Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.05/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хүн амын орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, чанарыг сайжруулах, эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан тохилог орон сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд түүнээс хойш нийтдээ 67612 иргэнд 2957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож, 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж (ахмад дайчдын орон сууц) үзүүлээд байна.

“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн 1.8 хувийг, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа ба зээлийн чанар 97.7 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийнхээ эхэнд хэлсэн.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас нийгэм-эдийн засгийн бодлогын энэхүү дорвитой арга хэмжээ авч байгаагийн зэрэгцээ иргэдээ орон сууцжуулах талаар бодитой төсөл хэрэгжүүлж байна гээд хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатар хотод орон сууцжуулах хөтөлбөр нь гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулж барилгажуулах, газар шинээр зохион байгуулан газрын ашиглалтыг сайжруулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшлын бүс бий болгох, хуучин орон сууцны нөхцөлийг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас батлан гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, санхүүжилтийн оновчтой бүтцийг бий болгох шаардлагын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ШИНЭ ЯАРМАГ” төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны 117 тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-иар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэлээ хэмээсэн.

ТОСК-ийн үйл ажиллагааны хүрээнд 2014 онд Архангай /120 айл/, Увс /105 айл/, Сэлэнгэ аймгийн Мандал сум /126 айл/, Дархан-Уул /189 айл/, Ховд /120 айл/, Хэнтий /120 айл/ Бор-Өндөр сум /20 айл/, болон Тэмүүжин амины орон сууцны 60 айлын хорооллын дэд бүтэц, Буянт-Ухаа 1 хороолол /1764 айл/, Буянт-Ухаа 2 хорооллын нэгдүгээр хэсэг /2592 айл/-ийн нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Өнөөдрийн байдлаар Буянт-Ухаа 1 хороолол /1764 айл/ бүрэн ашиглалтанд орж зорилтот бүлэг /хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, залуу гэр бүл/-ийн 535 иргэн, төрийн албан хаагч /эмч, цагдаа, багш болон бусад/ 1114 албан хаагч хамрагдан орон сууцандаа оржээ. Орон нутагт хэрэгжүүлж буй төслөөс Архангай аймгийн 120 айлын орон сууц бүрэн ашиглалтанд орж зорилтот бүлгийн иргэд хамрагдахад бэлэн болжээ. Мөн 6 дугаар сард Дархан-Уул аймгийн 189 айл, 7 дугаар сард Увс аймгийн 105 айл, 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн 189 айл, 9 дүгээр сард Хэнтий болон Ховд аймгийн 120 айлын орон сууц тус тус ашиглалтанд орох юм байна.

2015 онд Буянт-Ухаа 2 хорооллын хоёрдугаар хэсэг /3900айл/, VII хорооллын Г хэсэг /4501 айл/, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Эко-Яармаг /1680 айл/, Говь-Алтай /130 айл/, Хөвсгөл /135 айл/, Орхон /315/, Багануур дүүрэгт /63 айл/ нийт 10709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлжээ.

Энэхүү ажлын хүрээнд VII хорооллын Г хэсэг /4501 айл/-ийн төслийн санхүүжилтийг БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 оны наймдугаар сард манай улсад хийсэн айлчлалын хүрээнд ТОСК болон БНХАУ-ын ЭКСИМ банктай Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн орон сууцны 7 дугаар хороололд хэрэгжүүлэх төсөлд зээл олгох тухай Зээлийн ерөнхий гэрээг байгуулж 7 дугаар сараас барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Мөн Эко-Яармаг /1680 айл/ төслийн санхүүжилтийг БНТУ-ын “EYG Групп” компани өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож “Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан байна.

Нийслэлийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаагаас гадна 8 байршлын 14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын хэмжээний цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулсан байна.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Үүний дараа “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулж эхэлсэн бөгөөд тэрхүү санал хураалтыг үргэлжлүүлэн дуусгаж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЯОУХАБ)-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай 36.8 тэрбум иений нэмэлт санхүүжилтийг ЯОУХАБ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодтой урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр Ерөнхий сайдын 2015 оны 93 дугаар захирамжийг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нэмэлт зээлийн хэлэлцээрийг байгуулсан хэмээн сайд Ц.Цолмон танилцууллаа. Тэрбээр, дээрх хэлэлцээрийн хүрээнд авах Нэмэлт зээл нь жилийн 0.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаанд эргэн төлөх бөгөөд үүнээс эхний 10 жил нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байгаа нь өмнөх зээлтэй харьцуулахад хугацааны хувьд ижил бөгөөд зээлийн хүү 0.2 хувиас 2 дахин багасаж зээлийн нөхцөл сайжирсан гэж хэлсэн юм.

Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2015 оны 06 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Н.Энхболд мөн гишүүдэд танилцуулсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, шинэ нисэх онгоцны буудал ирэх онд манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө ашиглалтад орох уу хэмээн лавласан. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, одоо УИХ-аар соёрхон батлах нэмэлт зээлийн хөрөнгөд хурдны зам барих хөрөнгө багтаж байгаа юу гээд үүнээс хойш дахин зээл авах шаардлага гарахгүй биз дээ гэж тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Шинэ нисэх онгоцны буудлын барилгын бүтээн байгуулалтыг 2016 оны 7 дугаар сарын сүүлийн 7 хоногт ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа аж. Одоо авч байгаа зээлийг шинэ нисэх онгоцны буудлыг барих ажиллагаанд зарцуулах бөгөөд дахин зээл авахгүй, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр бүх ажлыг гүйцэтгэх аж. Ажлын гүйцэтгэл 35 хувьтай буюу хугацаанаасаа нэг хувиар түрүүнд яваа гэлээ. Энэ удаад авах зээлийн хөрөнгөд хурдны зам барих ажил багтаагүй бөгөөд хурдны замын ажлыг БНХАУ-аас авах зээлийн эх үүсвэрээр барихаар төлөвлөөд байгаа гэж хариулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд энэхүү төслийг дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ