Д.Цэрэнтогтох: Хадааг зодгоороо сандал ороолгоод босоход ганц би ч биш бүгд л уйлсан

hadavarga01Хадаа аварга хэрэгт орж, “аавын”-д сууж байсныг хүмүүс андахгүй мэднэ. Гэхдээ ард түмэн дунд түүнийг хэрэг хийсэн биш харин хийгээгүй хэргээ хүлээчихсэн гэж ойлгох нь элбэг байдаг. Энэ талаар Ч.Өвгөнхүү гуай нэгэн ярилцлагадаа ингэж дурьдаж байсныг эргэн дурслаа.

“Хад шоронд орохдоо өөрийгөө хоёр хэрэг үүрэх нь гэж бодоод айж байсан чинь шүүхээс нэг хэргийг нь хүлээхийг шаардсан юм шиг билээ. Тэгэхээр нь мань хүн нэг хэрэг нь ашгүй өнгөрлөө гэж бодоод нөгөө хэргийг хүлээчихсэн гэдэг юм. Уг нь Хадаа тэр хоёр хэргийг яг юу болсныг нарийн ширийнээр нь ярьж, хамаг үнэнээ хэлсэн бол шоронд суухгүй, хэрэг хийгээгүй байсан юм. Ер нь Хад маань яг л цагаан цаас шиг хүн байсан юм шүү дээ. Хамгийн гол гэм нь ямар ч хүнийг дагаад явчихдаг байсан юм” гэж Ч.Өвгөнхүү гуай ярьсан удаатай.

Харцагаас – Хад аваргыг шоронгоос гарахад наадамд барилдуулахгүй гэж байсан гэдэг юм билээ…? гэж асуухад.

- Хадыг барилдуулахгүй гээд байсан юм. Тэгээд бөөн яриа болоод Наадмын комиссын дарга Сүрэн гуай Ёндон сайдыг дуудсан гэдэг. Тэгсэн Ёндон гуай очих замдаа ухаан зараад, зориудаар хэдэн минут хоцорч очжээ. Ёндон гуайг ортол Сүрэн дарга “Хадбаатарыг танай нэр дээрээс барилдуулахгүй гээд байна шүү дээ?” гэж хэлсэн гэдэг. Тэгсэн Ёндон гуай хуучин бөхийн холбооны тэргүүлэгч байсан Лувсаншарав гуайгаас нэг юм асууя гэж. “Лувсаншарав аа, тэр Хадбаатар чинь шоронгоос суллагдсан юмуу даа, үгүй юу? Шоронгоос суллагдчихлаа гээд л “Алдар” дээр бэлтгэл хийж байна шүү” гэсэнд Лувсаншарав гуай “Тавигдах нь тавигдсан л даа” гэж. Тэгэнгүүт нь Ёндон сайд “Тэгвэл нэгэнт тавигдсан юм бол хаанаас барилдах нь тэр хүний хувийн хэрэг биз дээ. Иргэнийхээ эрхийг эдэлж болно биз дээ. “Алдар”-ын үнэмлэх өөрт нь байж байвал “Алдар”-аас барилдуулалгүй яахав. Үнэмлэх бичиггүй бол Төв аймгаас барилдана уу, өөрөө мэднэ биз” гэж хэлээд хамаг маргааны будлианыг гаргаж өгөөд тэр наадмаар Хадаа барилдсан гэдэг… хэмээн харцага Ч.Өвгөнхүү гуай “Бөх” сонины 2002 оны 11 дүгээр сарын 32 дугаарт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн удаатай.

hadaavvМөн дархан аварга Д.Цэрэнтогтох тэр жилийн наадмаар Хадааг наадмын өглөө баригдаад явахад уйлж байснаа надад өгсөн нэгэн ярилцлагадаа дурьдаж байсан юм.

“Хэрэгт холбогдчихоод сэжигтнээр асуугдаж байхдаа наадмынхаа бэлтгэлийг ханатал хийж ирчихээд яг наадмын нэгийн даваанд гарахын өмнөхөн нь Хадааг “Шүүхийн шийдвэр гарсан тул барилдуулахгүй” гээд хүмүүс ирэхэд, Хадаа уйлаад зодгоороо сандал ороолгоод боссон юм. Тэгэхэд ганцхан би ч биш тэр хавьд байсан, Хадааг харсан хүн бүр уйлж байсан. Үнэхээр бэлтгэлээ хийж ирчихээд, наадамдаа түрүүлнэ гэж бодож суугаа бөхийг хуулийн ямар ч эрх, акт байхгүй байж наадамд нь зодоглуулаагүй юм” гэж дархан аварга Д.Цэрэнтогтох дурьдаж байсан / “Бөх” сонины 2001 оны нэгдүгээр сарын дугаар 3/.

Хадаа аваргатай “Алдар”-т ойр байж, хамтдаа бэлтгэл хийж байсан дархан аварга Д.Цэрэнтогтох, харцага Ч.Өвгөнхүү нарын дурсамж яриаг эргэн дурсахад ийм ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ