би харин ч баталгаатай хэлж чадна. Харин би бол элэгний вирусыг 100 гаруй мянган төгрөгөөр л эмчилнэ.
-Тэгэхээр бусад эм тариан эмчилгээг ч та үгүйсгэдэг гэж ойлгож болох уу?
-Монгол хүний эрүүл мэндийн төлөө бид өөрсдөө л ажиллах ёстой. Харамсалтай нь манай эмч нар мөнгөний төлөө сүлжээний эм борлуулсаар байна. Уг нь хүн хөдөлмөрөө үнэлэх нь зүй ёсны хэрэг ч гэлээ тангараг өргөсөн эмч нар уг асуудалд хязгаартай хандах учиртай. Манайхтай ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг бусад эмнэлгүүд нурууны үенд тариа тарьж өвчнийг нь анагааж байна гэх юм. Муруйж мушгирч сэртийгээд гарчихсан зөөлөн эдийг шингэн тариагаар анагаадаг үлгэр хаана ч байхгүй. Харин уг шморлын эвэрхийг тодорхой хугацаанд нурууны үенд нимгэн суулгац суулгаж авдаг тогтсон үе шаттай. Тиймээс бинурууны муруйлтыг компьютер зурагнаас илүүтэйрентген зургаар тодорхойлж тохирох эмчилгээг нь хийдэг.
Би 1000 гаруй бүсгүйг бариа заслын аргаар үртэй болгосон
-Ер нь сүүлийн үед нурууны өвчин нэлээд залуужих хандлага ажиглагдаж болжээ. Нурууны өвчний үндсэн шалтгаан нь юу байдаг вэ?
-Нурууны өвчин тухайн үедээ өөрт зовиургүй мэт санагдах ч 10, 20 жилийн дараа суулт өгч хэвтэрт орж бүо дордоход амь насанд хүрдэг аюултай өвчин. Нурууны өвчин чинь жаахан доргилтоос эх авдаг юм. Хөлд орох гэж мөлхөж буй жаахан хүүхэд толгойгоо даалгүй юм мөргөж, бүдэрч унахад л тархи нь доргидог. Арай том болоод ирэхээр охид нь чарта, дээс тоглож, хөвгүүд нь морьноос унана. Ингэж хүүхэд насандаа авсан гэмтлээ мэдэхгүй явсаар өвчин нь даамжирпаг аюултай. Сүүлийн үед автомашины осол аваар их болж. Ер нь хий гишгихэд л доргилт үүсдэг. Учир нь нуруу дагасан мэдрэлийн судал нүд, хацар, зүрх, уушиг, элэг, бөөр, бүдүүн нарийн гэдэс, өндгөвч, сав, төмсөгт очдог. Бүгд хоорондоо холбоотой учраас нурууны муруйлт үүсэхэд мэдрэлийн судал даган бүх эд эрхтэний мэдрэл дарагдаж өвддөг.
Нурууны муруйлтаас үүдэн сав хазайдаг. Үүнийг манай эмч нар ярихгүй байна.Залуу охидын тухайд сарын тэмдэг өвдөлттэй ирдэг, тэгэхдээ олон хоног их хэмжээтэй үзэгддэг. Эсвэл огт үзэгдэхгүй алга болох тохиолдол түгээмэл байдаг. Энэ чинь ерөөсөө нурууны мэдрэлтэй холбоотой, Монголын анагаах ухаанд төдийгүй дэлхийд тогтоогдсон зүйл. Энэ байдал даамжирсаар эмэгтэйчүүд жирэмслэх боломжгүй болдог. Би ийм оноштой 1000 гаруй бүсгүйг бариа заслын аргаар савны мэдрэлийг нь чөлөөлж үртэй болгосон.
-Та ч олон хүнд үр хүүхэд бэлэглэсэн буянтай ажил хийжээ?
-Тийм шүү, би нэг үе Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан юм. Тэр үед мундаг боловсролтой эмч нартай хамт ажиллаж байлаа. Тэд оросын ном, сэтгүүлүүдийг байнга уншиж, намайг ч их шахна. Нэг сэтгүүлээс өсвөр насны охидын сарын тэмдэг ирэх үед мухар олгойд улаалт үүсчхурц үрэвсэл элбэг тохиолддог тухай уншсан юм. Тийм хэд хэдэн хүүхдүүдэд хагалгаа хийж байсан юм. Би эрсдэлтэй зүйл хийхээс хэзээ ч айж байгаагүй учраас мухар олгойг хэрхэн эмчлэх тухай судалж үзлээ. Миний хувьд оюутан ахуй цагаасаа зүү тавихыг сонирхож судалсан болохоор тус эмнэлгийн сувилагч Бямба эгчтэй хамтарч нэг охинд 10 удаа зүү тавьж мухар толгойн үрэвслийг анхан шатанд нь эмчилсэн юм. Мөн 1988 онд элэгний хавдрыг зүү тавьж 24 цагийн турш өвдөлтийг ньбарьж байсан. Гэтэл морфин уг өвдөлтийг дөрвөн цагийн хугацаанд л барьдаг юм билээ. Түүнчлэн олгойны хагалгааг мэдээ алдуулалгүй, зүү тавьж хийж байсан. Зүү тавьж хийсэн хагалгааны шарх цаашаа идээлдэггүй, гоё эдгэдэг онцлогтой.
-Эрсдэлээс айдаггүй таны эмчилгээний онцлог юунд оршдог вэ?
-Бид гараа эсгэчихээд шалбарсан арьсаа дараад бооход амархан эдгэдэг шүү дээ. Тэгэхээр хүн өөрийгөө анагаах увидастай байдаг аж. Тиймээс би уг механизм дээр тулгуурлан бариа засал, ховсоор эмчилгээгээ хийдэг.
Манай ард түмэнд хоёр том дутагдал байна. Үүнд нэгдүгээрт, өвчин нь хүндрээд эцсийн шатанд хүрсэн үед эмнэлэгт ханддаг. Энэ нь ерөөсөө эдийн засагтай холбоотой л доо. Бие нь чилээрхсэн хүн төлөх мөнгөгүй, түүний дээр ажилдаа боогдоод эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Тэгэхээр нийгэм, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой байгаа биз. Герман, Англи, Америк зэрэг өндөр хөгжилтэй улс орны иргэд эрүүл мэндийн дэвтрээрээ эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэдэг. Гэтэл манайд хэн төлбөр төлнө, тэр хүн эрүүл мэндийн үйлчилгээ авна гэсэн зарчим үйлчилж байна. Үүнтэй холбоотой нэг жишээ дурьдая. Саяхан миний нэг танил улаан хоолойны хавдар гэдэг оноштой Америкт очиж 90 мянган ам.долларын өртөгтэй эмчилгээ хийлгээд ирлээ. Америкийн эрүүл мэндийн салбарын соёл маш сайн хөгжсөн байдаг учраас эмч нар нь өвчтөнийхөө өөрсдөө орж ирээд үзлэг хийж, төрөл бүрийн шинжилгээ авч эмчилсэн шиг эмчилж, үйлчилсэн шиг үйлчилсэний үр дүнд хоолойгоор нь юу ч орохгүй явсан танил маань тахианы мах иддэг болоод ирсэн. Дэлхий дахин ийм гайхамшигтай үйлчилгээ үзүүлж байхад манайхан яагаад нэвтрүүлж чаддагүй юм бэ. Үүнээс болоод эрүүл мэндийн салбарт ирэх ёстой мөнгөний урсгал гадагшаа урсаж байна. Үүнийг яагаад өөрчилж болохгүй гэж.Тиймээс нэн түрүүнд боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байна.Барууны эмч нар үйлчилгэний соёлоороо дэлхийд тэргүүлж байгаа ч надаас 15 жилээр хоцорч байгаа. Би үүнийг бардам хэлж чадна.
-Үүнийгээ тодруулж болох уу?
-Би нэг жишээ хэлье, АНУ-д хар тамхины төрлийн эмээр уналт таталт өвчинг эмчилдэг бөгөөд үүнийг хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрдөг. Гэтэл манай эмнэлэгийн эмч нар өдөр бүр уналт таталт өвчтэй хүүхдүүдтэй ноцоллдрж, илааршуулж байна. Австралийн эмч нар уг өвчний эх үүсгэврийг одоо л судалж эхэлж байгаа тухайгаа ярьж байна. Гэтэл би аль дөрвөн жилийн өмнө үүний талаар Германд хэвлүүлсэн номондоо тодорхой бичсэн шүү дээ. Австрали эмч нар дөнгөж одоо судалгаа хийж буй учраас эмчилгээний аргаа олох гэж олон жил зарцуулна. Ер нь нэг нээлт хийхэд 15-20 жилийн хугацаа шаардагддаг. Тэгээд ч сэтгэхүйтэй байж гэмээнэ шинэ зүйл нээнэ үү гэхээс хэн дуртай нь нээлт хийдэггүй. Харамсалтай нь тэдэнд тийм сэтгэхүй байхгүй л дээ. Өнөөдөр дэлхий нийт америк эмч нарын гаргасан зарчмыг баримталдаг учраас түүнээсээ хазайж чадахгүй хайрцаглагддаг. Харин миний хувьд аливааг эрэлхийлдэг, зөрүүд хүн учраас тухайн өвчнийг эмчлэх өөр ямар төрлийн арга байгааг эрж хайдаг онцлогтой. Үүний дүнд1985 онд Завханы чавганцаар бариа заслыг анх заалгаж байлаа. Харин ховсын шинжлэх ухааныг Монгол Улсын ховсын холбооны тэргүүн Батбаяр багшаас сурсандаа талархаж явдаг.
Сүнснүүд надаас салахгүй шөнө оройн цагаар үзэгдээд хэцүү байдаг
-Ховсоор ямар төрлийн өвчнийг эмчилдэг вэ?
-Би дэлхийн ховсын шинжлэх ухаанд хараал өвчин хэмээх шинэ нээлт хийсэн. Уг өвчнийг монголчууд байтугай дэлхий нийт ойлгодоггүй. Хүн хүнээ хараахад тэр нь өвчин болж ирдэг. Үүнийг хараалын өвчин гэж нэрлэдэг юм. 1997 оны үед би Ж гэдэг таньдаг ламындаа очиход тэрээр хараал хариулаад сууж байна. Тухайн үед би хараалын талаар ямар ч ойлголтгүй байсан учраас түүнээс учрыг нь лавласан юм. Би чинь тийм л сониуч хүн. Ингэж л хараалын өвчинг судалж байлаа. Мөн Дорноговь аймгийн нэг залуу мотоциклоос унаж дөрвөн мөч нь мэдээгүй болчихсон над дээр ирсэн юм. Би хааяа юм үздэг ч түүнийгээ ил гаргадаггүй л дээ. Тэгээд тэр залуугийн бэртсэн байдал нь надад харагдсан юм. Үүнийгээ хэлтэл өнөөх залуу мэл гайхаж байсан. Энэ мэт жишээ олныг дурьдаж болно. Тиймээс би уг мэдрэмжиндээ үндэслэн “Ховс, био орон зайн өвчлөл, эмчилгээ” номоо бичиж Германд хэвлүүлсэнийг дэлхий нийт уншиж байгаа.
-Хараалын өвчтэй хүмүүст бариа заслын эмчилгээ хийхээс өмнө заавал тухайн хараалыг нь зайлуулах шаардлагатай юу?
-Ер нь хараалын өвчтэй хүмүүс их ирдэг. Зүрхний өвчтэй нэг хүүхэд над дээр ирсэн юм. Тэр хараалын өвчтэй байсан учраас би эхлээд гурав хоног галын засал хийгээд дараа нь бариа заслын эмчилгээ хийсэн ч тэр хүүхэд хөхний хавдраар нас барсан. Өндөр зэрэгтэй хараалын өвчнийг яаж ч хариулаад болдоггүй юм билээ. Хараал нь хүний аура бүрхүүлийг нэвтэрч орсон тохиолдолд хариулахад харьцангуй хялбар байдаг. Харин физик биеийг нэвтэрч өвчин болсон тохиолдолд амаргүй л дээ. Гэтэл манайхан хараал нь өвчин хэлбэрт шилжссэн үедээ ирдэг. Тэдний дийлэнхийг би эмчилдэг ч өвчин нь хавдар болж 4-5 дугаар шатандаа тулсан үед бол хэцүү л дээ. Хараал, ерөөл чинь бодит зүйл.
-Та хараалын өвчтэй хүнийг шууд хараад мэдэрдэг үү?
-Хүний орон зайг үзэсний дараа сүнснүүд надаас салахгүй шөнө оройн цагаар үзэгдээд хэцүү байдаг болохоор би харахыг ч хүсдэггүй. Галын засал хийж өгөөд л явуулдаг. Ер нь хэцүү ш дээ.
-Та далд зүйлийг хардаг, түүний дээр галын засал хийдэг гэхээр бөөгийн онгодтой юм уу, эсвэл?
-Онгод, бөөгийн талаар надаас илүү таийлбарлах хүн Монголд байтугай дэлхийд байхгүй. Энэ тухай би номондоо ч бичсэн. Намайг био энергитэй ховсчин гэж олйгож болно. Би тангараг өргөсөн эмч хүн учраас өөрийнхөө хийсэн болгоныг гайхуулж ярьдаггүй л болохоос бамбай булчирхайн хорт хавдрыг ховсоор эмчилсэн шүү дээ
Сүүлийн үед хүмүүс залуу насныхаа гоо сайхныг урт удаан хугацаанд хадгалахыг хүсдэг болж. Тиймээс би нэг нууц хэлье. Үргэлж залуу сайхан байхын гол үндэс нь нуруу, хүзүү тэгш байх явдал юм. Хүзүү дагасан артерийн судас дарагдсаны улмаас тархи тэжээлээ алдаж арьс хуурайшиж хөгширдөг. Гэтэл хүмүүс арьсандаа хэт анхаарч гаднаас нь өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн нялаад л байдаг. Арьсны нүх сүв нээлттэй байснаар тэжээл авдаг юм. Тиймээс арьс болон нурууны мэдрэлээ чөлөөлж өгсөнөөр хүн урт насалж, залуу харагдана.
-Европын эмч нараас хэдэн арван жилээр түрүүлж яваа та Монголын эрүүл мэндийн салбарт дутагдаж байгаа зүйлийг хэрхэн хардаг вэ?
-Манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь нурууны муруйлттай хэрнээ бөөрний өвчин хэмээн оношлуулж буруу эмчилгээ хийлгэсэн байдалтай ирдэг. Практик туршлагаас харахад бөөрний өвчин тэр бүр тохиолдоод байдаггүй юм билээ.Аль 1878 онд хэрэглэж байсан нуруу тогших оношилгоог манайхан одоо хэр нь ашигладаг гэхээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа биз дээ. Гэтэл Эрүүл мэндийн яам, анагаах ухааны сургуулийнхан миний ярьж байгааг ойлгохгүй, намайг тоохгүй байна. Яагаад гэхээр би тэдний бэлтгэж буй боловсон хүчнийг ажилгүй болгочих гээд байна л даа. Мөн тэд сексээр эмчлэх тухай ярьдаггүй. Уг нь хэн нэгний эрх ашгаас илүү Монголын ард түмний эрүүл мэнд чухал байх ёстой биз дээ. Хүн эрүүл саруул урт удаан амьдрахын тулд бариа засал хийлгэж, био энергиэ сайжруулахад л хангалттай.
Бэлгийн чалх сайжруулдаг элдэв янзын эм тариа эргээд сөрөг нөлөө үзүүлдэг
-Таныг секс ярьдаг гэж их шүүмжилдэг. Сексийн эрүүл мэндэд үзүүлдэг эерэг талыг товхон тайлбарлана уу?
-Секс хийх үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлэг эрхтэнээрээ дамжуулан энергийн солилцоогоор өөрт хэрэгтэй гормоныг хүртдэг байгалийн зүй тогтол бий. Энэ хэм алдагдсан тохиолдолд ядаргаанд орж стресстдэг.Энэ тухай өгүүлэх Половая психопатия буюу Сексийн үеийн сэтгэцийн эмгэг нэртэй номыг би Москвагаас худалдан авч уншиж байна. 1868 онд бичигдсэн уг номыг 1907 оныг хүртэл 13 удаа хэвлэжээ. Уг номын тухай ярихаар хүмүүс намайг солиорчихож гэх биз.
-150 жилийн өмнө бэлгийн амьдралын үеийн сэтгэцийн эмгэгийг хэрхэн дүрсэлсэн байна вэ?
-Би энэ номыг уншиж дуусаагүй ч харж буй хэсгээсээ сонирхуулая. Энд сексийг хоёр янзын зүйлээс хамаардаг гэсэн байна. Нэгдүгээрт, төв мэдрэлийн систем эрүүл байх ёстой аж. Мэдрэлийн төв дарагдсан тохиолдолд хүн бэлгийн харьцаанд орох чадваргүй болдог гэнэ. Хоёрдугаарт, захын мэдрэл буюу нугасны мэдрэл дарагдах эмгэг гэж байдаг аж. Мөн бүсгүйчүүд нүд хөмсөг сайтай залуусыг далд ухамсартаа сексийн чалх сайтай гэж төсөөлдөг тухай ч бичсэн байх жишээжтэй. Ер нь ямар сексийг нормаль, эрүүл гэж хэлэх вэ гэхээр нуруу нугас тэгш хүний сексийг хэлдэг юм. Үүнтэй холбоотой нэг жишээ ярья л даа. Намайг 2008 онд Эрдэнэт хотод ажиллаж байх үед эг залуу ирж эмчлүүлсэн юм. Тэрээр гэр бүлтэй хэрнээ бэлгийн амьдрал нь идэвхтэй биш учраас эхнэр нь хардаад болдоогүй байж. Бэлэг эрхтэн нь хөвчирдөггүй уг залууд 10 өдрийн бариа заслын дараа бугын зуулт уусан байгаа юм. Тэгээд оройн 20.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл тасралтгүй секс хийжээ. Түүний дараа сарын турш бэлэг эрхтэн нь хөвчрөхгүй байна гэж надад хэлсэн. Ингээд дахин тав хоног бариулаад эргээд хэвийн байдалдаа орсон юм. Аливаа зүйлийг хэтрүүлж хэрэглэх нь эргээд хор болдгийг том жишээг энэ залуус харж болно. Тиймээс бэлгийн чалх сайжруулдаг элдэв янзын эм тариа эргээд сөрөг нөлөө үзүүлдэг.
-Та энэ төрлийн бариа заслыг хэрхэн хийдэг вэ?
-Юу гэж хүний сав, өндгөвч, бэлэг эрхтэнийг нь бариад байх вэ дээ. Би дотуур үзлэг хийдэггүй, хүн юм болохоор бас ичих булчирхайтай шүү. Харин судас барьж өчвнийг нь тодорхойлоод бариа заслаар мэдрэлийг нь чөлөөлдөг.
-Та олон сайхан ном бичсэн. Хамгийн сүүлд ямар ном туурвисан бэ?
-Би амьдралаас ургаж гарсан, дурлалын тухай дөрвөн роман бичсэн. Тэдэн дундаас “Үхэл үгүй дурлал” романаа хувьдаа маш сайн уран бүтээл болсон гэж боддог. 3үхэл үгүй дурлал” гэхээр сексийн тухай гэж ташаа ойлгож болохгүй. Кино, зохиолд дурлалыг сексээр төсөөлүүлдэг бол би хүний урманд тийм зүйрлэл оруулаагүй. Мөн “Ховс, био орон зайн өвчлөл, эмчилгээ” номоо германд хэвлүүлж хилийн чанадад худалдаалагдаж байгаа. Түүнчлэн “Биеэ үнэлэхүйн ухаан” нэртэй ном бичсэн. Ер нь хүн бүр биеэ үнэлж сурах хэрэгтэй. Монголчуудад өөрийнхөө чадамжийг үнэлэх чадвар дутагдаж байна. Өөрийгөө үнэлж чадсан цөөн тооны хүн л амжилттай явна.
-Та хэр зэрэг биеэ үнэлдэг вэ?
-Би чинь харин биеэ маш сайн үнэлдэг. Германаас надад урилга ирсэн ч зүрх сэтгэл зөвхөн Монголдоо оршдог учраас гадны улс оронд олон хоногоор явж чаддаггүй юм. Би хамгийн сүүлд “Муушги тоглохуй” гэдэг ном гаргасан. Монголчууд бүгд таван гар муушги тоглодог ч тогтсон дүрэм гэж байдаггүй. Ер нь муушги тоглож зөн билгээ хөгжүүлэх боломжтой учраас би уг номыг бичсэн.
-Тэгэхээр та шаггүй муушгичин бололтой. Нууц биш бол мөрийнд хамгийн ихдээ хичнээн төгрөг хожиж байв?
-Намайг эмч хүн учраас мөрийтэй тоглодоггүй, бааранд ордоггүй гэж хүмүүс ойлгодог юм шиг байгаа юм. Намайг хүндэтгэсэн тэр бодолд нь би баярладаг. Би бусдын адил хүн учраас хааяа найз нөхөдтэйгөө наргиж цэнгэн бааранд орно. Гэхдээ сүүлийн 15 жилийн турш архи уугаагүй. Муушгийг бол тоглоно оо. Манай найзууд муушгины улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. 30, 40 муушгичид цуглардаг тус тэмцээнд би хоёр удаа түрүүлсэн. Гэхдээ бид нэг их мөнгөөр тоглодоггүй ээ. Казиночдын дэргэд бол таксны мөнгөөр л тоглоно шүү дээ.
-Та ном бичихээс гадна хэд хэдэн дуу бичсэн байх аа?
-Би эх орны сэдвээр “Монголын газар шороо” нэртэй дуу бичсэнийг дуучин Хүрэлбаатар дуулж олны хүртээл болгосон. Хайр дурлалын сэдэвтэй “Гүнж тогоруу” дуундаа би маш их дуртай. Мөн мэргэжил нэгтнүүддээ “Амьдрал бэлэглэсэн бурхад” дууг зориулсан бол ээждээ “Санасан даа ээжийгээ” гэдэг дуу зохиосон.
Н.Түвшинбаяр байгалиас заяасан ховсдох авьяастай залуу
-Та тамирчдыг олимпоос медаль автал нь ховсдоно гэж ярьж байсан. Тэр тухайд?
-Олимпийн алтан медальт Э.Бадар-Ууганы ээж бид хоёр Цагаанхуаранд нэг гол дээр тоглож өссөн юм. Э.Бадар-ууганы ард түүний нагац эгч Оёо гэж удган байдаг учраас энэ залуу олимпын аварга болсон. Харин Н.Түвшинбаяр байгалиас заяасан ховсдох авьяастай залуу. Түүний хүүхдийг би барьж л явсан. Тиймээс л энэ хоёр залуу олимпоос медаль хүртсэн юм. Энгийн хүүхэд спортод амжилт гаргахад амаргүй шүү. Манайд байгалиасаа заяасан хүчтэн гэвэл Х.Баянмөнх, Ж. Мөнхбат аварга хоёр л бий. Өнгөрсөн жилийн баяр наадмаар хүчит бөхийн барилдаанд үзүүрлэдэг Жаргалсайхан чинь надаар бариулдаг байсан юм. Харамсалтай нь би түүнийг үзүүр түрүү булаалдахаар барилдаж байгааг хэтэрхий орой мэдсэн. Уг нь эрт мэдсэн бол түүнийг түрүүлүүлэх боломжтой байсан юм. Яг тэр үед маш хүчтэй энергийн дайн болдог. Мөн олимпын хүрэл медальт Ням-Очир чинь манай эмнэлгийн эмч Даваахүүгээр бариа засал хийлгэхдээ нутгийн дүүгийнхээ замыг засаарай гэж захиснаар хүрэл медаль хүртсэн юм.
-Тэгээд тэдгээр хүмүүс эргээд холбогддог уу?
-Үгүй ш дээ, харин Ням-Очир нэг ярилцлагадаа Сэтгэшгүй эмнэлгийн Даваахүү эмчээр бариулж хүч орж байсан гэж дурссан байсан.
Эрт дээр цагт Монголын том хувилгаад бороо оруулдаг байсан тухай олон түүх байдаг. Манай лам багш намайг байгалиар битгий оролдоорой гэж захисан л даа. 1996 онд Архангай аймагт гурван жил дараалан хур буугаагүй ган болсон байх тэр үед би багшийнхаа хамт бэр гуйхаар очсон юм. Биднийг очиход бороо шиврээд гурван жил хур элбэг байж ган тайлагдаж, хоттой мал нь ганц ч өнчин ишигний гарзгүй онд орж байсан юм. Найман сарын өмнө манай хүүг төрөхөд Сүхбаатар аймгийн нэг хүн хурдан удмын даага бэлэглэсэн, улсын снаадамд сойх бодолтой байгаа. Тэр хүн манай энд ган болж байна гэхээр нь би бас бороо оруулж өгсөн. Ер нь би өөрийн мэдэлгүй бороо дагуулдаг. Яг бясалгаад суух юм бол Монголын ган гачгийг тайлж өгч чадна гэж залуу насныхаа ааг омгоор амлаж л явлаа.
-Та хурдан даагаа улсад уяхдаа ховсдох уу?
-Саяхан 1000 ам.долларын бооцоотой дааганы уралдаанд манай Ариука гэдэг найз оролцсон юм. Тус уралдааны түрүүг Land200-аар байлсан. Тэр үед би Ариукагийн даагыг ховсдоод айргийн тавд оруулж өгье гэтэл өнөөх чинь надад биш Оросын зөн билэгтэн Мехтыд даатгасан ч даага нь айрагдаж чадаагүй. Хүний нутгийн бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр гэдэг биз дээ. Би нутагтаа Мехтыгээс илүү ш дээ.
Би ирэх жилийн наадамд хурдан даагаа сойно гэж бодож байгаа. Надад Хэнтий, Өмнөговь, Сүхбаатар,Завхан зэрэг аймгаас хурдан удмын даага бэлэглэсэн.
-Таны байнгын үйлчлүүлэгч дунд олны танил хүмүүс бишгүй л байдаг байх. Ямар хүмүүс байдаг вэ?
-Миний байнгын үйлчлүүлэгч дотор олны танил бөх байдаг юм. Би нэг ярилцлагадаа түүний нэрийг дурссан чинь найзууд нь “Хүрэлээ эмч чиний чалхыг сайжруулаад чи авгайгаа солих гэж байгаа юм уу” гэж шоглосон байна лээ. Түүнээс хойш би үйлчлүүлэгчдээ зарлахгүй байхаар шийдсэн.
-Гадныхан танайр хэр их үйлчлүүлдэг вэ?
-Гадныхан надаар их үйлчлүүлдэг. Америк эмч нарын эмчилж чадахгүй байгаа уналт таталтыг би эмчилдэг. Энэ тухай бичсэн сэтгэгдлүүд олон бий. Интернэт сүлжээнд миний нэрийг бичихэд 1.3 сая илэрц гарч ирдэг. Гэхдээ Монгол биш шүү, герман сайтаас хайх хэрэгтэй. Мөн Америкийн amazon.com сайтад миний “Times love”, “Revenge for love” ном худалдаалагдаж байгаа. Мөн amazon.de-д “Hypnose in der Mongolia” ном зарагдаж байгаа. Ах нь дэлхийн хүн шүү дээ.
-Танаас саваагүй асуулт асуух гэсэн юм. Та ховсыг хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан уу?
-Би ховсыг өөрийн эрх ашгийн төлөө ашиглахгүй гэж багшдаа тангараг өргөсөн. Тэгээд ч миний хувь хүний үзэлд тийм зүйл байхгүй. Надад гоё охиныг ховсдон өвөртөө оруулах хүч байгаа ч тийм сэтгэхүй байхгүй, үйлчилдэг ч үгүй. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед би баяжихын тулд нэг улстөрчийг ховсдож болох л байсан. Гэхдээ надад тийм шаардлага алга. Өнөөдөр миний идэж байгаа хоол наддаа хангалттай ч ажилтнуудаа хэрхэн цалинжуулах вэ гэдэгт л санаа минь зовниж явна.
-Таны эмчилгээний арга барилыг Оросууд худалдаж авах санал тавьсан гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Оросууд миний эмчилгээний арга барилыг нэг сая ам.доллароор худалдаж авах санал тавьсан. Би тун удахгүй Халимаг явж эхний ээлжинд эмчилгээ хийх гэж байна. Яг үнэнээ хэлэхэд би эмчилгээний арга барилаа худалдмааргүй байна. Миний бүтээлүүд үүнээс илүү үнээр үнэлэгдэх цаг тун удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг. Би бариа заслын арга ухаанаа үр хүүхдүүддээ өвлүүвэл тэр мөнхийн хоол болно. Түүнээс сая доллар бол хямд үнэлгээ. Өнөөдрийн ядуу байдлаа жаахан тэвчихэд л амжилтанд хүрнэ. Тиймээс би эхний ээлжинд Халимагт очиж гайхамшигтай эмчилгээ хийнэ. Essen tuki хотын захирагчийг оношилсон миний онош рентген зургаар баталгаажихад тэр маш их гайхан биширч Халимагийн ерөнхийлөгчтэй уулзуулсан юм. Эргээд амилчих болов уу гэсэн горьдлого тээсэн миний оролдлого намайг хэл амны бай болголоо
-Уучлаарай, нэг үе таныг хүний нуруу хугалж аминд нь хүрсэн, нас барсан хүний судсаар тариа шахсан зэрэг таагүй яриа нэлээд газар авсан. Тиймээс энэ тухай өөрөөс тань тодруулах гэсэн юм?
-Ер нь хүний нурууны ясыг хугартал барьсан явдал манай практикт байхгүй. Харин надтай ижил төстэй мэргэжилтэй эмч нарын буруутай үйлдлээс тийм яриа гарсан юм билээ. Хэрэв би үнэхээр хүний нуруу хугалсан бол 3-5 жилийн хорих ял авах учиртай биз дээ. Гэтэл өнөөдөр чамтай ярилцаад сууж байна гэхээр худал мэдээлэл болох нь тодорхой болов уу. Ер нь бариа заслын эхний 2-3 удаагийн барилтын дараа хууч өвчин сэдэрдэг. Үүнийг даалгүй нуруу хугарлаа гэж ярих нь бий. Бид тухайн хүний өвчнийг оношлохдоо рентген зургийг нь харгалзан үзэж яс сийрэгжсэн, хугарах өндөр магадлалтай хүмүүст цэгэн бариа засал хийдэг.
Одоогоос хоёр сарын өмнө манай эмнэлэгт хүнд өвчтэй хүн нас барсан нь үнэн. Би эрсдэлээс айдаггүй зоригтой хүн гэж түрүүн хэлсэн дээ. Аль ч эмнэлэгт эмчилгээгүй болсон хүнийг эмнэлгээс гаргадаг. Өнөөдөр эмч нарын гар дээр өнгөрдөг хүн тун цөөхөн болсон. Магадгүй найдваргүй гэсэн оноштой ч арын хаалгатай хүмүүс л эмнэлэгт өөд болж байгаа байх. Харин миний хувьд өвчтэй хүнийг гэртээ харьж үх гээд явуулж чаддаггүй.
1988 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд Нэргүй гэж эмч ажиллаж байлаа. Тэр үед хүүхэд нас барж, харин Нэргүй эмч түүнийг амьсгал хураагаагүй байж магалгүй гэж бодоод зохих эмчилгээ хийхэд тэр хүүхэд амьдарсан. Гоё байгаа биз дээ. Мөн оны өвөл би Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа Дашбалбар сумаас дунд чөмөгний хугаралттай хүн аваад аймаг руу явж байлаа. Гэтэл гурван сартай жаахан хүүхэд үхэл амьдралын зааг дээр ирсэн байсан. Тэр үед би гэрийнхнийх нь зөвшөөрлийг авч, хүүхдийн эмчээр нь зохих эмчилгээг нь хийлгээдаймгийн төв рүү аваад явсан юм. Замдаа өнөөх хүүхдийн амьсгаа давхцаад ирэхээр нь Мардайн ураны уурхайн орос эмчид үзүүлэхэд, хийсэн эм тарианы үйлчлэл нь гарах болоогүй байгаа учир та хүүхдийг авч явж болно гэсэн. Улмаар би өнөөх хүүхдийг хүүхдийн сэхээнд хүргэж өгсөн. Хэрэв би зориг гаргаж тэр хүүхдийг авч яваагүй бол өдгөө энэ хорвоод тэр хүүхэд байхгүй байх байлаа. Харин өдгөө 30 орчим настай сайхан залуу болоод аж төрж байна. Үүүнээс харахад тэр хүнд бариа засал хийгээд, дусал залгавал эргээд амилчих болов уу гэсэн горьдлого тээсэн миний оролдлого эргээд намайг хэл амны бай болголоо. Тухайн үед талийгаачийн ар гэрийнхэн намайг алуурчин, үе удмаар чинь хараана хэмээн орилж, цагдаа нар бүчиж авахад би гүн стресст орсон. Уг нь тэр хүнийг амьдруулах гэж их хичээсэн юм шүү, үүнийг л тэд ойлгоогүй. Ийм л юм болсон юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт талийгаачийг өвчний улмаас нас барсан гэж гарч хэрэг хэрэгсэхгүй болсон.
-Байнга бусдын өвчин зовлонг сонсож, анагаана гэдэг сэтгэл санаа, бие махбодийн хувьд бэрх ачаа болдог байх. Та ер нь стрессээ хэрхэн тайлдаг вэ?
- Би ажлынхаа стрессийг гэртээ амарч тайлдаг. Б.Явуухулан гуайн “Ачаа үзсэн хүн залууждаг” үг бий. Би гурван хүүтэй. Хоёр хүү маань эхнэр авч, надад ачийг минь одоо хэр нь үзүүлээгүй л байна. Тиймээс бага хүүгээ харж баярлан хөөрч байна даа. Мөн долоо хоногт хоёр удаа зааланд сагс тоглодог.
Надад ховсоо хаячихдаг юм билүү гэсэн бодол төрж байснаа нуугаад яахав. Гэхдээ хэрэв би ховсоо хаявал энэ шинжлэх ухааны хөгжил20 жилээр хоцорно. Ховсын шинжлэх ухааны манлайд нь явж байж орхих зүрх үнэндээ хүрсэнгүй.
-Зарим хүмүүсийг нийгэм хүлээж авдаггүй. Ер нь та төрөх ёстой цагтаа төрсөн үү, эсвэл цаг үеэсээ түрүүлсэн гэж боддог уу?
-Би энэ цаг үед төрсөн. Тиймээс миний бүтээлүүд утга зохиол сонирхогчид болоод эмч болох гэж яваа хүмүүсийг дараагийн шатанд гарахад нь түлхэц болоосой хэмээн хүсдэг. Сексийн үеийн сэтгэцийн эмгэг хэмээх номыг Р.Крафт-Эбинг бичсэнээсхойш 150 жилийн дараа би уншиж байна. Энэ ном одоо хэр нь үнэ цэнээ алдаагүй, үнэхээр гайхамшигтай бүтээл болж. Тиймээс миний номнуудыг эмч нар 100 жилийн дараа уншихад үнэ цэнээ алдахгүй бүтээл болох учраас би цаг үеэсээ төрүүлж төрөөгүй. Харин надаас өмнө төрсөн өвөг дээдэс маань миний бичье гэж бодож байсан бүх сэдвээр бүтээл туурвичихсан болохоор тэдэнд атаархдаг.
-Их ажлынхаа хажуугаар цаг гаргасан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?
-Хэдхэн жилийн өмнө Монголын нэрт бизнесмэн БНХАУ-д өдрийн 1000 ам.долларын эмчилгээ хийлгэсэн ч тусыг олж чадалгүй Монгол эмчийн гар дээр нас барсаныг санаж байгаа байх. Монголын “томчууд” эмч нараа голоод гадаад улс оронд өндөр зардлаар эмчлүүлсэн ч эцсийн мөчид Монгол эмч нарынхаа гар дээр амьсгал хураадаг. Та бүхэн Монголын эмч, эмнэлгийн байгууллагыг өөд нь татчихаад тэндээ өөрсдөө эрхлээд хэвтэж болно шүү дээ. Эмч нар үргэлж хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа. Тиймээс тэднийг битгий харааж зүх. Харин ч эмч нараа дэмжиж улсын зардлаар хүссэн сургалтанд нь хамруулж, мэргэжлийг нь дээшлүүлж байгаач ээ. Энэ бүхэн эргээд монголчуудын оуюны өмч болж үлдэнэ шүү дээ. Эцэст нь хэлэхэд элэг, зүрх бол таны л эрхтэн. Тиймээс та өөрөө өвчин хуучгүй, үр удам тань эрүүл саруул байж гэмээнэ Монгол Улс оршин тогтох учраас эрүүл мэндээ хамгаалцгаая гэж уриалмаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ