Нахиалж байсан мод хулгайлсан этгээд оршин суугчдаас уучлалт гуйна хэмээв
Монгол Улсад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн ихэнх хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Тэр дундаа орон байр, аж ахуй нэгж байгууллагад нэвтрэх, гадна байгаа тээврийн хэрэслийн эд анги хулгайлах зэрэг давамгайлдаг. Гэтэл сүүлийн үед бүх нийтийн өмчид халдсан хулгайн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон талаар манай сайт мэдээлж байсан.
Тодуулбал Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б овогтой Л гэх залуу өнгөрсөн сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн үед нийтийн эзэмшлийн талбайгаас нахиалж эхэлж байсан 350 модыг хулгайлж байгаад эргүүлийн цагдаад баригдсан билээ. Тэрбээр гэр лүүгээ харьж явах замдаа 21-р хорооллын байрнуудын гадаа тарьсан байсан суулгац модыг сугалан хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч Д.Будзаанхэлж буй юм. Тухайн модын Бүх нийтийн мод тарих өдөрт зориулж тэр хавийн оршин суугчид тарьсан байтал уг этгээд ашиг олох, шунахайн сэдэлтээрийнхүү нийтийн өмчид халдсан байна. Тус дүүрэгт хоёр модны зах байдаг бөгөөд захууд дээр цагдаагийн хэлтсийн байцаагч нар гарал үүслийн бичигтэй мод орж ирж байгаа эсэх дээр хяналт тавиад ажиллаж байгаа юм байна.
Л: ШИРХГИЙГ НЬ 600-ААР БОДОЖ АВЪЯ ГЭСЭН
Мод хулгайлж байгаад баригдсан этгээдээс тодруулснаа хүргэж байна.
-Яагаад дөнгөж ургах гэж ядаж байгаа зулзаган мод хулгайлав?
-Би таксинд явдаг. Тэр өдөр таксинд явж байтал нэг хүн гар өргөөд суулгасан. Тэгээд замдаа танилцаад жаахан юм яриад явж байгаад би бас таксинд явдаг миний дугаарыг аваад буусан. Тэгээд оройхон таван цаг өнгөрч байхад залгаад байгаа газраа хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очсон чинь “Чамд мөнгө хэрэгтэй бол нэг ажил байна гээд надад нэг модны суулгац үзүүлсэн. Тэгээд энэ модноос надад 100 гаран ширхгийг олоод ир. Ах нь ширхгийг нь 600-аар бодоод авъя гэсэн. Тэгэхээр нь би мөнгө хэрэгтэй байсан болохоор тэгье гээд хэлсэн.
-Тэгээд явж байгаад л мод харагдахаар нь хулгайлсан хэрэг үү?
-Тэр ах надад хороолллын хавиар тийм моднууд байгаа гэж зааж өгсөн л дөө. Даанч тэр хавиар нь гэрэлтүүлэг ихтэй байсан болохоор авах боломж олдохгүй байсан юм. Тэгээд таксиндаа яваад 21-ийн хавьд явж байтал тарьсан модны суулгацууд харагдсан. Яг тэр үед тог тасарчихсан. Тэгээд би тэнд явж байсан хог түүдэг хүнд хэлээд тэр хүнээр хэдэн ширхэг мод авахуулж байгаад цагдаа нарт баригдсан.
-Энэ модыг өчнөөн хүч хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан байж тарьсан шүү дээ. Хайрлах сэтгэл төрөөгүй юу?
-Буруу зүйл хийснээ мэдэж байгаа. Би одоо авсан моднуудаа тухайн газарт тоо ширхгээр нь суулгаж өгнө. Тэр хавийн оршин суугчдаас уучлалт гуйгаад, хохиролгүй болгож өгнө гэж бодож байна.
-ЗАХИАЛАГЧ ЭТГЭЭДИЙГ Ч ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-
Одоо энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй бөгөөд уг этгээдэд Эрүүгийн хуулийн 145.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Эрүүгийн хуулийн 145.2-т “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заажээ.
Түүнчлэн уг этгээдэд захиалга өгсөн гэх иргэнийг ч энэ хэргийн захиалагч учир цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн мод тарих аян эхэлснээс хойш нийтийн гудамж талбайд тарьсан 3000 гаруй мод хулгайд алдагдаад байгаа тул нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг хулгайлж байгаа энэ мэт үйлдэлтэй таарвал харьяа дүүргийн цагдаагийн байгууллага болон “Улаанбаатар нэгтгэл”-ийн шуурхай албаны 11-453501 мэдээлж, хамтарч ажиллахыг анхааруулсан юм.
Б.ЦЭЛМЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ