Дараа төлбөрт дугаарт шуурхай зээл олгодог луйвар
Өнгөрсөн өвлөөс ийм зарыг байшингийн булан, орцны үүд, дэлгүүрийн хаалга гээд хаа сайгүй наасан байх нь олонтоо тааралдах болсон. Найз бүсгүйтэйгээ ярьж суугаад тэдний орцны үүдэнд наасан зар дээр байх 995550.... дугаарт хандаж, зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хэрэгт дурласан хэрэг л дээ.
Эдийн засаг хямарсан энэ цаг үед арга үйлээ барсан амьтад тэдний утсыг нь шаттал залгадаг бололтой. Лав цаг шахам ноцолдож байж арайхийн холбогдон зээл авах хүсэлтээ хэлтэл “Хорооны Засаг даргын тодорхойлолт хоёр ширхэг, сүүлийн гурван cap хаяг дээрээ байсныг гэрчлэх байрны мөнгө тушаасан баримт зэргийг шаардангаа гар утасны төлбөр хэд гардгийг минь лавлаад УИД-ийн үүдэнд цагийн дараа уулзая” гэв.
Нэгэнт тавьсан жүжгээ амьдруулахын тулд шаардсан ёсоор хорооныхоо Засаг даргаас тодорхойлолтоо авчихаад Төрийн банкин дээр очлоо. Шинэ cap гараад удаагүй болоод тэр үү тэтгэвэрээ авах гэсэн хөгшчүүл дүүрэн. Нэлээд зогссоны эцэст гурав, дөрөв, тавдугаар сарын байрны мөнгө тушаасан баримтынхаа лавлагааг хэвлүүлж авав. Нэг сарын баримтын үнэ 200 төгрөг. Тэндээсээ явсаар УИД- ийн үүдэнд ирээд өнөөх дугаар руугаа дахиад л залгалаа. Завсаргүй ярьсаар. Тэгж байж сая нэг юм холбогдоход “Та мобикомын 2222 дугаар руу залгаад iphone 6 гар утсыг зээлээр авч болох эсэхийг лавла” гэх нь тэр.
Яг ингэж хэлэхэд нь энэ бол залилан байна гэх бодол маань лавширч тоглоомыг цааш үргэлжлүүлэх хорхой хүрч Мобикомын лавлах руу залгаж, зээлээр гар утас авах хүсэлтэйгээ хэлбэл “Таны дугаар iphone 6 зээлээр авах боломжгүй. Учир нь та өмнө нь гар утас зээлээр авсан юм байна, одоо боломжгүй” гэлээ. Үнэнээ хэлэхэд би хоёр жилийн өмнө гар утас аваад хагас жил болоод төлбөрөө нэгмөсөн төлсөн нь буруудаж. За энэ ч яах вэ, Мобикомын маркетингийн бодлого. Тэгж байтал өнөөх зээл олгогч маань залгаж байна.
УИД дээр ирсэн байна гэнэ. Хар биеийн тамирын хослолоор гангарсан залуу байна. Нас нь 22-оос хэтрээгүй гэмээр. Тэрбээр “Одоо хоёулаа Мобиком орно. Тэгээд та тэндээс дугаараа барьцаалан iphone 6 гар утас зээлээр авна. Би таны өмнөөс урьдчилгааг чинь төлнө. Та тэндээс гараад надаас 400 мянган төгрөг аваад оронд нь шинэ iphone 6-аа өгнө” хэмээлээ. Би сарын дотор 400 мянга, урьдчилгаа хоёроо төлчихвөл iphone 6-гаа өөртөө авч болох эсэхээ лавлавал “Үгүй. Би зах зээлээс хямд үнээр зарж, дараагийн эргэлтийн мөнгөө олж авдаг юм” гэдэг байгаа. Энэхүү үйлдлийн дараа зээл хүсэгч 400 мянган төгрөгийн зээл авсныхаа төлөө 1.2 сая төгрөгийн өрөнд унаж байгаа нь тэр.
Үүнийг залилан, луйвар гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ дээ. Сүүлийн үед эдийн засаг хямарч, энд тэндээс өр зээл тавьж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа иргэдийг энэ мэт гүйлгээ ухаантай гэгдэх нөхдүүд ашиглаж байна. Энэ мэт зарын эздийг илрүүлж, хэргийг нь хүлээлгэхгүй бол эдийн засагтаа дарлуулсан иргэд чинь сүйрэх нь байна шүү.
Монголын мэдээ
Ч.Цэцэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ