Монголын уулчид Хойд Америк тивийн ноён оргилд гарлаа
Монгол улсын уулчдын баг Хойт Америк тивийн ноён оргил МакКинли /д.т.д 6194м/ оргилд орон нутгийн цагаар 2015 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 15:40 буюу Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 9:40 минутад төрийн далбаагаа мандууллаа. Багийн бүрэлдэхүүнд:
Б.Гангаамаа МУГТ, ОУХМ, багийн ахлагч, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Д.Батжаргал ОУХМ, Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбооны тэргүүн, Д.Эрдэнэтогтох ОУХМ нар багтжээ.
Энэ удаагийн авиралтын нэг онцлог нь манай улсын уулчдаас тус оргилд амжилттай гарсан анхны бие даасан багийн авиралт болсон юм. Мөн МУГТ,ОУХМ Б.Гангаамаа, ОУХМ Д.Эрдэнэтогтох нар нь МакКинли оргилд гарсан манай улсын анхны эмэгтэй уулчид боллоо. Өмнө нь МУГТ, ОУХМ Г.Өсөхбаяр тус оргилд анхлан гарсан.
Сонирхуулахад, МакКинли буюу Денали оргил нь дотоод, гадаадын уулчдын хүрээнд чансаа өндөртэйд тооцогддог бөгөөд уулын бэл дэх баазаас оргилд хүрэхийн тулд далайн түвшнээс дээш 5500 метр өндрийн цэвэр зөрүүг давж гардаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм байна.
Дашрамд дурьдахад, энэ жил Монголын Уулчдын Үндэсний Холбоо үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ