Олимпод оролцох тамирчдыг Японд бэлтгэл хангуулна
Токио-2020 олимп, паралимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотноо болохтой холбогдуулан Япон Улсын Шизүока, Нийгата мужуудаас Эрүүл мэнд, спортын яаманд 2020 оны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэхэд болон Рио-2016 олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл хангуулахад хамтран ажиллах хүсэлтийг гаргасны дагуу Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгч Х.Бакытжан, ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр нарын бүрэлдэхүүнтэй 2015 оны 05 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд Япон улсын Фукуока, Шизүока, Нийгата мужуудад уригч талын зардлаар ажиллаад ирлээ.
Айлчлалын хүрээнд дэд сайд Т.Болдбаатар Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйтатай уулзаж Япон улсын Шизүока муж, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам хооронд 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадам, Паралимпийн наадамд Монголын тамирчдыг бэлтгэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурлаа. Мөн мужийн зүгээс жил бүр тодорхой тооны биеийн тамир, спортын мэргэжилтнийг япон хэлний сургалтанд суралцуулах боломжтой талаар дурдсан юм.
Шизүока мужийн хувьд чөлөөт бөх, жудо бөх болон паралимпийн болон бусад спортын төрлүүдээр манай тамирчдыг үнэ төлбөргүй бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Фужи уулаараа алдартай, Токио хотоос хурдан галт тэргээр 1 цаг явж хүрэх зайд байрладаг, цаг уурын хувьд дулаан уур амьсгалтай, багийн спортын төрөлд Япондоо өрсөлдөх чадвар өндөртэй, спортын барилга байгууламжийн хүрэлцээ, хангамжийн хувьд сайн, Японы хөл бөмбөгийн холбооны бэлтгэл бааз Фужи уулын хормойд байрладаг зэрэг давуу талтай юм.
Айлчлалын сүүлийн өдрүүдэд Японы Нийгата мужид ажилласан бөгөөд Нийгата мужийн хувьд Сумо бөхийн их аварга Асашёорү Дагвадоржоор дамжуулан Эрүүл мэнд, спортын яаманд хүсэлт гаргасан юм. Нийгата муж нь Олимпийн наадам болох Токио хотоос мөн адил 1 цаг хурдан галт тэргээр явж хүрдэг, цаг агаарын хувьд сэрүүн, өвөл болдог, өвлийн спортын барилга байгууламжууд ихтэйн дээр 2002 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болж байсан Япондоо цагаан будааны тариалалтаараа тэргүүлдэг муж юм.
Дэд сайд Т.Болдбаатар Нийгата мужийн амбан захирагч Хирохико Изумидатай уулзах үеэр Эрүүл мэнд, спортын яамны зүгээс Япон хүүхдүүдийг Монголд аялуулан үндэсний бөхөөр хичээллүүлэх боломжоор хангаж үндэсний бөхийн мэх, арга барилыг сургавал Сумогийн ирээдүйн их аварга Нийгата мужаас төрж болох юм гэсэн саналыг мужийн амбан захирагч талархан хүлээн авсан.
Нийгата мужийн зүгээс манай эмэгтэй чөлөөт бөх, усанд сэлэлт, багийн спортын төрлүүд гэх мэт 10 гаран спортын төрөл, өвлийн спортын төрлүүдээр тамирчдыг бэлтгэх, тамирчдад спортын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн. Айлчлалын хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны төлөөлөгчид нийт 3 мужийн 7 хотоор очиж спортын барилга байгууламж, дэд бүтэцтэй танилцан холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ярилцаж явлаа.
Шизүока, Нийгата мужуудын хувьд Монгол Улсын зарим аймаг, дүүргүүдтэй хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлдэг, олон улсын нисэх онгоцны буудалтай Монгол уруу шууд нислэг хийж байсан гэх мэт олон давуу талтай.
Эцэст нь дурдахад Монгол Улс сүүлийн 2 олимпийн наадамд спортын 7-8 төрөлд 28-29 тамирчинтай оролцож ирсэн бөгөөд цаашид оролцох спортын төрөл, тамирчдын тоог нэмэгдүүлэх нь медалийн тоо, чанар нэмэгдэхэд чухал гэдэг үүднээс эртнээс Токио-2020 олимп, паралимпийн наадамд оролцох асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ