Гацууртын ордын тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай хууль санаачлагч танилцуулав.

Төсөл нийт 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3,361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчимтэрбум төгрөгний ногдол ашиг авна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1,300 ам.доллараар тооцож /долларын ханшийг 1,900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байгаа аж.

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн. Мөн Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байна.

Иймд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161.1-д заасны дагуу тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ