Шинжээчдийн дүгнэлт: Б.Идэрзаяаг хэрэгт холбогдолтойг нотолж чадаагүй
Охидыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан.
Түүний гомдлыг хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна хэмээн үзэж, 25 жилийн ялыг хэвээр үлдээсэн юм. Гэвчэнэхүү шийдвэрийг Б.Идэрзаяагийн өмгөөлөгч Ш.Бадмаараг болон төрсөн эгч Б.Золзаяа нар хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байгаагаа илэрхийлж, “Энэ хэргийн үнэн мөнийг олтолоо явна. Дээд шүүхэд дахин гомдол гаргана. Үнэн зөв нь олдоно гэж итгэж байна” хэмээсэн. Улмаар хоёр бүсгүйн толгойг тасалсан жинхэнэ хэрэгтний мэдээллийг 50 сая төгрөгөөр зарна гэх хүн утасдах болсон талаарх шинэ баримтыг ч дэлгэсэн.
Нийгмийг цочирдуулсан энэхүү аймшигт хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид маш хурдан хугацаанд буюу хоёрхон хоногийн дотор илрүүлэн, сэжигтэн Б.Идэрзаяа болон Э.Золбоо гэх хоёр залууг цагдан хориод байгаа талаараа тухайн үед сэтгүүлчдэд мэдээллэж байв. Гэтэл тун удалгүй Э.Золбоо гэх залууг мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдолгүй хэмээн суллаж явуулсан байдаг. Харин Б.Идэрзаяагийн эгч Б.Золзаяа үүнийг эсэргүүцэж, жинхэнэ хэрэгтнүүдтэй холбоотой этгээдийг суллаж, миний дүүг хилс хэргээр насаар нь шоронд хатаах гэж байна хэмээн манай сайтад анхлан болсон хэрэг явдлын талаар ярилцлага өгч байсан билээ. Үүний дараа нийгэм даяараа хараан зүхэж байсан хүмүүсийн бодол бага ч болов өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл үнэхээр жинхэнэ хэрэгтнүүд наранд сул яваад, зүгээр нэг залуу хилс хэргээр шоронд сууж байгаа юм биш биз гэж хардах болсон.
Б.Идэрзаяагийн эгч Б.Золзаяа болон өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын хэлээд байгаа хамгийн гол зүйл бол Шүүх шинжилгээний хүрээлэнгээс хийсэн шинжилгээгээр энэ хэрэгт Б.Идэрзаяа холбогдолтой болохыг баталсан нэг ч нотлох баримт байдаггүй байна. Тиймээс тухайн үед хэргийн газраас олдсон эд мөрийн баримтууд болон Б.Идэрзаяагийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтийг хүргэж байна.
#003366;">-ХЭРГИЙН ГАЗРААС ОЛДСОН ХУТГА, ЗААЗУУРААС ГАРЫН МӨР ИЛРЭЭГҮЙ БАЙНА-
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн газрын мөрдөн тасгийн ахлах шинжээч, эрх зүйч криминалистикийн шинжээч мэргэжилтэй, цагдаагийн ахлах дэслэгч З нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрхэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О-ийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн “Шинжилгээ хийлгэх тогтоол”-ыг үндэслэн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн байна. Тодруулбал хоёр ширхэг хутга, хоёр ширхэг заазуур, нэг ширхэг оймс, дөрвөн ширхэг тамхины иш дээр Б.Идэрзаяа болон Э.Золбоо нарын гарын хээ байгаа эсэхийг шинжилсэн байна.
#ccffff;">Дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс дээр урьд нь гарын мөрийн нунтаг түрхэн ажилласан байна. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг хутга, хоёр ширхэг заазуур дээрээс гарын мөр илрүүлэх зорилгоор хар соронзон бус нунтагаар ажиллаж үзэхэд гарын мөр илрээгүй. Цаашид харьцуулан шинжлэх боломжгүй” гэжээ.
#003366;">-ЭД МӨРИЙН БАРИМТУУДААС ЯМАР Ч ЦУС ИЛРЭЭГҮЙ-
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтэсийн биологийн ахлах шинжээч, шүүхийн шинжилгээ зүйн магистрант, хүний их эмч, мэргэжлээрээ есөн жил ажиллаж байгаа цагдаагийн ахлах дэслэгч О Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэсгэлч О-ийн “шинжилгээ хийлгэх тогтоол”-ыг үндэслэн биологийн шинжилгээ хийсэн байна. Улмаар дээрх хоёр ширхэг хутга болон хоёр ширхэг заазуур, нэг ширхэг оймсонд цус байгаа эсэх, байгаа бол цусны харъяалал нь ямар байгааг тогтоохоор ажилласан байна. Улмаар шинжилгээний дараа дараах дүгнэлтийг гаргасан байна.
Тодруулбал #ccffff;">“Шинжилгээнд ирүүлсэн 30 cм урттай цэнхэр өнгийн лентээр ороосон иштэй цэнхэр хутган дээр толбогүй, 33 см урттай, хар өнгийн иштэй хутган дээр толбогүй, 23 см урттай, ногоон өнгийн иштэй заазуур дээр толбогүй, 26 см төмөр иштэй заазуур дээр толбогүй, бор өнгийн өрөөсөн оймс дээр толбогүй, 4 ширхэг кент тамхины иш дээр толбогүй байлаа. Цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй” хэмээсэн байх юм.
#003366;">-Б.ИДЭРЗАЯАГИЙН БИЕД ЯМАР НЭГЭН ГЭМТЭЛ ТОГТООГДООГҮЙ БАЙНА-
Баянзүрх дүүргийн цагдаагийн ахмад Г-ийн 2014 оны тавдугаар сарын 10-ны тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад О Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд оршин суух 23 настай эрэгтэй Б.Идэрзаяагийн биед гэмтлийн зэрэг байгаа эсэхийг шинжилсэн байна.Улмаар “Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, байрлал хэвийн, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна, хүүхэн хараа хоёр талд ижил, дугариг гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлт илрэхгүй, дагзны булчин хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар өнгөргүй, мөчдөд саа саажилтгүй, хамар хурууны сорилд алдахгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй, ромбергийн сорилд тэнцвэртэй, биед ил харагдах гэмтэл шархгүй, зүүн мөрөнд хуучин ягаан сорвитой байна. Иймд Б.Идэрзаяагийн биед ямар нэг гэмтэл тогтоогдохгүй байна” хэмээжээ.
Б.ЦЭЛМЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ