Энхийг сахиулагчид мэдээлж байна

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэрэг, цагдаагийн алба хаагчид 43 дахь жилдээ зохиогдож байгаа UNMISS ажиллагааны “ДАНКОН-2015” марш тактикийн тэмцээнд оролцлоо. 80 орны 320 тамирчид 25 км-н зайд 10 кг ачаатай уралдаж өрсөлдсөнөөс дэд ахлагч М.Бат-Эрдэнэ 2 цаг 07 минутын амжилтаар уг тэмцээний рекордыг шинэчлэн түрүүллээ.

Уг тэмцээнд Цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч Б.Нэргүйбаатар 19 дүгээр байранд орж мөн “ДАНКОН-2015” медалиар энгэрээ мялааж Монгол цэргийн тэсвэр хатуужил, бие бялдрын бэлтгэлжилтийг харуулсан байна.

Алс хол нутагт үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

Мөн тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын батальон Олон улсын Энхийг сахиулагчдын баярын өдрийг тохиолдуулан энхийг сахиулах үйлсдээ амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Монгол улсын Цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж байгаа тус батальоны хуулийн офицер ахлах дэслэгч Ц.Баасанжаргал, салаан захирагчийн орлогч ахлах ахлагч М.Батзориг, дэд ахлагч Д.Алтангэрэл, дэд ахлагч Б.Баянмөнх нарыг талархлын бичиг, дурсгалын зүйлээр шагнажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ